logo
УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

2020/06/30

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн өнөөдрийн (2020.06.30) үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг сонгосон бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан хуралдааныг даргалсан юм.

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг нэрийг дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав.

УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол УИХ-ын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно” гэж заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. 

Ингээд УИХ-ын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Гомбoжавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцохоор шийдвэрлэв.

Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Х.Баделхан хоёр дахиа сонгогдож буй УИХ-ын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, УИХ-ын тамгыг гардуулж өглөө.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцон, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард иргэдэд гүн талархал илэрхийлэв. Энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж ойлгож буйгаа УИХ-ын дарга онцлов.

Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан маргаашийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, эгнээнд нь нэгдэж, хүчээ нэгтгэж хошуучлан манлайлж зүтгэх ёстой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ Монголын сайн сайхны төлөөх энэ зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй” гээд Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө зүтгэх эрхэм үүрэг УИХ-ын гишүүдэд ногдож байгааг санууллаа.

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлоод дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажиллана гэдгийг хэлсэн юм.

Тухайлбал, хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлж эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах, цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах шаардлагатай гэв. Түүнчлэн төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээрх олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.

Үүгээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш