logo
Хойд Солонгосын иргэд кг алим, хоёр шил пивоны цалинтай

Хойд Солонгосын иргэд кг алим, хоёр шил пивоны цалинтай

2011/11/23
Оросын «РИА Новости» агентлагийн сурвалжлагч Мария Фролова Хойд Солонгост айлчлах үеэрээ дэлхий хаалттай энэ орны иргэд хэрхэн аж төрж байгааг сонирхсон байна. БНАСАУ-ын цорын ганц Ерөнхийлөгч Ким Ир Сен таалал төгсөөд 17 жил болж байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс түүнд зориулж бэлэг авч ирсээр. Тухайлбал япончууд фото аппарат, өмнөд солонгосчууд «Самсунг» фирмийн аварга том плазм зурагт, Нигери улс титмийн дүрс бүхий хаан ширээ зэргийг бэлэглэсэн байдаг. Гадаадын төлөөлөгчдөөс түүнд илгээсэн бүх бэлгийг БНАСАУын өнөөгийн удирдагч Ким Чен Ир Пхеньян хотоос 150 кмт орших Мёхансян уулан дээрх Ард түмний найрамдлын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Хөтөч нь «Гадаадын иргэд манай Ерөнхийлөгч Ким Ир Сенд агуу хүндэтгэлтэйгээр хандаж ирсэн. Түүнд дэлхийн бүх орноос бэлэг илгээсэн байдаг. Тэдгээрийг бүгдийг үзье гэвэл нэг жил хагасын хугацаа шаардагдана» хэмээн бардам хариулах аж. «Үндэсний нар» Ким Ир Сенд илгээсэн 160 мянган бэлгийг 200 өрөөнд хуваарилан байрлуулжзэ. Эдгээрийн ихэнх нь шилэн хоргонд байрладаг бөгөөд хэн, хэзээ бэлэглэснийг нь бичжээ. Үзмэрүүдийг ажиглахад ихэвчлэн зэвсэг, зураг байдаг. Энд Зөвлөлтийн удирдлагуудаас илгээсэн хуягт лимузин, хоёр вагон зэрэг байна. Эдгээрийг Сталин, Мао нар бэлэглэсэн гэнэ.

Ингээд бид БНАСАУ-ын батлан хамгаалах салбарыг сонирхлоо. Тус улсын бүх иргэн дунд сургуулиа төгсөөд армид алба хаах ёстой. Зэвсэгт хүчин нь ойролцоогоор сая гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд батлан хамгаалах салбартаа ДНБ-ий дөрөвний нэгийг зарцуулдаг гэнэ. Эрчүүд нь 10 жил, эмэгтэйчүүд нь 5-6 жил алба хаадаг. Пхеньянд «Хэрвээ Америкийн империалистууд БНАСАУ руу довтолбол хойд солонгосчууд тэднийг газрын хөрснөөс арчина» хэмээх ухуулга явагддаг.Бид Солонгосын Төв шуудангийн агентлагийн төлөөлөгч бүсгүйгээс «Энэ орны иргэд дайн үнэхээр болно гэж боддог уу» хэмээн асуухад «Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дайн болбол би заавал фронт руу явна» гэж байлаа.

Ингээд бид байр сууцных нь талаар сонирхлоо. БНАСАУ-д орон сууцыг худалддаггүй, ажлын газраар нь тараадаг юм билээ. Тус улс 23 сая гаруй хүн амтай бөгөөд гурван сая гаруй нь нийслэл Пхеньяндаа амьдардаг. «Манайд байрыг худалдаж болохгүй. Манай байгууллага байр барьж, ажилчиддаа олгодог» хэмээн хөтөч тайлбарлаж байлаа.

Пхеньянаар явахад замын дагуу өндөр өндөр барилгууд баригджээ. Эдгээр барилгын цаана дан байр олон харагдаж байв. Хойд Солонгост өндөрлөг газар бүрт «Бүхнийг ард түмний төлөө», «Хувьсгалын удирдагчаа цээжээрээ хамгаална», «Эв нэгдэл». «Бид аз жаргалтай» зэрэг уриа лоозон зоожээ.Нийслэлээс орох, гарахад хил нэвтэрч байгаа шиг систем үйлчилнэ. Зэвсэглэсэн цэргүүд бичиг баримт шалгасны эцэст нэвтрүүлдэг.

Пхеньянд үдэш гэрэлтэй газар цөөхөн байдаг. Бүр хотын төвд ч хүүхдүүд үдшийн цагаар дэнлүү барин хичээлээ хийцгээх аж. Газар доорх нүхэн гарцанд хүртэл гэрэл асдаггүй. Үүнийг хөтөч «НҮБ-ын хориг арга хэмжээнээс болж улс орон эрчим хүчээ хэмнэж байгаа» хэмээн тайлбарлав. Дараа нь бид Хойд Солонгосын телевиз, холбоо, зам харилцааг сонирхлоо. Энд телевизээр гаргадаг хамгийн гол зүйл нь мэдээ. Үүгээр улс оронд болж буй үйл явдал, хөдөлмөрчдийн амжилт бүтээл, БНАСАУ-ын удирдагч, нөхөр Ким Чен Ирийн ажлын өдрийн талаар мэдээлдэг. Ингэхдээ хөтөлбөртөө үйл явдлын бичлэг үзүүлдэггүй бөгөөд үйл явдлын зураг тавиад, ард нь нэвтрүүлэгч текстийг ньуншдаг байна. Нэвтрүүлэгчийн дуу хоолой уран яруу, баяр ёслолын байдалтай сонсогдох ёстой. Мэдээг үндэсний хувцастай эмэгтэй, эсвэл костюмтай эрэгтэй хүн уншина. Тэд энэ өдөр Ким Чен Ир аль үйлдвэрээр айлчилсныг тодорхой мэдээлдэг. Нэвтрүүлгийн дараа БНАСАУ-ын цаг агаарын мэдээ явна. Хойд Солонгос «Солонгос»,«Кэсов», «Мансудэ» хэмээх гуравхан сувагтай. «Солонгос» сувгийн үндсэн хөтөлбөр нь Солонгосын Хөдөлмөрийн намын амжилт, «Мөнхийн Ерөнхийлөгч», «Үндэстний нар»,«Ким Ир Сен», «Агуу удирдагч» Ким Чен ир, ард түмний эцэс төгсгөлгүй талархал, аз жаргалыг үзүүлдэг.

«Мансудэ» суваг зөвхөн амралтын өдөр буюу бямба гарагт 19-22 цаг хүртэл, ням гарагт 10-22 цаг хүртэл цацагддаг. Энэ сувгаар Зөвлөлтийн болон Хятадын кино, концерт, спортын арга хэмжээг үзүүлдэг байна,

«Кэсон» сувгийг үдшийн цагаар цаддаг. Үүгээр ихэвчлэн тоглолт гардаг бөгөөд баян хууртай оюутан охид, гитартай эрчүүд, пионерууд дуулж, агуу их Ким Ир Сен, Ким Чен Ирээ магтдаг. Хойд Солонгост албан ёсоор интернэт үгүй. Дэлхийгээр хэрсэн энэхүү сүлжээг яагаад хориглосныг асуухад «Улс орон үүнд бэлэн биш байна» хэмээн товчхон хариулах аж.

Солонгосын Төв шуудангийн агентлагийн ажилтан, Хөдөлмөрийн намын гишүүн нөхөр Ли «БНАСАУ бол социализмыг цэврээр нь авч үлдсэн дэлхий дээрх цорын ганц орон, АНУ-тай ил, огт эмээлгүй тэмцдэг цорын ганц улс мөн» хэмээж байлаа, барууны интернэт суртал ухуулгын аюулын талаарх түүний шүүмжлэл эцсийн бүлэгт социалист байгууламж аюулд орсныг илтгэж байв. БНАСАУ-д интернэтийн оронд цахим шуудан явуулах «интернэт» гэгчийг хэрэглэдэг. Үүнээс гадна хойд солонгосчууд олон улс руу ярих хориотой. Хойд Солонгосын нийслэлд замын түгжрэл огт байхгүй. Яагаад гэвэл энд бараг машин алга. Авто машиныг зардаггүй бөгөөд хүмүүс явган явах буюу дугуй унаж, нийтийн тээвэрт сууж, зорьсон газраа хүрдэг байна. Гудамжин дахь авто машины тоог төрөөс зохицуулдаг.

Хотын гудамжаар хөнгөн тэрэг хөлөглөж яваа хүмүүс дандаа л улс орныхоо сайн сайхны төлөө их хөдөлмөрлөсөн ардын жүжигчид, тамирчид болон бусад баатар байх. Тус улс бензиний хомсдолд нэрвэгдсэн тул шатахуунаа мaш үнэтэйгээр худалдаалдаг байна. Пхеньяны метроны зорчигчид зөвхөн станц дээр л юм уншиж болно. Яагаад гэвэл вагоны бүдэг гэрэлд юм уншихын аргагүй. Станцын тавцангуудад ханын сонингууд байх бөгөөд эндээс агуу удирдагч Кям Чен Ирийнхээ үйл хэрэгтэй танилцдаг.

Гадаадын иргэд Хойд Солонгосын нийтийн тээврээр үйлчлүүлэх хориотой. Гэхдээ Пхеньяны метроны хоёр станцыг сонирхож болно. Газар доорх үзүүлэнгийн станцын зургийг авч, Ким Ир Сен, Ким Чен Ирийн хөрөгтэй вагоноор аялахад хоёр евро төлнө. Ер нь энд гадныханд зориулсан онцгой тариф үйлчилдэг. Тухайлбал энд нэг долларыг 100 вон гэж тооцож авдаг юм билээ. Энэ улсын мөнгөн дэвсгэртийг гадаадынхан авч явах хориотой бөгөөд зөвхөн доллар, евро, юаниар тооцоо хийлгэдэг. Пхеньяны дэлгүүрүүдийн барааны төрөл тийм ч муу биш. Гэсэн ч хойд солонгосчуудын дундаж цалин нэг кг алим, эндхийн пивоноос хоёр шилийг авахад л дуусна. Хүмүүс нь үндсэндээ байгууллагаас нь олгодог хямдрал, талон, хөнгөлөлтөөр аж төрдөг.

Пхеньяны оршин суугчнд сард дунджаар 1000-5000 вонын цалинтай. Манайхаар 1160-5800 төгрөг гэсэн үг. Хойд Солонгосын Тев шуудангийн агентлагийн ажилтан “Манайд цалин бага. Би сард 3000 вон авдаг” хэмээж байлаа.

Дэлгүүрт нь жигнэсэн мах 3200 вон, дарсан улаан лооль 750 вон, алим кг нь, 3200 вон, төмс 900 вон, байцаа 650 вон байна, Эндхийн пиво 1300-1800 вон байх бөгөөд архинаасаа ч үнэтэй. Архи энд 950 вон гэдэг. Лаазтай кола, фанта. спрайтыг 200 вовоор авч болно. Амттанг ихэвчлэн 150 граммаар савлаж, 100-850 воноор зардаг. Их дэлгүүрт, вокзалын хажуудах жижигхэн дэлгүүрийн барааны үнэ ерөнхийдөө адилхан. БНАСАУын иргэд ажлаасаа хөнгөлөлт эдэлдэг. Тэдэнд ажлын газраас нь будаа, цөцгийн тос, элсэн чихэр, олгодог аж. Мөн уушийн газарт ч хөнгөлөлт эдэлж, литр пивийг 70 воноор авч болно.

Зарим кафе гадаадын иргэдэд цэсийнхээ үнийг xаруулдаггүй. Тэд тооцоо авч ирэхээсээ өмнө аль орноос ирснийг заавал асуудаг. Зоогийн газруудын хоол амттай, солонгос, европ хоол, тэр бүү хэл пицца гээд төрөл ихтэй.
Долларын бодит ханшийг мэдэж чадсангүй. Гадаадынхны буудалладаг зочид буудлын дэлгүүрт кг алим 200 вон буюу хоёр доллар байна. Гэтэл бусад дэлгүүрт яагаад 3200 вон байгааг сонирхож асуутал Төв шуудангийн агентлагийн ажилтан маань «Зочид буудал дахь 200 вон гэдэг нь хоёр доллар. Тэнд воноор тооцоо хийж болохгүй. Хэрвээ би эндээс худалдаж авах хэрэгтэй болбол хоёр доллар л төлнө гэсэн үг. Энэ чинь тийм ч хямдхан биш. Гадуур зардаг 3200 вонтой ойролцоо хэмээн тайлбарласан юм.

Э.Мөнхзаяа
Эх сурвалж: “Өглөөөний сонин”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш