logo
Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлнэ

Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлнэ

2011/11/24
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозамын барилгын ажлын жагсаалтыг хуралдаанаар баталлаа.
Ингэснээр тухайн замын ажлыг гүйцэтгэх тендерт олон аж ахуйн нэгж өрсөлдөж, улмаар ажлыг чанартай хийх боломжийг нээж өгч байна.  
Дээрх жагсаалтын дагуу олон улс, улсын чанартай 1376,9 км, Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх юм. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан-Чойбалсан, Тосонцэнгэл-Улиастай, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт, Алтай-Дарви, Тариалан-Мөрөн, Шаамар-Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавьж, Улаанбаатар хотноо Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэхээр төлөвлөөд байгаа юм.
Мөн хуралдаанаар автозамын барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг баталжээ.    
Хийгдэх ажлуудыг санхүүжүүлэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүр нь санхүүжүүлж байх болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш