logo
Монгол Улс 140 гаруй улстай арваад тэрбум ам.долларын худалдаа хийж байна

Монгол Улс 140 гаруй улстай арваад тэрбум ам.долларын худалдаа хийж байна

2011/11/18
Ардын хувьсгал ялсан 1921 онд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн хамаг хэргийн яамны дэргэд байгуулснаар Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүссэн гэж үздэг. Эдүгээ энэ салбар 90 жилийнхээ босгон дээр иржээ. Уг ойд  зориулсан худалдаа эрхлэгчдийн улсын дөрөвдүгээр зөвлөлгөөн Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон, нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр энэ салбарын баярыг тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноо, хэтийн төлөвийг нь хэлэлцэж байна. Монгол улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирсэн энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлье. 1990-ээд оны эхэн үед дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг байсан  Монгол Улс өнөөдөр 20-иод жилийн дараа дэлхийн 140 гаруй улстай арваад тэрбум ам.долларын худалдаа хийдэг боллоо.
2003 онд 3878 аж ахуйн нэгж, 9352 хүн гадаад худалдаанд оролцож байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6729 аж ахуйн нэгж, 9770 хүн болж өсчээ. Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхийн ертөнцийг өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье” гэлээ. 
Сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг 280 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгожээ. Үүний 8 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг худалдаа, үйлчилгээний салбарт өгчээ.
Худалдаа эрхлэгчид маань түүхэн 90 жилийн хугацаандаа гурван удаа ийм томоохон зөвлөлгөөнийг хийсэн бөгөөд, энэ удаагийнх нь 30 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм байна. Тус Худалдаа эрхлэгчдийн дөрөвдүгээр зөвлөлгөөнд аймаг, нийслэл, Улаанбаатар хотоос 800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, салбарынхаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтынхоо талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш