logo
С.Цогтсайхан: Дарга мэргэжил

С.Цогтсайхан: Дарга мэргэжил

2011/11/24
Сосорбарамын Цогтсайхан  гэхээсээ илүү Хонхын Цогтсайхан гэх нь олонтой.  Дуудах нэрийг эх эцэг нь өгдөг. Дуурсгах нэрийг өөрөө олдог гэдэг. Нээрээ С.Цогтсайхан маань Хонх хамтлагийг байгуулж, коммунизмын цэвдэг мөсөн  үзэл суртлын  хана хэрмийг гэсгээж  хайлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн  “Ардчиллын  жинхэнэ дууч” байлаа. С.Цогтсайхангүйгээр,  Хонх хамтлаггүйгээр, Ардчилал сонингүйгээр  1990 оны ардчилсан хувьсгалыг  төсөөлөхийн ч арга байхгүй.  Хонхны дуу эгшиглэхэд С.Цогтсайхан маань эгшиглэнэ гэсэн үг.  Хонхны дуу эгшиглэхэд  Ардчилсан холбоо үгээ хэлж, улс төрийн тэмцэл өрнөлөө  гэж хүн бүхэн  хаана ч  явсан сэтгэл  дотроо  ойлгодог байлаа. Хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан, ардчиллын дууч С.Цогтсайханы сэтгүүл зүйд  оруулсан түүний уран бүтээлийн  онцлог,  ур чадварын талаар зохиолч, сэтгүүлч Галаарид  шинжлэх ухааны судалгаа хийж эхэллээ. Таны  эрдэм бүтээлийн ажилд өчүүхэн ч гэсэн гэрэл  гэгээ  асааж,  хувь нэмэр болохыг хичээн тунгааж,  энэ удаагийнхаа дугаараас эхлэн С.Цогтсайханы дотны андуудын  хаана ч хэзээ ч хэлж байгаагүй  гэгээн  дурсамжууд,  нэрт  сэтгүүлч агсан  С.Цогтсайханыхаа уран бүтээлээс цуврал болгон нийтлэж байна.                            

С.Цогтсайхан: Дарга мэргэжил
-Хүү минь чи сонс. Чиний өвөө дарга байсан. Муу аав чинь дарга. Одоо чи дарга боллоо. Олон дарга бэлтгэсэн хөгшин миний үгийг сонс. Чиний эцэг миний л гараар хүмүүжсэн дээ. /бүгшүүлэв/
-Эмээ би яарч байна. Намайг хүмүүс хүлээж байгаа.
-Битгий яар хүлээж л байг. Хүлээх ёстой юм.
-Яаж болдог юм бэ?
-Яарна гэдэг чиний эхний алдаа. Дарга хүн яарч болддоггүй юм.
-Эмээ минь хэлэх гэсэн юмаа хурдан хэлчих.
-Чи ийм байдлаар хол явахгүй. Дарга хүн биеэ авч явах урлаг эзэмшсэн байдаг юм.
-Би мэднээ.
-Чи юу мэднэ гэж?
-Архи тамхи, авгай…
-Наад хэлдэг чинь даргын цагаан толгойны зөвхөн “а ” үсэг. Дарга бол нарийн мэргэжил юм. Хэн бүхэн энэ ажлыг хийж чаддаггүй юм. Бурхнаас заяасан энэ хишгийг буянтай хүн эдэлдэг. Одоо гэрээсээ гарахдаа яаралгүй тайван явах хэрэгтэй. Сонсож байна уу? Харц дээшээ, нүд хагас аниатай, алхаа зөөлөн.
-Эмээ минь би яарч байна. Гүйж л таарна.
-Тэнэг гэдэг нь. Чи ер нь хар хурдаараа гүйж яваа дарга үзсэн үү? Тэр бүү хэл,шатаар өгсөж уруудахад хүртэл учир бий. Үүнээс хойш шат алгасаж харайлгадгаа боливол таарна. Орцноос гарсан хойноо гудамжны мөсөн дээр гулгав даа. Дарга хүн гулгаж болдоггүй юм. Алив юманд хурдан хөдлөхөө зогсоо. Тэгэхээр чинь аяндаа сайхан мяраалаад, жинхэнэ дарга шинжиндээ орно.
-Ёстой гайхалтай.
-Дарга хүн гайхаж болдоггүй юм. мэдэхгүй ч гэлээ, мэдсэн дүртэй байх хэрэгтэй.
-Энэ арай…/амандаа исгэрч/
-Чи исгэрч байна уу? Дарга хүн исгэрч шүгэлдэж болохгүй. Чи аягүй бол тагнай ташиж халаана шүү. Чи сонс тэр бүү хэл, чангаар дуулж болддоггүй юм. Чи ингэхэд хашгираад дуулаад яваа дарга үзсэн үү? Тэнэг гэдэг нь. Чи ч энэ байдлаараа огцроно доо.
-Ха ха. Энэ арай хэтэрч байна.
-Наад хөхөрч байгаа чинь “даргынх” биш л байна даа. Тэрүүхэндээ нуг нуг хийх хэрэгтэй.
-Болохгүй болохгүй л гэх юм. Би чинь ингэхэд хүн юм байгаа биз дээ.
-Бишээ чи дарга.
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш