logo
Уул уурхайн салбарт Японы аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолтой байна

Уул уурхайн салбарт Японы аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолтой байна

2011/11/16
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзлаа. Монгол хэлээр эх хэл шигээ ярьдаг, манай улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллаж байгаад Шадар сайд талархав.
Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой тул энэ чиглэлд анхаарах нь чухлыг тэрээр тэмдэглэв.
Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Монгол Улсын талаас Шадар сайд М.Энхболд ахлан ажиллаж байгаад талархаж байгаагаа Элчин сайд Ш.Такэнори илэрхийллээ. 
Өнгөрсөн 3 дугаар сард Япон улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Монголын ард түмэн, төр, засаг дэмжлэг үзүүлж, Улсын Онцгой комиссын даргын хувиар өндөр хэмжээнд зохион байгуулсан Шадар сайдад тусгайлан талархаж байгаагаа тэрээр хэлэв.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л түвшинд Шадар сайд  ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Элчин сайд онцолж, хоёр улсын цаашдын хөгжилд ч хүчин зүтгэнэ гэдэгт итгэж байна гэлээ. 
Монгол улс уул уурхайн салбараа түшиглэн эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ ахуй амьдралыг өөд нь татахыг зорьж байгаа энэ үед Японы аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. 
Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон шинэ цаг үед худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтойг Шадар сайд М.Энхболд тэмдэглээд Шимизү Такэнориг Элчин сайдаар ажиллах хугацаанд энэ хэлэлцээрийг байгуулна гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори 1977 оноос хойш хоёр улсын дипломат харилцааны шугамаар 4 дэхь удаагаа Монгол Улсад хариуцлагатай албаа хүлээн авч байгаа хүн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш