"Өндөр буянт" компани барилгын ажлыг нь гүйцэтгэсэн "Тусгаар тогтнолын ордон" энэ сарын 26 буюу Улс тунхагласны баяраар нээлтээ хийхээр болжээ. Улсын комисст энэ сарын 21-нд хүлээлгэж өгөх юм байна. Удахгүй нээлтээ хийх Тусгаар тогтнолын ордон 14,6 тэрбум төгрөгөөр боссон байна. Нийслэлийн төв хэсэгт өнгө нэмж буй ордон маань урдах талбайдаа усан оргилууртай, мөн барилгын доод хонгилд 92 машины багтаамжтай зогсоол ашиглалтанд орох гэнэ. Зогсоол руу барилгын баруун, зүүн талаас доош уруудан орох бөгөөд гаднах талбайд ч машинаа тавьж болохоор аж. МАН шинэ барилгынхаа баруун жигүүрийн таваас есөн давхарт ажлаа явуулах бол бусад бүх өрөө, талбайг түрээслэх гэнэ. Нийслэлд одоогоор долоон салбартай "Оргил" худалдааны төвийн салбар супермаркет тус байрны хүлэмжийн 1000 м/кв талбайд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. "Оргил"-ын салбар "Тусгаар тогтнолын ордон"-д 12 дугаар сарын сүүлээр нээгдэх юм байна. Тэнд хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мах худалдаалах гэнэ. Тус худалдааны төвийн ажилчид "Зах зээлийн судалгаан дээр үндэслэн намын байранд салбараа нээхээр болсон. Ингэснээр хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй үйлчилж чадна. Хотын төвд ажилтай хүмүүс ажлаа таруутаа хүнсээ аваад харьж болно. Түүнээс биш МАН-тай ямар нэгэн холбоо байхгүй" гэж ярьж байна. Намын шинэ байранд хүнсний дэлгүүр ажиллуулах болсноо МАН-ын ажилтнууд "Барилга барихад зарцуулсан хөрөнгөө түрээсийн мөнгөөр нөхөх зорилготой" гэж тайлбарласан юм. МАН шатсан байшингаа босгоход төрөөс 11 тэрбум төгрөгийн нөхөн олговор авч, үлдсэн санхүүжилтийг намын гишүүд дэмжигчдээс гаргажээ.
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин