logo
Эрүүл мэндийн даатгалын иргэдээс авах шимтгэлийн хэмжээ нэмэгдээгүй

Эрүүл мэндийн даатгалын иргэдээс авах шимтгэлийн хэмжээ нэмэгдээгүй

2011/11/24
Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хувь, хэмжээг саяхан шинэчлэн баталсан. Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд бичигдэж байна. Яагаад ингэж нэмэх болсон юм бэ?
-Үнэндээ бол Эрүүл мэндийн даатгалын иргэдээс авах шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй. Энд жаахан ташаарсан ойлголт яваад байх шиг байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг жил бүр Засгийн газар тогтоодог. Тиймээс хуульд заасны дагуу Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол батлагдсанаар 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогчийн хариуцан төлөх нь 2,0 хувь, ажилтан буюу даатгуулагч өөрөө хариуцан төлөх нь 2,0 хувь байна. Өмнө нь энэ л хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан.
-Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын төлөх шимтгэлийн хэмжээ 2012 онд өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх шимтгэлийн хэмжээ 2011 онд мөрдөж байсан хэмжээнээс огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 2,0 хувь байна.
-Бусад даатгуулагчдын төлөх шимтгэлийн хэмжээг яаж тогтоосон бэ?
-Төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан иргэний сард төлөх шимтгэлийн хэмжээ 670 төгрөг байхаар тогтоосон. Энэ нь мөн л 2011 оны хэмжээгээр хэвээр нь тогтоосон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд 2012 онд жилдээ 8040 төгрөг төлж эрүүл мэндийн даатгалд даатгуулах юм.
-Тэгвэл яг ямар шимтгэл нь нэмэгдсэн юм бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар ямар нэг байгууллагад ажилладаггүй гадаадын иргэн, харъяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж болдог. Эдгээр хүмүүсийн сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү буюу 8424 төгрөг байхаар баталлаа. Энэ нь 2011 онд мөрдөж байсан хэмжээнээс сардаа 3064 төгрөгөөр, жилдээ 37648 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш