logo
Би сууж, Бээжин явж байна

Би сууж, Бээжин явж байна

2011/11/22
Аяллын сүүлийн өдрүүдээ Бээжинд өнгөрүүлж, Газрын тосны их сургуулиар зочлон, Монголоос суралцаж буй оюутнуудтай уулзсан. Энэ аяллынхаа сониноос уншигч тантай хуваалцсанаар томилолтын тэмдэглэл бүрэн өндөрлөж байна

Бээжингийн утаа шингэрчихэж...

Аяллын баг хөтөлбөрийнхөө эцсийн зогсоолоо Бээжинд хийсэн. Дачингаас хоёр цаг орчим нисээд хүрэхэд хамгийн түрүүнд зургаан жилийн өмнө буугаад мордсон Бээжин л санаанд бууж байгаа юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Бээжинг хамгийн их утаатай, бохир хот гэдэг дүгнэлт дэлхий нийтээр ноёрхож байсан. Бид ч мэднэ шүү дээ. Амьжиргаа импортолдог гол газар маань юм чинь. Харин нисэх буудалд хөл тавиад шал өөр юм бодогдож байсан. Утаа нь бүр мөсөн бус боловч ихээхэн шингэрсэн нь илт мэдэгдэв. Энэ нь төрийн авч хэрэгжүүлсэн оновчтой бодлогын үр дүн гэнэ. Тянь Жин Бээжин хоёрын хооронд манайхаар бол гэр хороолол өндөр хөгжсөн байж. Төрөөс тэр хавийн айлууд, жижиг дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд багагүй мөнгө өгч, өөр тийш нүүлгэн шилжүүлээд оронд нь эмнэлэг сургууль, орон сууц бүхий цоо шинэ жижиг хотыг байгуулжээ. Түүнийх нь ачаар хотын утаа эрс багассан гэнэ. Харин тэр шинэ хотод нь манай Монголын хөрөнгө чинээтэй, боломжтой хэсгийнхэн олноороо орон сууц худалдаж авсан гэдэг юм билээ. Ямар ч байсан Бээжин утаанаасаа салахаар оронсууцжуулах ажилд голлох анхаарлаа хандуулж, төр засаг нь бодлогодоо гүнзгий тусгаж, хөрөнгө хүчээ хаяж байна. Манайд бол “утаагүй зуух” гэдэг үлгэрийг өнгөтөөр зохиож, гадаад дотоодоос босгосон хэдэн төгрөгөөрөө өнөөхөө санхүүжүүлээд, одоо “зуухны дэлбэрэлт” гэдэг шинэ бодит үнэнтэй нүүр тулаад явж байна. Мэдээж хүний хөгжил нь зуухны хөгжлөө гүйцэхгүй дэлбэлээд байж мэдэх л юм. Гэхдээ ямар ч хөгжилгүй хүн орон сууцанд асуудалгүй амьдарчих нягууртай болохоор багаар ч болов оронсууцжуулах асуудалд зуухны мөнгөө нэмэрлэсэн  бол гэж бодогдох шиг.  
 

 
Биднийг аяллын компанийн хөтөч угтан авч хоёр өдрийн турш Бээжинг тойруулах үүрэгтэйгээ танилцуулж, автобусаар хотын төв рүү авч явлаа. Зам зуур Бээжингийн үүх, түүх, хөгжлийн талаар тайлбарлаж өгөв. Давхар зам, өмнөөс хойд, зүүнээс баруун тэнхлэгийг холбосон зам гүүр гээд дэд бүтэц өндөр түвшинд хүрсэн гэдэг нь бэлхнээ харагдана. Ер нь бол Бээжин шал өөр хот болсон байна. Урьдын цагт Би явж байна, Бээжин сууж байна гэдэг үг байлаа. Харин энэ удаагийн аяллаар бид өөрсдийгөө хөгжөөд, яваад сайжирсан зүйлгүй байрандаа дэвхцэж, Бээжин хол оо яваад өгсөн байна гэдгийг олж харлаа. Өндөр хөгжилтэй, өнгө зүстэй, цэвэр цэмцгэр, хот төлөвлөлт сайтай болсон байна. Цаашдаа ч Бээжин биднийг ихээ хол хаяхаар байна. Тэр ч бүү хэл дэлхий нийтийг  хөгжлөөрөө дагуулах хэмжээнд очих зорилго өвөрлөсөн гэдэг нь илт байна. Хуучны барилгуудаа газартай нь тэгшилж, өндөр өндөр, архитекторын гайхам шийдэл бухий барилгаар өнгө засчээ. Бидний хамгийн сайн мэдэх зах нь хүртэл шилэн байшинд орчихож. Худалдагч нар нь таван шидийн хэлээр ярьдаг “өндөр” боловсролтой болсон байна.

Бээжингийн Газрын тосны их сургууль дэлхийд ноёрхох гэнэ

Бээжинг сайжирсныг гайхсаар үдийн зоог бариад хоног төөрүүлэх буудалдаа очсон. Маргааш өглөө нь Газрын тосны их сургуулиар зочлов. Тус сургууль хотын төвөөсөө 40 минут орчим явж хүрэх захын дүүрэгт байрлах агаад биднийг гадаад харилцаа хариуцсан захирал угтан авч, товч мэдээлэл хийсэн. Тус сургуультай манай Газрын тосны газар 2003 оноос хамтран ажиллаж байгаа гэнэ. Тус сургууль анх 1953 онд байгуулагдсан, 2005 оноос одоогийнхоо нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, БНХАУ-ын Боловсролын яамны харьяа төрийн өмчийн сургууль аж. Газрын тосны сургуулийн энэ жилийн гол зорилт нь дэлхийн газрын тосны салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр №1 болох гэнэ.
 
Нийт 1200 гаруй ажилтантайгаас 800 нь эрдэмтэн багш нар юм байна. Түүнчлэн 10 мянга гаруй оюутантай, үүнээс 4000 мастер, 750 гаруй доктор, 650 гадаад оюутан суралцаж байгаа гэнэ. Тус сургуулийг төгсөж гарсан оюутнуудын 80-аас дээш хувь нь төгсөнгүүтээ мэргэжлийнхээ дагуу ажлын байртай болдог. Мөн ихэвчлэн  дэлхийн томоохон газрын тосны компаниудад уригддаг байна. Тус сургууль химийн, олборлолт, тээвэрлэлтийн, газрын тосны, хадгалалт, геофизикийн зэрэг голлох таван мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Бас нэг онцгой анхаарал хандуулдаг асуудал нь судалгаа шинжилгээний ажил байдаг байна. Энэ салбарт улсын төсвөөс хуваарилдаг мөнгө нь жил бүр нэмэгддэг аж. Энэ жил 100 сая долларын хөрөнгө зарцуулсан байна. Хамгийн том судалгаа, шинжилгээний хоёр ч лаборатори энэхүү газрын тосны сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг байна.  Гадаад харилцааны хувьд Олон улсын 90 гаруй сургуультай хамтардаг гэнэ. Тус сургуулийн талаар товч танилцуулахад нэг иймэрхүү. Хотхон дотроо Спорт цогцолбор, номын сан, оюутны байр, хичээлийн байр гээд бүх асуудлыг цогцоор нь шийдсэн нь манайхны Налайх дүүрэгт барьж байгуулахаар санаа төдий  байгаа оюутны хотхны өнгөт жишээ болсон газар байлаа.

Ирээдүйн газрын тосны магнатууд


Бээжингийн Газрын тосны их сургуультай танилцсаны дараагаар бид Монголоос суралцаж байгаа оюутнуудтайгаа уулзсан. Тус сургуульд Монголоос 50 оюутан сурдгаас 25 нь баклаврын, гурав нь докторын үлдсэн нь хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд байдаг аж. Ер нь тус сургуульд суралцаж байгаа нийт гадаад оюутны тал хувь нь Казакстаны бусад нь Турк, Вьетнам, Саудын Араб, Монгол зэрэг орны оюутнууд байдаг юм билээ. Манай оюутнуудын хувьд Газрын тосны газрын зардлаар дийлэнх нь суралцаж байгаа ч цөөнгүй оюутнууд өөрийн зардлаар сурч байгаа гэнэ. Энэ нь газрын тосны салбар хөгжиж, тус салбарыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэсэн. Сүхбаатар, Дорноговь, Дорнод зэрэг аймгаас оюутнууд суралцаж байгаагийн дээр сурах орчин нөхцөл бүрэн хангагдсан, чадлынхаа хэрээр сайн сурч байгаагаа манай оюутнууд илэрхийлж байлаа. Тэдний хувьд хуульч, эдийн засагч зэрэг бусад салбараас бэлтгэгдэн гарч буй мэргэжилтнүүдээс харьцангуй өндөр нөхцлийг эдэлж байгааг салбарын компаниудын төлөөлөл сануулж, оюутнууд ч хүлээн зөвшөөрч байсан. Магадгүй тэр оюутнууд маань Газрын тосны салбарын ирээдүйн өнгө төрх, эзэд нь байх болов уу. Манай оюутнууд бусад гадаад оюутнуудаасаа суралцах, дасан зохицох чадвараараа ялгардаг төдийгүй ихээхэн мэрийлттэй суралцаж, уралдаан тэмцээнд байнга тэргүүлэн сургуулийн зүгээс тавьсан болзлыг ханган тэтгэлэг урамшууллыг нь авч чаддаг тухай сургуулийн удирдлагын зүгээс мэдэгдсэн.
 
Энэхүү уулзалтаар бидний аяллын хөтөлбөр өндөрлөсөн. Мэдээж нутаг буцахын өмнө ойр дотныхондоо бэлэг сэлт авахаар ганц нэг дэлгүүр зээлээр тойрсон. Нийт зургаан хоног үргэлжилсэн аяллаа дүгнэхэд огт мэддэггүй байсан салбарын тухай багагүй ойлголттой болж авснаа завшаантай хэрэг гэж үзээд байгаа. Түүнчлэн ойрын үед зочлоогүй Хятад орон нүдэн дээр хөгжиж байгааг хараад бахархах бас атаархах сэтгэл төрсөн. Тэрбум хүнийг хөгжилд жигд авч яваа төрийн бодлого агуу юм. 2,7 сая хүн хоорондоо 20 намд хуваагдчихаад нэгнээ дэгээдэж унагаагаад байгаа нь өрөвдөлтэй бас бухимдмаар юм.
Хятад ард түмэн хаа тааралдсан газраа нус цэрээ хаячихдаг бүдүүлэг байхаа больсон байна. Тэд бүгдийг өөрсдөө хийж бүтээж чаддаг, дутагдаж гачигдахгүй зүйлгүй, ард иргэдэд нь харьцангуй амгалан болсон мэт санагдсан.
Харин “ПетроЧайна Дачин Тамсаг“ компанийн хувьд толгой компанийн зүгээс олон зүйлийн мэдээллээ нээлттэй дэлгэсэн. Бодит байдал дээр ямар байгааг ойрын үед очиж үзээд уншигч тантай хуваалцах завшаан гарна гэж найдаж байна. Аливааг хийж бүтээж байхад алдаа оноо гарах нь дамжиггүй, бид хардах бус хянах л хэрэгтэй санагдсан. Яагаад бид 40, 50 жилийн дараа гэхэд Дорноддоо Дачин шиг хоттой болохыг мөрөөдөж, зүтгэж болохгүй гэж. Бид яагаад өөрсдөө хийж чаддаггүй ажлаа хүнээр аятайхан хийлгээд, заалгаад авч болдоггүй байх билээ.
Энэ дашрамд энэхүү аяллыг зохион байгуулсан Газрын тосны газар, УУХНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнгөнжигүүр, Газрын тосны газрын Бээжин дэх суурин төлөөлөгч Д.Даваабаяр, “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Заяа болон багийн гишүүд, аяллыг хамтарч зохион байгуулсан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.


2011.10.30-11.04 Улаанбаатар-Хайлаар-Дачин-Бээжин-Улаанбаатар хот
Тэмдэглэсэн Э.Болор
Гэрэл зургийг Б.Даваахүү
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш