logo
Ж.Батзандан: “Сонгуулийн луйвар болоход олон улс төрчид, олон намууд оролцсон гэдгийг С.Баяр онцолж ярьсан”

Ж.Батзандан: “Сонгуулийн луйвар болоход олон улс төрчид, олон намууд оролцсон гэдгийг С.Баяр онцолж ярьсан”

2011/11/24

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сонин таниас тодруулга авах гэсэн юм?

-Ямар асуудлаар билээ?

-Та өчигдөр сонинд өгсөн ярилцлагадаа “С.Баяр даргатай уулзсан. С.Баяр дарга олон тойрогт сонгууль луйвар, будлиантай болсныг хүлээн зөвшөөрч байна билээ” гэж ярьсан байна. С.Баяр танд яг ямар мэдээлэл өгсөн юм бэ?

-Өчигдрийн сонин дээр товчхон гарсан байна билээ. Уг нь хоёр хүний хоорондоо ярьсан асуудлуудыг нийтэд дэлгэх нь зохимжгүй зүйл. Гэхдээ улс төрчид санал нэгдсэн асуудлуудаа ил тод, нээлттэй ярьж болдог. Тэр утгаар нь би ярьсан юмаа. 2008 оны сонгуулийн луйвар, будлиан болоход олон улс төрчид, олон намууд оролцсон гэдгийг бол С.Баяр дарга онцолж ярьсан. Мөн манай улс төрчид, улс төрийн намуудад болон иргэдэд туршлага дутмаг байсан учраас асуудлыг эв зүйгээр, ухаалаг зохицуулж чадаагүй гэж хэлж байсан. Ер нь бол манай улс төрчид хаа хаанаа алдаагаа ухаарч байх шиг байна. Алдааг нэг хүнээс хайх бус дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй байх. Ер нь улс төрчдийн эрүүл, саруул яриа хөөрөө манай нийгэмд их хэрэгтэй гэж би боддог.

-С.Баяр та хоёрыг хоорондоо “хонь чоно шиг” улс төрчид гэж хүмүүс ойлгодог. Та хоёрын уулзалт тийм л нэг хүйтэн, хөндий уур амьсгал дунд болж өндөрлөсөн болов уу ...?

-Би хүнд өсөрхөж, муу санаж амьдрах дургүй. Харин шүүмжлэл бол манай нийгмийн хамгийн чухал үнэт зүйлүүдийн нэг. Гэхдээ шүүмжлэл, хүндэтгэл хоёр хамт байхдаа хүчтэй байдаг. С.Баярыг бол ахмад, туршлагатай  хүнийх нь хувьд би хүндэтгэнэ. Зарим үед бид бие биенээ шүүмжилдэг. Энэ бол улс төрд байх л асуудал шүү дээ.

Тэмдэглэсэн: Т.Зориг

Үндэсний мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш