logo
Б.НАРАНЦЭЦЭГ: Өөртөө зарчимч шаардлага тавьж, ажилдаа эзэн болох чухал

Б.НАРАНЦЭЦЭГ: Өөртөө зарчимч шаардлага тавьж, ажилдаа эзэн болох чухал

2020/10/26

Энэ буландаа бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Б.Наранцэцэгийг урилаа. Тэр байсхийгээд л өвөө эмээгээ, өсөж төрсөн нутгаа дурсах. Учирлаваас  Эрдэнэт нутгийн унаган иргэн, эмээ өвөөгийн хайр халамжид өссөн болохоор тэр биз. Ингээд олныг үл нуршин түүний дурсамж дүүрэн яриаг уншигч та бүхэнд хүргэж байна. Таалал хотлоор оршиг ээ.

-Та эхлээд хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?

     -Миний амьдралын зам мөр энэ нутаг устай холбоотой. Унасан газар, угаасан ус маань Эрдэнэт хэмээх энэ газрын эргэн тойрон. Миний өвөө, эмээ, намайг төрүүлсэн ачит ээж минь Орхон багийн Халиун сумын хүмүүс. Эрдэнэт, Бүрэн бүст, Их залуу, бага Залуу, Баян-Өндөр хайрхан, Бүрдний гол, Ламын хийдийн бааз, Халиуны тариа бригад, Орхоны улаан эрэг, Лонхотын өвөр гээд нутгийнхаа газрын нэр усыг цээжилчихсэн шүлэг, зохиол шиг хаа ч явсан хэлж ярьж, дурсан санан явдаг, шүтээн. Би өвөө, эмээгийн охин. Эмээ, өвөөгийн элбэрэл хайранд умбаж, эрхэлж өссөн амин хайр нь байлаа. Миний өвөөг Гэлэгийн Чойжил, эмээг Цэвээний Даваасүрэн гэдэг. Өвөө Халиун сумын анхны дарга нарын нэг. 1945 оны дараа сум нэгдлийн даргын ажлаа хүлээлгэж өгөөд малчин болсон түүхтэй. Халиун сумын “Социализмын Туяа” нэгдлийг байгуулахад 1000 малаа өгч нэгдэлд гишүүнээр элсэж явсан юм билээ. Одоогийн энэ Оросын булаг чинь Залуугийн голын эх л дээ. Орхоны Могой гэдэг газар орос цэргийн хороо байгуулагдаад Эрдэнэт хотын суурийг тавилцсан, орос цэргийн ачаатай машинууд манай гэрийн ойролцоогоор өдөр, шөнөгүй цувна. Залуугийн гол дээр орос цэргийн цуваа хэсэг амраад хөдөлдөг байлаа. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын уриа дуудлагаар газар газраас ирсэн илгээлтийн эзэд л “Оросын булаг” гэсэн нэр өгсөн. Би  нэг үйл явдлыг ер мартдаггүй юм. 1974 оны зун манайх Бүрдний голд зусаж байлаа. Нагац ах Ч.Дамдиндорж их сургуулиа төгсөөд эхнэр С.Лхагважавтайгаа найзынхаа “Зил-130” машинаар ирэхдээ УАЗ-469 машинтай хэдэн орос дагуулаад ирдэг юм. Тэдний машин Бүрдний голын намагт суучихаар нь татаж гаргаад хамт ирсэн нь тэр байж. Манай нагац өвөө, эмээ хоёрт энэ оросууд ЗХУ-ын Москва хотоос ирсэн эрдэмтэд гэнэ. Эрдэнэт хотыг хаана байгуулах газар сонгож яваа юм байх.Тэгээд Залуугийн хөндийд хот байгуулбал их сайхан газар байна гэж орчуулахад өвөө хот босгох нь сайн хэрэг.Тэгэхээр бид энд малаа маллах аргагүй болбол хэцүүднэ гээд хөхрөлдөж байсан нь санаанаас гардаггүй юм. Өндөр өндөр барилга байшин гэрэл чийдэн болсон гоё хоттой болбол том болоод энд амьдрах юм шиг сайхан санагдаж байж билээ.

-Та яаж яваад Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо? 

     -1999 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод өнөөг хүртэл Тээвэр, ложистикийн төвд складны эрхлэгчээр ажиллаж байна. Бага насныхаа дурсамжийг хуваалцан, өсөж төрсөн нутаг ус, өсгөж өдий зэрэгт хүргэсэн өвөө, эмээгийнхээ тухай ярьсандаа би их баяртай байна. Эрдэнэт хот сураггүй. Уурхайчдын тосгон нэртэй хэдэн вагончик байх. Тэнд орос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрт дураараа орж архи дарс, чихэр жимс авдаг хүний нэг нь миний өвөө. Орос дэлгүүрийн худалдагч нар өвөөг андахгүй. Өвөө хэний ч арга эвийг  олоод харьцчихдаг, соёлтой, дохионы сайн хэлтэй хүн байжээ гэж боддог. “Бальзам” гээд нэг сонин савтай архи авчирч нутгийнхандаа сайрхан дайлж байдаг сан. Эмээ, өвөө хоёр минь бурханы орноос зээ охиноо харж байгаа гэж боддог шүү. Та нарынхаа хайр энхрийлэлд өссөн охин нь Эрдэнэт үйлдвэртээ 20 гаруй жил ажиллаж, элбэг хангалуун, аз жаргалтай амьдарсаар эдүгээ сэтгэл дүүрэн жаргалтай сайхан явна гэж элэг зүрхнээсээ ивлэх эрхэм сайхан үгээ хэлмээр санагдаж байна.

-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?

     -Хүүхэд байхын хүсэл биелж 1988 онд хуучнаар Зөвлөлт Украйны Кировоград хотод дээд сургууль төгссөн. МТХУХ-ны томилолтоор Эрдэнэт хотын МТХУГазарт мэргэжилтнээр ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

-Таны ажлын онцлог юу вэ? 

     -Өвөө, эмээ хоёр маань нэгдэлд өөрсдийнхөө хамаг мал хөрөнгийг нийгэмчилсэн байтлаа өнчин ишиг ч дутаахгүй гэж унтах нойр, ууж идэхээ хойш тавьж бүх насаараа хөдөлмөрлөсөн. Би ч хариуцсан улсын өмч, үйлдвэрийн эд хөрөнгийг ягштал бүртгэн авч, яг байгаагаар нь хүлээлгэн өгдөг дөө. Надад худал хуурмаг зан чанар байхгүй.

-Тэгвэл таны давуу тал юу вэ?

     -Би малчин удмын хүн. Хөдөөгийнхөн бие биедээ ахан дүүс шиг элгэмсүү, өөр хоорондоо үнэнч цайлган сэтгэлээ илчилж тус дэмтэй явдаг. Шударга үнэнийг эрхэмлэж ирсэн хүмүүс.  Эдгээр зан чанар надад өвлөгдсөн. Энэ нь миний давуу тал болж харагдаж болох юм.

-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?

     -Хүнтэй харьцсан ч ажил хийсэн ч  чинь сэтгэлээсээ хандаж, хуурамч зан гаргахгүй байхад би дуртай. Хүний хүсэл хязгааргүй ч хэрэглээ бага шүү дээ. Өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байвал та хамгийн баян аз жаргалтай хүн. “Ажил хийвэл ам тосодно” гэдэг үнэн үг. Би энэ ажлыг хийж цалингаараа ар гэр, аав, ээж, үр хүүхдээ тэжээж яваа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргээ сайн биелүүлэхийг л шаарддаг.

-Та юу судалж мэдсэн гэж боддог вэ?

     -Эрдэмтэн мэргэд шиг судалгааны ажил хийгээгүй ч ажил амьдралын арвин баялаг туршлага хуримтлуулсан байх аа. Ямартаа ч олон жил хийсэн оноосон ажлаа мэдсэн, мэдэрсэн юмаар хэнээс ч дутахгүй гэж боддог.

-Таны амжилтын үндэс юу  вэ?

     -Нэгдүгээрт, төлөвлөж, эхнээс нь эмхэлж цэгцэлж ажиллах хэрэгтэй. Дараа нь үр дүнг нь ямар нэг хэмжээнд дүгнэх ёстой. Тэгээд өөртөө байнга зарчимч шаардлага тавьж ажилдаа эзэн байх маш чухал даа.

-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Гэр бүл хамгийн том байр суурь эзэлдэг.

-Хамт олныхоо талаар ямар бодол тээж явдаг вэ?

     -Хоногийн 24 цагийн хамгийн идэвхтэй 8-9 цагийг хүн ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймээс ажлын хамт олон хүний амьдралд чухал байр суурь эзэлнэ. Олон жил нэг газар ажиллахаар нэгнээ мэддэг болчихдог. Ээлжийн амралт аваад сар болоод ирэхээрээ нэг нэгнээ саначихсан тэврэлдээд л уулздаг улс шүү дээ, бид. Ажлын хамт олондоо би хайртай. Та бүгддээ энэ завшааныг ашиглаад ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

-Та амьдралдаа хэр сэтгэл  ханамжтай явдаг вэ?

     -Сэтгэл хангалуун явдаг. Манайх хоёр хүү, нэг охинтой. Бага хүү аавынхаа мэргэжлийг өвлөн эмч болсон. Охин АНУ-д суралцаж байна. Харин том хүүдээ өөрийнхөө ажлыг өвлүүлж, залгамж халаагаа өгнө гэж боддог. Манай Эрдэнэт үйлдвэрт ийм сайхан уламжлал тогтсонд би их баяртай яваа шүү.  

-Аливаа зүйлд мэргэшсэн хүнээс үг сонсох тухайн хүнд их өгөөжтэй санагддаг. Залууст хандан юу хэлэх сэн бол?

     -Эх орны минь жаргалант ирээдүй залуус та нарын алган дээр байна. Алтан аяганд хийж, алган дээр тавьж барих сүүтэй байх нь аз жаргалын дээд юм. Үүнийг залуус дүү нар минь алдчихалгүй, хазайлгачихгүй тэв тэгшхэн барьж яваарай гэж ерөөе.

-Гэгээн ерөөл тавьсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Сэтгэгдэлүүд

Дээш