Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Цэдэвсүрэн боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж ажиллах урт, дунд хугацааны бодлого, зарчмаа танилцууллаа.
Тухайлбал, боловсролын чанарыг илүү сайжруулахад онцгой анхаарч, чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, боловсролын зээлийн санг боловсролын хөгжлийн сан болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцлыг арилгах, чиглэл, үр дүнг сайжруулж, дэмжих талаар анхаарч ажиллана гэлээ.
Дараа нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны товч танилцуулга, тулгамдсан асуудал, өөрчлөн сайжруулах ажлын саналуудыг сонсож, зарим зүйлд тодруулга авч, үүрэг чиглэл өгсөн юм.
Уулзалтад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, удирдлагууд оролцов.