“Сонгуулийн Менежментийн Төв”, мэдээллийн тэргүүлэгч портал Zindaa.mn сайттай хамтран орон даяар зохион байгуулсан шинэ үеийн “Шилдэг залуу 50 улс төрч”, “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”-ийг нэрлэх “ТОП-50” шалгаруулалт дүнгээ гаргаад байгаа билээ. Тэнгэрлэг Монголчуудын буурал түүхийн хуудсанд үеийн үед улс орны алтан жолоог атгалцаж, төр түшилцэж явсан эмэгтэйчүүдийн үүрэг, нөлөөг чухалчилж тэмдэглэсээр ирсэн. Түүн лүгээ адил ажил үйлсийг нь алдаршуулан шилдэг эмэгтэй 50 улс төрчийг олон нийтийн санал асуулгаар нэрлэж байгаа юм. Монголын шилдэг 50 эмэгтэй улс төрч бүсгүй болон шилдгийн шилдгээр шалгарч тус санал асуулгын “Гранпри” шагналыг хүртсэн улс төрч бүсгүйчүүд 11-р сарын 17 –ны орой “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд шагналаа гардан авлаа.
Уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монгол төрийн их хан хуурч, соёлын гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж морин хуурын татлагаар эхлүүллээ. Сонгуулийн менежментийн төвийн тэргүүн Т.Оргил: “Сонгуулийн менежментийн төв хоёр дахь удаагаа шилдэг улс төрчдийг ард түмний санал асуулгаар шалгаруулж байгаадаа баяртай байна. Шилдэг залуу 50 улс төрч, Шилдэг эмэгтэй 50 улс төрчийг нэрлэх “ТОП -50” шалгаруулалтыг 2011 оны 10-р сарын 19-нөөс 2011 оны 11-р сарын 11-ний өдрүүдэд 33 хоногийн турш орон даяар зохион байгууллаа. Санал асуулга үндсэн хоёр үе шаттай явагдсан. 2011 оны 11-р сарын 07-ныг хүртэл явагдсан эхний шатанд нийт 204 эмэгтэй улс төрчдийн нэр дэвшиж, өрсөлдөв. Тэд өрсөлдөөн дундаас саналын тоогоор хамгийн өндөр зуун улс төрч төгсгөлийн шатанд үлдсэн . Тэднээс ТОП -50 эмэгтэй улс төрч шалгарсан юм. Олон нийтийн санал асуулга нь нэгдүгээрт, songuuli.zindaa.mn хаягаар интернэтээр санал өгөх, хоёрдугаарт, songuuli.zindaa.mn сайтанд бичигдсэн нэр дэвшигчийн ID дугаарыг 155-000 дугаарт мессежээр илгээх гэсэн хоёр хэлбэрээр явагдлаа.
Нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр байгаа эх орныхоо төлөө чинхүү сэтгэлээр, шударга зүтгэлээр хөдөлмөрлөх эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрийн амьдралд илүү оролцуулахад энэхүү шалгаруулалт нь ихээхэн нөлөөтэй. Мөн улс орны цаашдын хөгжилд томоохон эерэг нөлөөллийг авч ирэх тул эмэгтэй улс төрчдийн карьерыг өсгөх, олон нийтэд үр дүнтэйгээр сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, шилдгээр шалгарч энэхүү танхимд хуран цугласан бүсгүйчүүдийнхээ цаашдын улс төрийн карьерт өндөр амжилт хүсье” гэж албан ёсоор уг арга хэмжээг нээлээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Ардын жүжигчин,төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д. Лувсаншарав, Сонгуулийн менежментийн төвийн тэргүүн Т.Оргил, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун, Zindaa.mn сайтын Удирдах зөвлөлийн дарга, m-Cast ХХК-ийн ерөнхий захирал Ц.Чулуунзагд нар шилдэг улс төрч бүсгүйчүүдэд шагналыг нь гардууллаа. Шагнал гардуулах үеэр нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай бүсгүйчүүддээ баяр хүргээд: Одоогоос хорин жилийн өмнө 1990 оны үед Монголчууд бүгд ганзагын наймаа эрхэлдэг байсан. Эрээн, Замын-Үүд, Наушки, Москва гээд наймааныхаа гарааг эхэлж байсан энэ л цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүнд хэцүү цаг үед эмэгтэйчүүд бүхий л хүнд ачааг нуруундаа үүрсээр өдийг хүрлээ. Эмэгтэй хүн гэдэг хайр халамж, энэрэнгүй сэтгэлээр дүүрэн байдаг. Монголын төрд шударгаар зүтгэхэд бүсгүй хүний хатан ухаан, энэрэнгүй зөөлөн сэтгэл, хайр халамж гол үзүүлэлт болох юм. Одоогоос хорин жилийн өмнө Монголын төрд эмэгтэйчүүдийн үүрэг роль бага байсан.
Энэ танхимд шилдэг 50 эмэгтэй олон эмэгтэйчүүдээс шалгараад цугласан байна. Болдогсон бол таван мянган эмэгтэйн оюун ухаан, хүч бололцоог улс төрд чиглүүлмээр байна. Өнөөдөр Монголд эмэгтэйчүүд л ихэнх нь ажил хийж, ачааны хүндийг нуруун дээрээ үүрч байна. Иймд бүсгүй хүний хатан ухаан энэ төрд зайлшгүй хэрэгтэй болжээ” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ. Тус арга хэмжээний хүндтэй зочдын нэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун: “Бүсгүй хүн гэдэг өрх гэр, улс орны гэрэл гэгээ юм. Эмэгтэй хүнийг урт үстэй, ухаан богино гэдэг. Харин би эмэгтэй хүн урт үстэй, холч ухаантай хүмүүс гэж бодож явдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын хувьд ч, эр хүний хувьд ч эмэгтэйчүүдийнхээ төлөө чадах бүхнээ зориулж ажиллах болно” гэж хэллээ. Хамгийн олон санал авч шилдэг 50-ийг тэргүүлсэн УИ Х-ын гишүүн Д.Арвин ийнхүү ярилаа : “Эмэгтэйчүүд өөрийгөө сайтар бэлдээд, маш өндөр зохион байгуулалт, хичээл зүтгэлийн дүнд УИХ-д, шийдвэр гаргах түвшинд орж ирж болдог шүү. Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байна.
Дараагийн парламентад эмэгтэйчүүд 20-30 хувь нь баймаар байна. Энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн анхааралд хүрсэн, олон нийтэд бүсгүйчүүдийг таниулсан арга хэмжээ болж байгаад талархаж байна” хэмээлээ. “Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч”, сэтгүүлч Г.Уянга урд өдөр нь шүүхийн танхимаас ял сонсож дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй болчихлоо гэж байсан бол маргааш нь ард түмний санал асуулгаар Монголын “шилдэг 50 эмэгтэй улс төрч”-ийн нэгээр шалгараад батламжаа гардаж авсан юм . Тэрбээр танхимд хүрэлцэн ирсэн бүхий л хүмүүстэй гар барин мэндчилж баяр хүргэсэн урмын сайхан үгийг харамгүй сонсож байсан юм. Шударга үнэний төлөө цөхөршгүй зүтгэгч, сэтгүүлч Г.Уянгыг цөөнгүй хүмүүс “Амьдрал үнэхээр баян. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам юм даа” гэцгээж байлаа. Энэ дашрамд ард түмэнд үнэлүүлж , хүндлүүлж шилдэг улстөрч эмэгтэйгээр шалгарсан явдалд “Үндэсний мэдээ ” сонин , нийт сэтгүүлч нөхдөөс нь Г.Уянгадаа баяр хүргэв . Битгий мартаарай . Бид чамтай хамт шүү . Сэтгүүлчдийн үзгийг мөхөөдөг нь , зоригийг сөхрүүлдэг нь хэн нэгэн авлигач сайд биш шүү гэж хэлье . Чамд илүү их амжилт хүсье . Сэтгүүлч Г.Уянга тайзнаа гараад” Урьд нь ийм арга хэмжээ, тухайлбал Монголын нийгэмд зөвхөн бүсгүйчүүдээс шилдэг улс төрч эмэгтэйг шалгаруулж байсныг би сайн санахгүй байна.
Гэхдээ энэ арга хэмжээг зүгээр нэг зохион байгуулаагүй болов уу. Иргэний байгууллагуудын, эмэгтэйчүүдийн дуу хоолойг Монголын төр гарцаагүй сонсох цаг үе нь иржээ. Лувсаншарав гуай, Арвин гишүүн нарын хэлснээр өнөөдөр Монголын улс төрд, УИХ-д эмэгтэйчүүдийн ур ухаан, энэрэл хайр дутаад байна. Эрчүүд маань Тавантолгой, Оюутолгой зэрэгт бүхий л анхаарлаа хандуулаад том том юм ярьцгааж байх хойгуур ард түмний хүүхдүүд сайран хацартай, гэдэс нь өлсөж байна. Ээжийн элбэрэл хайр, эмэгтэй хүний энэрэлт сэтгэл энэ төрд дутаад байна. Эмэгтэйчүүд ээ УИ Х-ын 76 суудлын төлөө урагшаа” гэж үзэл бодлоо илэрхийлсэн юм. Шагнал гардуулах арга хэмжээнд “Шуранхай” хамтлагийн дуучин Номин-Эрдэнэ “Үлэмжийн чанар” дуугаараа ая дуу өргөснөөс гадна “U-pera” хамтлаг “Би монгол хүн”, “Чи минь” зэрэг дуугаараа шилдэг улс төрч бүсгүйчүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уг арга хэмжээг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С. Амармандах “Би монгол хүн” дуугаараа өндөрлүүлэв. Тэрээр дуулж дууссаныхаа дараа “Өвөөтэй минь хамт ажиллаж байсан Лувсаншарав гуайдаа би үнсүүлэх ёстой” гээд хүндэтгэлтэйгээр очин үнсүүлсэн нь тэнд байсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөсөн онцгой агшны нэг байлаа. Ийнхүү улс орон даяар явагдсан Монголын шилдэг 50 эмэгтэй улс төрчид шагналыг гардуулах үйл ажиллагаа урам дэм ундруулан утга төгөлдөр болж өндөрлөлөө.
Д.Гангаа