logo
Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

2011/11/16
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол банкны 2010 оны алдагдлыг нөхөх, хаах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Буд танилцуулсан бөгөөд байнгын хорооны гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж тэргүүтэй албаны хүмүүс хариулж, товч мэдээлэл өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хэлснээр 145 тэрбум төгрөгийн алдагдал нь Монгол Улсын хөгжилтэй холбоотой бодлогын зардал аж. Монголбанк өөрөө алдагдлаа даах санал оруулж байгаа болохоор заавал төсөвт дарамт өгөх хэрэггүй гэсэн саналыг зарим гишүүн гаргасан юм. Монголбанкнаас  энэ жилдээ асуудлыг орхиж,  ашигтай ажиллах жилээсээ буюу 2014 онд алдагдлаа нөхөх гэсэн  хувилбар оруулж ирсэн байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нар асуудалд шүүмжлэлтэй хандсан юм. Тэд Монголбанк мэдрэмж муутай, удаан ажиллаж байна. Гадаад валютын нөөц нь 2,5 тэрбум ам.доллар. Гэтэл үүнийгээ гадаадад нэгхэн хувийн хүүтэй байрлуулж, гаднын арилжааны банкны эрх ашигт нийцүүлэн байрлуулж байгаа нь ямар ч менежментгүй нь шинж юм гэж шүүмжлэв.  Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, энэ бол мөнгөний нөөц биш харин монголын эдийн засагт эргэлдэж байгаа төгрөгийн баталгаа юм.  УИХ-аас баталсан Төв банкны тухай хуулийн дагуу бүх асуудлыг зохицуулж байна. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас өмнө гадаад валютын нөөцөө гаднын арилжааны банкуудад байрлуулж байсан бол өнөөдөр гадаадын төв банкуудад эрсдэлгүйгээр боломжийн хүүтэй байрлуулж байна гэлээ. Мэдээллийн үеэр ирэх оны төсөв, мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдах, ирэх онд инфляцийг хэдэн оронтой тоонд барих зэрэг асуудлыг хөндсөн юм. Л.Пүрэвдорж дарга, хэрвээ ирэх оны төсвийн төслийг энэ чигээр баталбал инфляцийн түвшин ирэх оны эхээр 17, жилийн эцсээр нь 19 хувьд хүрч хэлбэлзэх тооцоо гарч байна гээд төсвөө ядаж нэг их наядаар танах хүсэлтээ чадлын хэрээр хэлж байгаагаа тайлбарлав.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш