logo
Шалгагдаж байсан цагдаагийн ажилтан оргожээ

Шалгагдаж байсан цагдаагийн ажилтан оргожээ

2011/11/18
ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байсан П гэх цагдаагийн ажилтан эмэгтэй хил даван зугтжээ. Түүнд холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байсан ч сэжигтнийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлээр ТЕГ-т харьяалал тогтоон шилжүүлээд байсан аж. Тэрбээр цагдаагийн дэд ахлагч цолтой бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хамт олныхоо эд зүйлсийг хулгайлах болон бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж, багагүй хохирол учруулсан юм байна. Түүнийг байцаах явцад таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, хил нэвтрэхийг хориглосон тогтоолоо Хил хамгаалах байгууллагад хүргүүлж амжаагүй байсан тул сэжигтэн оргосон аж. Сэжигтэнг 2008-2009 оны үед дээрх хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд энэ хугацаанд өөрийн болон О.Саруул гэх хуурамч нэрээр удаа дараа улсын хил нэвтэрчээ. Тиймээс тус албаны ажилтнуудын хайхрамжгүй үйлдлийг анхааралдаа авч, цаашид ийм явдал гаргахгүй байх тухай мэдэгдлийг Нийслэлийн прокурорын газраас Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад хүргүүлээд байгаа аж.

М.Болд
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш