logo
Газрын тосны үндэсний компани байгуулах санал дэмжлэг авсангүй

Газрын тосны үндэсний компани байгуулах санал дэмжлэг авсангүй

2011/11/24
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны салбарт төрөөс 2015 он хүртэл баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төсөл дээр ажлын хэсэг, дэд хэсэг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү хэлж байлаа. Ажлын хэсэг газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлогыг 2015 он биш 2017 хүртэл хэрэгжүүлэхээр санал оруулж ирсэн ч олонхийн дэмжлэг авсангүй. УИХ-ын гишүүн Д.Одхүү, манай улс 2015 он хүртэл гуравхан жилийн хугацаанд газрын тосны үйлдвэр байгуулах гэх мэт олон ажлыг амжуулах боломжгүй хэмээн учирласан боловч 2015 гэсэн тоо хэвээр үлдлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс оруулж ирсэн нэг санал нь Газрын тосны үндэсний компаний байгуулах гэсэн санал байлаа. Засгийн газраас дэмжлэг аваагүй дээр санал Байнгын хороодын гишүүдийн дэмжлэгийг мөн авсангүй. Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү газрын тос олборлодог 32 орны туршлагаас харж судлах нь зүйтэй хэмээн гишүүдэд хэлж байлаа.
“Манай улс ОХУ-ын ганцхан компаниас нефьтийн бүтээгдэхүүнээ импортолдог. Дотоодын олон компани дээрх нэг компанид очин гуйж барин тус бүртээ гэрээ хийн оруулж ирдэг. Харин энэ байдлыг эцэс болгон төр ганцхан цонхоор л харах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байлаа. Төр нефьтээ импортлон оруулж ирээд дотоодын компаниуд түгээх, худалдах ажлыг хариуцвал илүү зохистой. Тэгэхээр газрын тосны үндэсний компанийн нэг чиг үүрэг нь энэ байж болно гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн талаар тэрбээр гишүүдэд тайлбарласан юм.
Түүнчлэн улсынхаа нутаг дээрээс олборлож буй газрын тосыг боловсруулах үйлдвэр нь төрийн өмчийн оролцоотой байх саналыг мөн тусгасан байсан. Энэ талаар ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, “Өөрт ноогдож буй газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулах тохиолдолд төр тодорхой хэмжээний хувь, оролцоотой байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн тайлбарласан. Гэхдээ төр 100 хувь биш, 5, 10 хувийн ч оролцоотой байж болох юм байна.
Гишүүд газрын тосны үндэсний компани байгуулах нь зүйтэй эсэх дээр нэлээд ярилцсан бөгөөд Засгийн газраас дэмжлэг аваагүй дээрх саналыг ажлын хэсэг татан авснаар уг тогтоолын төслөөс хасагдсан юм.
Уг тогтоолын төсөл дэх өөр нэгэн заалтыг гишүүд нэлээд нухацтай хэлэлцсэн. Газрын тосны борлуулалтын орлогын 30 хүртэл хувийг хуримтлуулан сан байгуулах тухай байв. Гишүүд сан байгуулахыг үгүйсгээгүй бөгөөд харин уг бодлогод сангийн хуримтлуулах мөнгөний хувь хэмжээг тодорхой заах шаардлагагүй гэж үзлээ.
Г.Бурмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш