Өнгөрөгч баасан гарагт буюу 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монголын улс төрийн амьдралд нэгэн содон арга хэмжээ зохиогдож өнгөрсөн нь Сонгуулийн менежментийн төвөөс мэдээллийн портал Zindaa.mn сайттай хамтран зохион байгуулсан “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтад олон нийтийн санал дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж шилдэг залуу улстөрчөөр шалгарсан залуус шагналаа гардан авсан явдал байв. Чингис зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд байв.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын гишүүн, 2008 онд зохиогдсон анхны ТОП-50 “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтын Гран При шагналт С.Баярцогт, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч асан, ШУА-ийн хүндэт гишүүн, академич Б.Чадраа, Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан, Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөө 2007 оны олон улсын шагналт, Үндэсний “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар хүндэт зочноор уригдан оролцлоо. Монгол төрийн алтан жолоог ирээдүйд атгалцах, өнөө ч төр түшилцэж яваа шилдэг залуу улстөрчид цугласан.
“Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтад оролцогсод нь бүгд 1970 оноос хойш төрсөн залуус
Сонгуулийн менежментийн төв нь “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд анхных нь 2008 оны 3-р сард болж байсан юм. Анхны Топ-50 шалгаруулалтад тэргүүн байр эзэлж Гран при шагнал хүртсэн С.Баярцогт, Лу.Гантөмөр зэрэг цөөнгүй тооны залуу улстөрч 2008 оны сонгуульд амжилттай оролцон УИХ -д сонгогдож олон тооны залуус төрд өндөр албан тушаал хашиж байгаагаас харахад тус шалгаруулалт олон нийтийн анхаарлын төвд байж, тэдний санаа бодлыг үнэн бодитой, өргөн хүрээтэй тусгаж чаддаг нь ажиглагдаж байна. “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтын комисс энэ жилийн хувьд 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 11-ний хооронд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн интернэт санал асуулга, мессежний саналд үндэслэн дүнгээ гаргасан бөгөөд нийт нэр дэвшсэн 168 залуу улстөрчдөөс эхний шатанд өндөр санал авсан 100 улстөрч, удаах шатанд хамгийн олон санал авсан 50 залуу улстөрч шалгарснаас гадна үнэмлэхүй олонхын санал авч чадсан шилдгийн шилдэг 5 залуу улстөрч Гран При шагнал хүртсэн юм.
Тодруулбал, УИХ -ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ -ын гишүүн Л.Гантөмөр, “Эрдэнэс Таван Толгой” ХК -ийн ТУЗ -ийн гишүүн Ж.Батзандан, УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ -ын гишүүн С.Бямбацогт нар хамгийн олон саналаар тэргүүлж тус тус Гран При шагналын эзэд болжээ. Харин ТО П-50 залуу улстөрчдийг Нийслэлийн МАН -ын хорооны дарга, Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Сангийн дэд сайд, МОХ -ны тэргүүн Ч.Ганхуяг, ЗГ -ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд, УИХ -ын гишүүн Д.Зоригт, Төв аймгийн АН -ын дарга Д.Доржпүрэв, МАН -ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МҮОНРТ -ийн захирал М.Наранбаатар нар тэргүүлсэн байна. “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтад оролцогсод нь бүгд 1970 оноос хойш төрсөн залуус ажээ. Эх орны үсрэнгүй хөгжлийн гараанд эрч хүчтэй, эрдэм боловсролтой, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах шинэ үеийн залуу улстөрчдийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа. Цаг үеэ олсон энэ шалгаруулалтад салбар, салбартаа тэргүүлэгч, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог, олон нийтэд танигдан, хүлээн зөвшөөрөгдсөн залуус шалгарсан байгааг шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид онцолж байв. С онгуулийн менежментийн төвийн тэргүүн Т.Оргил хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ шалгаруулалт олны анхаарлын төвд байж, далайцтай, өргөн хүрээтэй явагдсаныг онцлоод Монгол төрийн алтан жолоог атгалцаж, Монголын ирээдүйг жолоодож явах манлайлагч залуу улстөрчдөд ажлын өндөр амжилт хүслээ.
Энэ жилийн ТО П-50 шалгаруулалт нь “Шилдэг залуу 50 улстөрч”-ийн зэрэгцээ “Шилдэг эмэгтэй 50 улстөрч” шалгаруулалтыг нэгэн зэрэг явуулснаараа онцлог байгаа аж. Шилдэг эмэгтэй улстөрчдөд шагнал гардуулах ёслол 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн Чингис зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон юм.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт: Монголын улс төрд залуу чуудын цоо шинэ эрин үе эхэлж байгааг харж байна
Сонгууль бүрийн өмнө олон үзүүлэлтээр тэргүүний улстөрчдийг шалгаруулдаг. Сонгуулийн менежментийн төв, Zindaa.mn сайт уламжлал ёсоороо “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Аливаа шагналын нэр хүнд байнга, тогтмол зохион байгуулж, шалгуур үзүүлэлтүүдээ чанд баримталж ирснээрээ тодорхойлогддог. Энэ удаагийн шалгаруулалтыг харахад Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, нам, олон нийтийн байгууллагуудад Монгол улсаа төлөөлж ажиллаж байгаа олон залуучууд шалгарсан байна. Тухайлбал, эхний тав дотор УИХ -ын дөрвөн залуу гишүүн, мөн манай намын Ж.Батзандан маань шалгарсан байна. 2008 оны гуравдугаар сард анхны шалгаруулалт зохион байгуулагдаж байсан. Тэр үед УИХ -ын гишүүн Лу.Гантөмөр маань миний нэгэн адил эхний тавд шалгарч гуравдугаарт байранд орж байсан бол энэ жил хоёрдугаарт байрт оржээ. Үнэхээр шалгаруулалтын шалгуур үзүүлэлт сайн байна гэдгийг эндээс харж болно. Дээр нь энэ удаагийн шалгаруулалт олон намын төлөөллийг харуулж чадсан, үнэн бодитой, шударга санал асуулга болж чадсан гэдэгтэй би санал нэг байна. Эдгээр залуус мэдээж Монгол улсын төрийг барилцах, цаашлаад Аймаг, Нийслэлийн Иргэдийн хуралд сонгогдож орон нутгийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах манай шинэ үеийнхний төлөөлөл болжээ. Цоо шинэ улстөрчдийн үе эхэлж байгааг харж байна. Монгол улсын хөгжлийн торгон эгшинд улстөрийн бодлого тодорхойлох үүрэг хүлээж байгаа гэдэг утгаараа энэ үеийнхэн нэг талаас их азтай хүмүүс. Нөгөө талаас, Монгол улс маш богино хугацаанд өндөр хөгжилтэй улс орон болох нь эдгээр залуусын ухаан бодол, чин сэтгэлийн хөдөлмөр, эх оронч сэтгэлгээнээс шалтгаална. Тиймээс өндөр хариуцлага ногдож байгаа. Шилдэг залуу улстөрчдөөр шалгарсан залуусынхаа улстөрийн амьдралд өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУА-ийн хүндэт гишүүн Б.Чадраа: Монгол үндэстэн сэтгэх чадвар өндөр, халуун эх орон ч хүмүүстэй байх тохиолдолд тусгаар тогтнолоо үеийн үед авч явж чадна
Монголд төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед шилдэг залуу улстөрчөөр шалгарч байгаагаараа энэ 50 залуус бэлэг дэмбэрэлтэй байна. Ийм эртний улсыг хойшид, цаашид авч явна гэдэг нэн хариуцлагатай, нэн хатуу үүрэг гэдгийг бодож явахыг ахмад хүний хувьд хэлье гэж бодож байна. Монгол үндэстэн сэтгэх чадвар өндөр, юм бүтээх чадавхи их байж, халуун эх оронч хүмүүстэй байх тохиолдолд тусгаар тогтнолоо үеийн үед авч явж чадна. Үүнийг хэрэгжүүлэх гол арга, хүч нь шинжлэх ухаан, мэдлэг боловсрол, технологи, инноваци гэдгийг алхах бүртээ санаж явахыг захья.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Ирж байгаа цагийг залуу үеийнхэн нь авчирдаг
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтад хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонхын саналаар Гран При шагнал хүртсэн юм. Түүнтэй шагнал гардуулах ёслолын үеэр уулзаж ярилцлаа.
-Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Авсан саналаараа хамгийн олон саналыг Х.Тэмүүжин гишүүн авсан байна билээ. Дараа нь би авсан байна. Миний хувьд Гран При шагналыг 2008 онд анх авч байсан юм. 2012 оны сонгуулийн босгон дээр дахиад авч байна. Хоёр удаа энэ хүндтэй шалгаруулалтанд Гран При шагнал авч байгаадаа баяртай байна. Намайг дэмжиж саналаа өгсөн найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Та ирэх оны сонгуулийг яаж харж байгаа вэ?
-Өнөөдөр С.Баярцогт сайд 1970-аад оны шинэ төлөөллийг харж байна гэж хэлсэн. Тэгэхээр манай далан оныхон олноороо ялалт байгуулаасай л гэж хүсч байна.
-Улстөрд залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр таны үзэл бодол?
-Хуучин цагийн дадал заншил, ёс суртахууныг дундаас дээш үеийнхэн хадгалж явдаг. Ирж байгаа цагийг залуу үеийнхэн нь авчирдаг шүү дээ. Тэгэхээр ирж байгаа цагийг авчирч байгаа энэ залуучууд сонгуульдаа амжилттай оролцож зорьсондоо хүрээсэй гэж үеийнхэндээ хүсье. Дээр нь, энэ 50 залуу шилдэг улстөрчдийн жагсаалт, шалгарч байгаа хүмүүсийг хараад одоо батлагдах Сонгуулийн тухай хуульд Жендерийн асуудлыг заавал оруулж өгмөөр юм байна гэдэг сэтгэгдэл төрж байна. 50 залуу улстөрч дотор хоёр залуу эмэгтэй харагдлаа. Тэдэнд баяр хүргэмээр байна. Дөрвөн жилийн өмнө үүнээс арай олон эмэгтэйчүүд байсан санагдана. Дараагийн шалгаруулалтад илүү олон бүсгүйчүүд залуу, шинэ үеийн улстөрчдийн эгнээнд түрэн орж ирээсэй гэж хүсч байна. Тийм ч учраас Д.Мөнхөө эгч маань энэ шалгаруулалтыг дэмжиж оролцож байгаа байх. Энэ ажил цаашдаа уламжлал болж, үе үеийн шилдэг залуус нэг дор цуглардаг байгаасай, хар залуугаасаа төлөөлөгчөө явуулсан зарим хүмүүс анхаарна биз дээ. Цаашдаа, эдгээр залуустай хамт шинэ үеийн төлөөлөл болж сайхан ажиллана гэдгээ хэлмээр байна. Найзууддаа амжилт хүсье.
Монгол төрийн Эрхэм түшээгээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл , Үндэсний “Гал голомт ” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар өргөмжлөгдлөө
Сонгуулийн менежментийн төвөөс “Шилдэг эмэгтэй 50 улстөрч”, “Шилдэг залуу 50 улстөрч”-ийг шалгаруулахын зэрэгцээ Монголын нийгэм, улс төрийн амьдралд он удаан жил, чин шударгаар, үр бүтээлтэй ажиллаж, залууч хойч үедээ үлгэр дууриалал болох бахдам замналыг туулсан эрэгтэй, эмэгтэй улстөрчдийг “Монгол Төрийн Эрхэм Түшээ”-гээр өргөмжилж байх шийдвэр гаргасан ажээ. Энэ жилийн ТО П-50 шалгаруулалтын үеэр энэхүү хүндтэй өргөмжлөл, шагналыг зохион байгуулагчдын зүгээс хоёр хүнд гардуулсан нь УИХ -ын дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан, Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөө 2007 оны олон улсын шагналт, Үндэсний “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар байв.
Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөө 2007 оны олон улсын шагналт, Монгол төрийн Эрхэм түшээ өргөмжлөлт Д.Мөнхөө: Монгол чууд олон мянган жилийн өмнөөс төрөө төвшитгөх хаан ухаан, хатан ухааныг хослуулан барьж ирсэн
Залуучуудыг улс төрийн амьдралд идэвхжүүлсэн энэ чухал арга хэмжээг санаачлагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улстөрийн амьдралд идэвхтэй оролцохоор зам шулуудаж тэргүүний шилдэг улстөрчдөөр шалгарсан бүх залуучуудад баяр хүргэе. Монголчууд олон мянган жилийн өмнөөс төрөө төвшитгөх Хаан ухаан, Хатан ухааныг хослуулан барьж ирсэн ард түмэн. Өнөөгийн нийгэм, улстөрд энэ ухаан их үгүйлэгдэж байгаа. Залуус та бүхэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллана гэж найдаж байна. Залуучууд маань улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр, аливаа нам, улстөрийн үзэл бодлоор талцахаас илүүтэй нэгдэж, хамтарч ухаан бодлоо уралдуулан ажиллана гэдэгт итгэж байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан: Энэ бол маш том хариуцлага гэж ойлгож байна
Энэхүү хүндтэй шалгаруулалтад шалгарсандаа маш их баяртай байна. Энэ бол маш том хариуцлага гэж ойлгож байна. АНУ -ын ерөнхийлөгч Ж.Кеннедигийн хэлсэн нэг үг байдаг. Ер нь төр засаг маань бидэнд юу өгөх вэ гэж асуухаасаа илүүтэй төр улсынхаа төлөө би юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асууж бай гэж. Энэ үг бол эцсийн дүндээ иргэн, төр хоёрын хоорондын харилцааг тодорхойлсон, иргэний эрх, иргэний үүрэг, иргэний хариуцлагын тухай үг гэж би ойлгодог. Энд шалгарсан шилдэг, нийгэмдээ манлайлж байгаа олон залуучууддаа баяр хүргэе. Шилдэг улстөрч гэхээсээ илүүтэй би шилдэг иргэн, шилдэг манлайлагч байхыг хүсч байна. Монголын нийгмийн өөрчлөлтийг бид эв нэгдэлтэйгээр, энхийн замаар, хэлэлцээрийн замаар, хамтран ажиллах замаар хэрэгжүүлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар: Сэтгүүлчдийн арми бидний хувьд хараат бус байх, шударга байх зарчмаа хадгалж ажиллах ёстой
-Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Юун түрүүнд намайг дэмжиж санал өгсөн хүмүүст талархлаа илэрхийлье. Улстөрч гэдэг утгаараа шалгаруулсан байх. Гэхдээ би үүнийг нэгдүгээрт, залуу хүмүүсийг нийгэмд таниулах, хоёрдугаарт, тэр хүмүүст цаашдаа ажиллах урам, эрч хүч өгөх зорилготой зохион байгуулж байгаа ажил гэж хүлээн авлаа. Миний хувьд, би улстөрч гэхээсээ илүү улс төрд ойрхон хүн гэвэл намайг нэлээд дээгүүр ярьж болох байх. Яагаад гэвэл, улс төрийн харьяалалгүй байх ёстой албан тушаалд би ажилладаг. Хуулинд ч тэгж заасан. 2012 оны сонгууль хаяанд ирчихлээ. Сонгуультай холбоотой янз бүрийн яриа хөөрөө байдаг шүү дээ. Сэтгүүлчдийн арми бидний хувьд хараат бус байх, шударга байх, зарчимтай байх эдгээр зарчмаа хадгалж ажиллах ёстой. Энэ тал дээрээ 2008, 2009 оны хэд хэдэн том сонгуулийн ард Монголчууд бүгдээрээ гарч чадсан. Хараат бус байдлыг хадгалж ажиллаж чадаж байна гэдэг дүгнэлтийг олон судалгааны байгууллагууд, янз бүрийн мониторинг хийдэг байгууллагууд гаргасан. Бид бүхэн энэ байдлаа баталгаажуулж, хадгалж ажиллана.
-Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хэр дэмжиж ажиллаж байгаа вэ?
-Энэ бол залуучууд биднээс өөрсдөөс нь шалтгаална. Сая шалгарсан залуучуудаас шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа залуучууд ч олон байна. Ер нь цаашдаа итгэл найдвар хүлээхээр, нийгэмд тодорхой хэмжээгээр танигдчихсан, боломжийн боловсролтой, соёлтой сайхан залуучууд байна л даа. Энэ залуучууд шийдвэр гаргах түвшинд биднийг харж хандах ёстой гэж бодоод суугаад байвал хэцүү шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө идэвхтэй байя, бид өөрсдөө чадвартай байя, бид өөрсдөө бодлоготой байя, бид өөрсдөө боловсролтой байя. Ингэсний дараа бид бүхэнд бүхний үүд хаалга нээлттэй гэж боддог.
МоАХ-ны нарийн бичгийн дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Байгалмаа: Сүүлийн үед манай эмэгтэйчүүд квот ын асуудал, тэгш оролцооны тал дээр нэлээд их ажил хийж байгаа
2011 оны “Шилдэг залуу 50 улстөрч” шалгаруулалтад хоёр залуу эмэгтэй шалгарсан нь МоАХ-ын нарийн бичгийн дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Байгалмаа, “Ногоон суваг”-ийн зөвлөх, сэтгүүлч, бодлого судлаач Б.Батзул нар байсан юм. Г.Байгалмаатай баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Шилдэг залуу 50 улстөрчид багтсандаа баяртай байна. Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн өмнө Сонгуулийн менежментийн төв, Zindaa.mn сайтаас залуучууддаа эрч хүч, зориг нэмсэн энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад баярлаж байгаагаа илэрхийлье.
-Та залуу улстөрч эмэгтэй хүний хувьд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж яригдаж байгаатай холбогдуулж өөрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Ер нь сүүлийн үед манай эмэгтэйчүүд квотын асуудал, тэгш оролцооны тал дээр нэлээд их ажил хийж байгаа. Нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүд ийнхүү нэгдэж ажиллаж чадаж байгаа нь сонгуулийн хууль хэлэлцэгдэж байгаа энэ үед их цаг үеэ олсон зөв зүйтэй хэрэг юм. Энэ нь тодорхой үр дүнгээ өгч, сонгуулийн хуульд тусгалаа олох байх. Ирэх онд ч сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тусгаж өгснөөр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү Монголын улс төрийн амьдралд нэгэн шинэ хуудас нээгдэж, “Шилдэг залуу 50 улстөрч”, “Шилдэг эмэгтэй 50 улстөрч” шагналаа гардан авлаа. Тэд улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн хүч бололцоог бүрэн дайчилж, мэдлэг боловсрол, чадвар чадавхиа нэмэгдүүлэн, намын харьяалал харгалзахгүйгээр нэгдэн нягтарч, улс эх орныхоо ирээдүйн үсрэнгүй хөгжил, язгуур эрх ашгийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм. Цаг үеэ олсон ТОП-50 шалгаруулалт жилээс жилд хүрээгээ тэлж, шалгуур үзүүлэлтүүдээ чанд баримтлан хэн нэгнээс хараат бусаар олон нийтийн санаа бодлыг өргөн хүрээтэй тусган ажилласнаар хүмүүсийн анхаарлын төвд байж, дараагийн шилдгүүдээр хэн тодорч, ямар үйлс бүтээхийг харах хүлээлт үүсгэх болсныг дурдахын өнгөрөхийн аргагүй ажээ. Шилдгээр шалгарсан улстөрчдөд цаашдын улс төрийн амьдралд нь өндөр амжилт хүсье. Шинэ үе, залуучууд маань ачааны хүндийг нуруун дээрээ үүрэх сэтгэлийн хаттай байж, улс орноо хөгжлийн манлайд хүргэх өндөр хариуцлагаа цаг ямагт ухамсарлан ажиллах болтугай.