logo
Төрийн албыг нийтийн алба гэвэл ажиллаж байгаа хүмүүс нь нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгээ шууд ойлгох гэнэ

Төрийн албыг нийтийн алба гэвэл ажиллаж байгаа хүмүүс нь нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгээ шууд ойлгох гэнэ

2011/11/18
Улсын их хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ.
Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж зарим нэр томъёо болон ойлголтын талаар тодруулга хийв. Тухайлбал:
Хууль санаачлагчдаас С.Бямбацогт гишүүн “Төрийн алба” гэсэн нэр томъёог “Нийтийн” гэсэн нэрээр солих гээд байгаагийн учрыг асуухад Х.Тэмүүжин гишүүн, Бид төрийн алба гэж нэрлээд сурчихсан. Энэ бол социализмын үеийн нэр томъёо. Төрийн алба гэдгийг хүнд, иргэнд үйлчилдэг гэхээс илүү иргэнийг айлгадаг, ичээдэг, хянадаг гэж ойлгодог байсан. Төрийн алба гэдэг нэр томъёог яагаад нийтийн алба болгоё гээд байгаа юм гэхээр төрийн энэ эрх мэдэл бол нийтийн ашиг сонирхол, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Энэ эрх мэдэл нийтийн сонирхлыг байнга илэрхийлдэг. Төрийн алба бол төрийн сонирхол гэдэг юм уу хувь хүмүүс, олон нийтээс тусдаа өөр сонирхлыг тээж байдаг хүмүүс биш. Тиймээс төрийн албыг нийтийн алба гэвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгийг шууд ойлгоно. Бусад оронд төрийн алба гэдгийг паблик, сивил сервис гэдэг нэр томъёогоор ойлгодог. Бидний санаачилсан хуулийн төсөл бол нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж байгаа. Нийтийн сонирхол гэдэг нийтэд шударга, алагчлалгүй, үр дүнтэй үйлчилнэ гэсэн үг. Түүнээс биш төрд үйлчлэх тухай ярихгүй байгаа. Ийм ялгаа байгаа тул төрийн албыг сууриар нь өөрчлөх тухай ярьж байгаа юм гэлээ.
Түүнчлэн байнгын хорооноос анхны хэлэлцүүлэгт санал хураалгахаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулсаныг хэлэлцэн шийдэх явцад төслийн “нийтийн алба гэснийг “төрийн алба” гэж тухай бүрд нь өөрчлөх саналыг гишүүд дэмжээгүй бөгөөд энэ асуудлыг уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн эсэргүүцэж гишүүдэд тайлбар хийсэн юм. Тэрээр, Монгол төрийн алба бол мөн чанар нь нийтийн алба юм шүү. Энэ нэр томъёог сольвол бусад хууль тогтоомжтой нийцэхгүй асуудал бий болно. Ингэвэл энэ хууль цаашид батлагдах боломжгүй болох талтай хэмээн хэлж байв.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийн олонхийн саналаар төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байгааг мэдэгдээд эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирэхдээ агуулгын талаас нь, нэр томъёоны талаас нь сайн нягталж оруулж ирэхийг хууль санаачлагч болон ажлын хэсэгт анхаарууллаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш