logo
Онцгой албан татварыг хэнд оногдуулах вэ?

Онцгой албан татварыг хэнд оногдуулах вэ?

2011/11/18
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшилсон юм. Учир нь УИХ дахь хоёр намын бүлгүүдийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга хэлж байв.
Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон ч эхлээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцье хэмээн Төсвийн байнгын хорооны дарга мэдэгдсэн. Энэ үеэр асуулттай гишүүд байгаагүй тул зарчмын зөрүүтэй санал байгаа эсэхийг хуралдаан даргалагч асуусан. Сангийн сайд С.Баярцогт үүнд тайлбар хийж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбоо бүхий нэг заалт байгаа гэдгийг хэлсэн.
Тэрбээр, арилжааны банкны талаарх тэрхүү асуудалд Монголбанкнаас саналыг авсны дараа дахин ярилцахаар болсон гэдгийг хэлж, хэлэлцэх асуудлын хувьд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг л яриад явъя гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Сайхан­самбуу, Д.Загджав нар нэлээн идэвхтэй оролцсон. Ш.Сайхансамбуу гишүүн хэлэхдээ, өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байх үеэр мөн л Онцгой албан татварын тухай хуулиар Ажлын хэсэг гаргаад түүнд нь бид орж ажилласан.
Долоо хоног нэлээд чармайж ажиллаад байтал нөгөө асуудал маань талаар болж, Засгийн газар хуулиа татаад авсан. Гэтэл энэ жил уг асуудал дахин орж ирэхдээ зөвхөн том оврын, тансаг хэрэглээ гэгддэг машин дээр л татвар нь ороод ирлээ. Бусад нь чухам яав аа. Жижиг тэрэгний асуудал хамт ороод, хамт хэлэлцээд байж болоогүй юмуу гэлээ.
Тэрбээр, монголчууд шинэ бас бензин бага иддэг машин унамаар байна. Сонин хэвлэлд ард иргэд жийп унахаа байлаа гэж бичсэн сурагтай, тэрийг чинь цөөхөн хүмүүс л унадаг биз дээ. Харин иргэдийн олонхийн хэрэгцээний унаа болох жижиг тэргийг яагаад шинэ байх, үнэ хямд байх талаас нь дэмжиж болохгүй гэж. Солонгосоос орж ирдэг буруу талдаа жолоотой, энэ олон хуучин, насжилт ихтэй машинуудыг болимоор байна гэж ярилаа. УИХ-ын гишүүн Д.Загджав, хуучин машинууд утаа хаяж хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг дурдаад, жийпний татварыг харин ч бага нэмсэн байна гэсэн юм.
Тэрбээр, бага цилиндр бүхий машиныг татвараас чөлөөлөх юм бол иргэд тэрийг л унаад явна гэдгийг хэлж, дандаа горим журамд хүлэгдээд үндсэн эрх ашиг нь нэн тэргүүнд яваа асуудлаа заримдаа ингэж орхигдуулаад байдгаа боливол яасан юм гэж байсан. Ингээд Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуралдаан өндөрлөв.
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш