logo
Удирдах ажилтнууд ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллана

Удирдах ажилтнууд ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллана

2020/10/26
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрийн газрын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгарч буй асуудлуудаа хэлэлцдэг. Тайлант хугацаанд үйлдвэрийн хэмжээнд хөлөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын цахим сургалтанд сайтар уншиж, бэлдэх шаардлагатай байгааг тус хэлтсээс нийт ажилчдад анхаарууллаа. 

     Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ижил төстэй байгууллагуудын тайлан хамгаалалтад оролцож, 2020 оны ажлын төлөвлөгөөгөө 96 хувь хамгаалсан гэж Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа мэдээллээ. 

     Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Үйлдвэрлэлийн хэлтсээс танилцууллаа. Энэ сарын 29-нд ирэх 11-р сарын уулын ажлын төлөвлөгөө хэлэлцэх бол 30-ны өдөр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэлэлцэж, 11-р сарын 2-нд сар хаалтын хурал хийхээр төлөвлөжээ. 

     Ил уурхайн хамт олон технологийн болон үйлдвэрлэлийн асуудлаар хэвийн ажилласан байна. Авто тээврийн цех хөрөнгө оруулалтын ажлаа 89 хувиар биелүүлэн ажиллаж байгаа бол Баяжуулах үйлдвэрийн хамт олон төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. ММС-1 тээрмийг шинэчлэн солих ажил найм дахь хоногтоо амжилттай үргэлжилж байгааг цехийн дарга хэллээ.

     Үйлдвэрлэлийн бусад цех нэгжүүдийн удирдлагууд намар өвлийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрүүд, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудыг биелүүлэн ажиллаж байгаа мэдээллийг үйлдвэрийн удирдлагуудад өглөө. 

     Үндэсний аудитын газраас хийж байгаа гүйцэтгэлийн  болон  санхүүгийн тайлангийн аудит өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд явагдаж дууссан байна. Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эргэлтийн хөрөнгө, төлөвлөлт зэрэг ажлууд эрэмбэ дараалалтай, төлөвлөгөөний дагуу хийгдэх шаардлагатай байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ. 

     Эрдэнэт үйлдвэр шахмал түлш үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний үйлдвэрийг нээснээр эко шахмал түлш үйлдвэрлэж орон нутагт агаарын бохирдол бууруулахаар зорьж байгаа юм. Одоогоор тус үйлдвэрийн барилгын цахилгаан, дулаан хангамжийн ажлыг шийдэн, цэвэрлэгээ үйлчилгээний ажлууд хийгдэж байна. 

     Шинэ төрлийн коронавирус гаднаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдол өдөр бүр бүртгэгдсээр байна. Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Үйлдвэрийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлууд тогтмол хийгдэж байна. Энэ ажлыг үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа бараа материалд илүү эрчимжүүлэх шаардлагатай. Мөн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг илүү тогтмолжуулах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нэмэлт даалгаврууд бүгд биелсэн үзүүлэлттэй байна” хэмээн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлж, шуурхай зөвлөгөөний үеэр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллахыг сануулснаар өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө. 

     Мөн өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр цагдаагийн байгууллагад 21 жил тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа Н.Бямбадоржийг Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн даргаар томилсон талаар танилцууллаа. Мөн хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан ажилдаа амжилт гарган ажилласан тэргүүний ажилтнуудыг салбарын яамны шагналаар шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. 

А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш