logo
Х.Бадам: Эрх мэдэлтнүүдийн хөлөглөдөг нисдэг тэрэгнээс загас, ховор амьтдын “цуглуулга” ч гарна

Х.Бадам: Эрх мэдэлтнүүдийн хөлөглөдөг нисдэг тэрэгнээс загас, ховор амьтдын “цуглуулга” ч гарна

2011/11/23
Монгол орны гадаргын ус нь дэлхийн усан хагалбарын гурван том ай сав болох Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг билээ. Эдгээр ай савд 13 овгийн 44 төрөлд хамаарах 75 зүйл загас амьдардаг бөгөөд 20 гаруйг нь агнуурын ач холбогдолтой гэж үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хэт их агналтаас болж нөөц нь багасаад зогсохгүй зарим ховор зүйлийн загасанд устах аюул нүүрлэж эхэллээ. Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны гүйцэтгэх захирал Х.Бадамтай ярилцлаа.
-Монгол орны гол нууруудын загасны нөөц мэдэгдэхүйц багассан талаар хүмүүс ярих боллоо. Та үүнтэй санал нийлэх үү?
-Мэдээж санал нийлж байна. Хэтэрхий замбараагүй байдал бий болчихлоо. Монголчууд дээр үеэс мал аж ахуйг голлон эрхэлж хүнснийхээ хэрэгцээг малын мах, цагаан идээгээр хангаж ирсэн учраас загасыг төдийлөн хэрэглэж заншаагүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд загас, шувууны махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь нэмэгдсээр байна. Хэрэгцээ, нөгөөтэйгүүр байгалийн баялгаас хялбар аргаар ашиг олох  ийн нэмэгдсэнээр загасны нөөцтэй гол мөрөнд явж загасчлах, тэрчлэн замдаа таарсан усны шувууд, ондатр, усны булга зэрэг ан амьтдыг хүртэл агнах, барих зэргээр явдал гарах боллоо.
Дээхнэ үед, 1990-ээд оныг хүртэл загасчид нь ховор, харин загас нь элбэг байсан. Харин одоо загас нь ховордож загасчин нэртэй лусын амьтны ангуучид борооны дараах мөөг шиг олширч байна. Ингэж дураараа дургидаг этгээдүүд ёстой л “Бурхангүй газар бумба галзуурна” гэдгийн үлгэрээр зугаацдаг болжээ. Завиар явж байхдаа голын бүхий л булан тохой, цүнхээл, загасчдын хэллэгээр ”яам” болгоныг нэг бүрчлэн нэгжиж байна. Хамгийн зэлүүд, сум орон нутгийн удирдлага, жирийн иргэд битгий хэл байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид нь бараг очиж үзээгүй, ямар ч машин, унаатай хүн хүрэх боломжгүй тансаг, онгон зэрлэг байгальд завиар хүрч байна шүү дээ. Зарим эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй нь гэхэд жийпэн дээрээ завиа ачиж аваад нэг томхон гол мөрний эхэнд хаяулдаг болж. Тэгээд хэдэн хоногийн дараа тэнд хүлээж байгаарай гээд жолоочоо явуулах жишээтэй.
-Сүүлийн үед завиар загасчилдаг хүмүүс бүр олшроод байгаа юм биш үү. Завьтай загасчлахыг нэлээн хэдэн жилийн өмнө хориглосон байх аа?
-Уг нь Ан агнуурын тухай хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Байгаль орчны сайдын 2008 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан журам байсан. Хуульд гадаадын загасчдад загас бариулахдаа моторт завь ашиглахыг хориглоно гэсэн чухал заалтыг анх удаа тусгаж уг журмыг ХЗДХЯ-аар хянуулан бүх нийтээр дагаж мөрдөх эрхийн актын жагсаалтад бүртгүүлсэн юм. Харамсалтай нь тэр үеийн сайд Г.Шийлэгдамба гэнэт тушаал гаргаж дээрх заалтыг яаран сандран хүчингүй болгочихсон. Үнэндээ энэ бол хэн нэгэн өндөр албан тушаалтны, эсвэл гадаадынханд Хөвсгөл аймгийн нутаг Эг, Үүрийн голуудад загас бариулж зугаацуулан валютын чамгүй ашиг орлого олдог компанийн ашиг сонирхолд илт үйлчилж байсныг нотлох баримт.
-Тэгвэл одоо завиар загасчлахыг хуулиар хориглосон яг ямар зүйл заалт, журам үйлчилж байгаа юм бэ?
-Учрыг нь би тайлбарлъя л даа. БОАЖЯ-аас өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу Хөвсгөл аймагт гадаадын загасчдад загас бариулах үйл ажиллагаа эрхэлдэг “Хөвсгөл Травел” компани нэг төө буюу 20 см хэрийн гүехэн усанд ч чөлөөтэй явдаг моторт завийг гадаадаас хэд хэдээр нь оруулж ирсэн юм. Ийм завийг гадаадын загасчин-жуулчид загас барьж зугаацахад нь зориулдаг. Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын нутагт Эгийн голын сав газарт байдаг зарим жуулчны бааз, отгуудын эздүүд, тэдний зочдууд завь хөлөглөн давхиж загасны баялгаас хороосоор 10-аад жил болж байгааг олон хүн, тэр тусмаа Хөвсгөл, Булган, Орхоныхон сайн мэднэ. Энэ нь ялангуяа ховор зүйлийн загасны хувьд маш хорлонтой агнуур юм.
Иймд Ан агнуурын тухай хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодорхой хэлбэл, уг хуулийн 14.1.9-д гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг хориглосон заалтыг нэмж оруулсан юм. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5, аж ахуйн нэгж байгууллагыг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ёстой. Мөн завь, барьсан загас болон загасны бусад хэрэгслэлийг хурааж байх талаар тун тодорхой заачихсан. Энэ бол цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсон гэж би боддог.
-Нэг хүн хэдэн сард, хэдий хэмжээний загас барих эрхтэй байдаг вэ?
-Ан агнуурын тухай хуулиар бол загас барих зөвшөөрлийг гурав хүртэл хоногийн хугацаагаар олгодог. Ингэхдээ нэг сумын нутагт тодорхой газрын нэр зааж өгнө. Мөн загасны үржлийн үе болох дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл барих хориотой. Үүнээс бусад хугацаанд тухайн сумаас загас барих зөвшөөрлийг олгодог журамтай юм. Харин нэг удаагийн зөвшөөрлөөр 10 хүртэл тооны загас барьж болох хуулийн заалт бий. Гэтэл өнөөдөр завиар явж загасчлагчид ямар ч зөвшөөрөлгүйгээр бүр хэд хэдэн аймаг, сумын нутаг дамжин зугаацаж байна. Завиар хөвөх боломжтой бүх л цаг хугацааг ашиглаж, загас барихыг хуулиар хориглосон үед хүртэл чөлөөтэй загасчлах явдал улам нэмэгдсээр байгаа нь тоогүй. Угтаа бол загас хамгаалах талаарх хуулийн заалт хэрэгжихгүй байна.
-Түүнээс гадна загас агнах хориотой үед зөвхөн түрсийг нь авч томоохон ресторануудад нийлүүлдэг хүмүүс байдаг гэж сонсон. Энэ хэр үнэний ортой бол?
-Угаас загасны мах нь амьтны гаралтай уураг амин дэм, эрдэс бодис, микорэлементээр баялаг, амтлаг зөөлөн, шингэц сайтай сайн чанарын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн юм. Тэр тусмаа аливаа амьтны гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдээс хамгийн шим тэжээлтэй, уураг ихтэй, өндөр үнэтэй хүнсний зүйл бол загасны түрс. Ийм ч учраас үржлийн үед нь загас барихыг хуулиар хатуу хориглодог. Гэхдээ яг үржлийн үед үй олноор нь хядаж түрсийг нь авч гадаадынханд, томоохон ресторанд өндөр үнээр худалдах явдал мэр сэр гардаг байхыг үгүйсгэх аргагүй. Гадаадын зарим улс орнуудад, тухайлбал манай хойд хөршид ийм хэрэг зөрчил нэлээд гардаг юм.
-Та түрүүнд хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй томчууд завиар загасчилж зугаацдаг гэж ярьсан. Ингэж хууль зөрчиж, дураараа дургидаг томчуудаас тухайлж нэрлэх хүн байна уу?
-Жишээ нь тэр, энэ гээд нэрлэчихвэл магадгүй би танай сонин гарсан өдөр шүүхэд дуудагдах байлгүй. Үнэндээ энэ хүмүүс ямар ч машин техник хүрэх боломжгүй улсын тусгай хамгаалалттай газрын онгон бүсэд нисдэг тэрэг хөлөглөөд хүрчихэж байна. Тухайлбал, Хан Хэнтийн дархан цаазат газрын Минж, Захар, Шороотын голд, Хагийн хар нуурт очиж загасчилдаг төрийн зарим түшээ бий. Бэл бэнчинтэй зарим гадаад, дотоодын компанийн захирлууд бас  байдгийг мэдэх хүмүүс байгаа.
Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эрэн, Тавтын голууд, тэдгээрийн бэлчир, мөн Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын нутаг Зэлтэрийн гол, Азаргын голд сүүлийн хоёр жил дараалан намрын сүүл, өвлийн эхэн сард зарим нэг бэл бэнчинтэй хүмүүс нисдэг тэрэг хөлөглөн очиж зэвэг, хадран зэрэг загасыг хэдэн зуугаар нь  хонон өнжин барьж “өвлийн идэш” бэлтгэдэг болсон байна. Нутгийн иргэд, малчид сонирхож очих гэхэд нь буу зэвсэгтэй хамгаалагч нэртэй албатууд нь ойртуулдаггүй талаар ярьж байна шүү дээ. Гэхдээ энэ удаад тэр томчуудын талаар ярихаа азная. Хамгийн гол нь тухайн хүний ухамсар, байгаль дэлхийгээ, лусын амьтныг хайрлан хамгаалах сэтгэл чухал шүү дээ. Ухамсартай хүн бол ойлгох биз ээ.
Үнэндээ Монголд нисдэг тэрэг цөөхөн. Ямар хүмүүс ийм эрх мэдэлтэй, хөлслөх хөрөнгөтэй байх нь ч тодорхой. Тэгэхээр ядаж иймэрхүү нисдэг тэргийг хууль, хяналтын байгууллага заавал шалгадаг дүрэм журамтай болчих хэрэгтэй байгаа юм. Нисдэг тэрэг хөлөглөдөг томчууд ганц загас ч биш, зэрлэг гахай, буга, чоно, баавгай, зээр гээд бүх төрлийн ан ангуучилж байна шүү дээ. Нэг шалгахад, аягүй л бол ховор зүйлийн загас шуудай шуудайгаараа, агнах хориотой зэрлэг амьтдын “цуглуулга” ч гарч мэднэ.
-Улаанбаатараас Орхон, Булган, Хөвсгөлийн чиглэлд явах төв зам, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь Орхон голын гүүрэн дээр жилийн дөрвөн улиралд загас зардаг боллоо.
-Урин дулаан цагт бол бүр өдөр шөнөгүй, 24 цагийн турш шинэ, утсан утаагүй, хөлдөөсөн гээд янз бүрээр бэлтгэсэн загас худалдаалж бизнес эрхэлдэг бүлэг этгээдүүд бий болчихсон шүү дээ. Тэд завиар явж, тор тавьж загасаа бэлтгэдэг болсоор удаж байна. Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгийн зарим аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид жилийн турш утсан загас худалддаг болсон. Үүний зэрэгцээ зарим нь загасыг гэрийн нөхцөлд шил, саванд нөөшлөх байдлаар боловсруулдаг. Харамсалтай нь дийлэнх нь ашиг орлогын хойноос хөөцөлдөж байна. Тэдний нэг хэсэг нь загас барьж бэлтгэх, боловсруулах, зарим нь худалдаалах зэрэг ажил үүргийн хуваарьтай хятад, монгол ченжүүдийн сүлжээ бүхий бизнес болж өргөжөөд байна. Гэвч энэ зөрчлийг таслан зогсоох талаар, тухайлбал Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Сайхан сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч нар туйлын хангалтгүй ажиллаж байгаа нь үнэн.
Ан агнуурын хуулиар ахуйн болон спорт агнуурын зориулалтаар гол мөрөнд тор тавьж загас барихыг хориглодог. Гэвч наймаачид урд хөршөөс загасны төрөл бүрийн торыг улсын хилээр чөлөөтэй оруулж, төв орон нутгийн зарим дэлгүүр, зах дээр худалдаж байна. Үүнийг зогсоох талаар хил гааль, хууль хяналт, байгаль орчны байгууллагууд, хууль тогтоогчид тодорхой арга хэмжээ авахгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа нь харамсалтай. Буйр нуурт ч гэсэн хятадууд улсын хилийг зөрчиж манай нутагт завиар орж ирж загасчлах явдал байнга гарч байна шүү дээ.
-Иймэрхүү байдлаар хайр найргүй хандаж байгаагаас тул, зэвэг гээд ховор зүйлийн загас нэг мэдэхэд бүрмөсөн устаж алга болсон байх вий гэж бодох юм. Энэ эмх замбараагүй байдлыг цэгцлэх ямар арга байна вэ?
-Цэнгэг усны хаан-тул загас сүйрлийн ирмэгт тулж ирээд байгаа нь үнэхээр монголчуудын хувьд “проблем” юм. Уг нь Тул загас хамгаалах үндэсний хөтөлбөр байдаг ч хэрэгжилт нь туйлийн хангалтгүй гэж хэлмээр байна. Тухайлбал уг хөтөлбөрт, загасны торны импорт, худалдааг зогсоох, гадаадын жуулчин-загасчдад тул бариулах хураамжийг өсгөх, тулын тоог Засгийн газраар тогтоолгодог болох, тусгай төлбөртэйгөөр загас бариулах журам боловсруулж батлуулах талаар бий. Түүнчлэн тул загасыг байгалийн нөхцөлд үржүүлэх ажлыг эхлүүлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар загас олборлох үйл ажиллагааг зарим нуурт бүрмөсөн хориглох зэрэг асуудлыг уг хөтөлбөрт тусгасан. Гэвч эдгээр заалт огт хэрэгжилгүй таван жил болчихлоо шүү дээ. Хэрэгжүүлэхгүй л юм бол ийм хөтөлбөр баталж гаргах ямар хэрэг байсан юм бэ.
Лусын амьтан гэж дээдэлдэг, Монголд төдийгүй дэлхийд ховордсон цэнгэг усны хаан хэмээн алдаршсан тул загасаа хамгаалах талаар одооноос анхаарах хэрэгтэй байна. Хууль тогтоомжоо хэрэгжүүлэх, биелэлтийг нь хянах үүрэг бүхий төрийн байгууллагууд маань бодитой, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахгүй иймэрхүү янзтай алгуурлавал загас гэдэг амьтан зөвхөн төрийн сүлдэнд л үлдэж магадгүй нь.

Ц.Цэвээн
LIFE.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш