logo
П.Алтангэрэл: Түгжрэл, агаарын бохирдол, хот зохион байгуулалтыг шийдье гэвэл нийслэлийг нүүлгэхээс өөр аргагүй

П.Алтангэрэл: Түгжрэл, агаарын бохирдол, хот зохион байгуулалтыг шийдье гэвэл нийслэлийг нүүлгэхээс өөр аргагүй

2011/11/24
УИХ дахь  Байгаль Орчин Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Алтангэрэл манай редакцийн асуултад хариулж байна 
-Байгаль Орчин Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хороо / БОХХАА-н БХ/ -ны  үйл ажиллагааны талаар манай уншигчидад товч танилцуулахгүй юу?
-Байгаль Орчин Хүнс хөдөө аж ахуйн байнгын  хороо нь  УИХ-ынхаа  зүгээс энэ салбарын бодлогыг тодорхойлох  чиг үүрэг бүхий парламентын  дотоод бүтцийн байгууллага. Тус байнгын хорооны дарга гэдэг бол илүү эрх мэдэлтэй албан тушаалтай  хүн биш. Хуралдааныг зохицуулдаг зохион байгуулах үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүдийн нэг нь. 
-Байнгын хорооны  хүлээсэн үүрэг  нь ямар онцлог талтай  вэ?
-Манай улсын нийгэм, эдийн засгийн олон салбарын бодлогыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн асуудал гэхээрээ мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл гээд  салбар тус бүрийн  бодлогыг УИХ-аас  яаж тодорхойлж гаргах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах нь манай байнгын хорооны үүрэг нь .
-Эдгээртэй холбогдсон хууль тогтоомжуудыг боловсруулна гэсэн үг үү?
-Хууль тогтоомжуудыг гаргах, боловсруулах, хэлэлцэх асуудлыг  хариуцна. Тэрнээс зарим хүмүүс захиргааны байгууллага шиг үүрэг гүйцэтгэдэг гэсэн ташаа ойлголттой байдаг. Зөвхөн бодлогын удирдлага нь энд ирж зангидагддаг.  
-Өнөөдөр хүмүүс байгаль орчин сүйдсэн тухай. Гол мөрөн,  горхи, рашаан булаг шанд ширгэж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан тухай ярьж, ихэд шүүмжлэлтэй ханддаг болжээ. Энэ талаар   судалгаа шинжилгээ хийдэг үү, дүгнэлт бодлого гаргадаг уу?
-Байгаль орчны чиглэлийн бодлого өнөөдөр  анхаарал татаж байгаа асуудлын нэг нь  яахын аргагүй мөн л дөө.  Энэ салбарын хувьд  судалгаа хийж, асуудалд бодит байдлаар хандах явдал сайжирсан. Ямарваа нэгэн байгууллага, байгаль орчны чиглэлийн асуудалд хандахдаа гол горхи сүйдээд байна. Үүнийг хамгаалахгүй бол болохгүй нь ээ гэж хоосон, хий дэмий зүйл ярихаасаа илүү сүйдэж байгаа шалтгаан нь юунд байна вэ? гэдгийг судалгаагаар тогтоодог болжээ.   Цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас болж байна уу, цөлжилтөөсөө эсвэл уул уурхайн замбараагүй үйл ажиллагаанаас уу,  ашигтай ашиггүй олон сая толгой малаас болоод байна уу гэх мэтийн  олон төрлийн шалтгаануудыг нарийвчлан гаргаж, судалж тогтоож, байж бодлогоо зөв  гаргаж ирэх   ёстой шүү дээ.  Ийм учраас  холбогдох яамд, агентлаг газрынхандаа бүгдийг судалгаан дээр үндэслэж хий гэж гэдэг зарчмыг баримталж байна. 
-Байгаль орчин ашигт малтмалаас болж сүйрч байгаа талаарх асуудлуудыг иргэний нийгмийн байгууллагууд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр чадлынхаа хэрээр гаргаж  ирээд  байгаа гэж боддог.  Байнгын хороонд ямар  хэмжээний судалгаа шинжилгээ төвлөрч байна вэ?
-Бид мэргэжлийн байгууллагуудаар судалгаагаа хийлгэдэг. Аливаа асуудалд хандахдаа мэргэжлийн байгууллагын судалгаан дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байх ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудыг буруутгаж байгаа юм биш. Иргэний нийгмийн байгууллагын боловсруулсан, санал болгосон хуулийг аль нэг дуртай Их хурлын гишүүн парламентэд барьж ороод батлуулдаг жишиг тогтчих  гээд байна. Гэтэл тооцоо, судалгааны үндсэн дээр мэргэжлийн байгууллагын судалгаан дээр тооцоолоод үзэхэд тэр хуулийг арай өөрөөр гаргавал илүү үр дүнтэй байхаар дүр зураг харагддаг. Тийм учраас байгаль орчны чиглэлийн хийсэн судалгаанууд Байгаль орчны яаманд байдаг. Бүх судалгаанд үндэслэж хууль журмыг тогтоож байхыг нийгэм өөрөө шаардаж байна. Тэр шаардлагын үндсэн дээр бий болж байгаа судалгаа шинжилгээнүүд бий.
Хэдэн гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсэн, агаарын бохирдлын хувьд ийм байна гэдгийг тоо хэмжээгээр нь гаргаж өгч болох уу?
-Маш сайн судалгаа бий. Судалгаа шинжилгээ маш нарийн хийгддэг хоёр салбарыг асууж байна. Судалгаа тооцоог авч болно.
-Хүн амын хүнсний аюулгүй байдал их яригддаг болсон. Ямар бодлого барьж байна вэ?
-Монгол Улс нэг хэсэгтээ хувьсгал хийлээ. Эдийн засгийн, үйлдвэржүүлэлтийн, уул уурхайн хувьсгал гээд баахан ярьлаа. Одоо Монгол Улс хүнсний аюулгүй байдалдаа анхаарах цаг болсон. Аливаа улс үндэстний аюулгүй байдал нь  хүнсээрээ дамжиж хэрэгждэг. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүний аюулгүй байдал болдог. Тиймээс онцгой анхаарах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санаачилж,  хүнсний аюулгүй байдлын тухай хууль боловсрууллаа.  Иргэний танхимд энэ талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүний өмнө би Олон улсын санхүүгийн корпорацитай хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хамтарч санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын санхүүгийн корпораци бол  улс оронд хүнсний аюулгүй байдлын бодлогыг  боловсруулах эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр их ажилласан туршлагатай байгууллага. Манайхтай хамтарч ажиллаад том төсөл хэрэгжүүлнэ. Одоо энэ төслийн хүрээнд  хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулахад оролцож  байгаа.  Манай байнгын хорооны зарим гишүүд, холбогдох мэргэжлийн хүмүүс Англид Олон улсын байгууллагын зардлаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ямар бодлого барьж байгааг   судлаад ирье гээд  ярьж байна. Манай талаас Олон улсын байгууллагуудтай   хамтарч ажиллах  бичиг баримтаа боловсруулах чиглэлд явж байна.  Байгаль орчин, ХХАА,  Байнгын хорооны зүгээс тодорхой бодлогуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн асуудал олон байна.
-Монгол орон нэг хүн амд ногдох малын тоо толгойгоор дэлхийд гайхуулах байхаа. Гэтэл  хоёр хөршөөсөө хиам, талх тариа, гурил,  мах махан бүтээгдэхүүн,  төмс хүнсний ногоо, сүү таргаа зөөсөөр байх уу. Бодлого байна уу?      
-Би хүнс хөдөө аж ахуйн талаар ярьдаг хүний хувьд нэг л юм боддог. Манай улс бол мах, махан бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг  хангаж чадна. Үүндээ маш сайн бодлого боловсруулаад малынхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлд тодорхой тодорхой ажлууд хийгээд явбал экологийн цэвэр бүтээгдэхүүн, дэлхийд байхгүй махаар өөрсдийгөө төдийгүй өрөөл бусдыг хангаж чадах юм. Энэ бол манайд байгаа нөөц бололцоо. Гурилаар дотоодоо хангах боломжийг бүрдүүлж байна. Дээр нь төмс хүнсний ногоогоор хангадаг болох хэрэгтэй байна. Бид төмс, нарийн ногоогоор хүн амынхаа хэрэгцээг 70- 80 хувиар хангадаг болчихлоо гэдэг нь худлаа. Дандаа хятадын ногоо идэж байна. Тиймээс чуулганаар тариалангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар дэмжээгүй буцаасан. Хүнсний аюулгүй байдал гэдгээ л бодож  тийм хуулийн төсөл өргөн барихыг хичээсэн хэрэг. Одоо ноос ноолууранд урамшуулал өгч байгаатай адилхан үр тариа, төмс, хүнсний ногоо тарьдаг  тарианланчидад зохих урамшуулал өгье гэсэн хуулийн төсөл барьсан. Засгийн газар буцаасан ч өргөн барина. Ингээд бид махаараа, гурилаараа, сүүгээрээ, төмс хүнсний ногоогоороо хангадаг болсон тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нэг шатаар ахиж баталгаажлаа гэсэн үг.
-Ховордсон ан амьтан, зээр гөрөөсийг хайр найргүй хяддаг, гадаадын жуулчдын шугамаар нядалдаг. Үүнийг их дургүйцдэг энэ талаар?
-Ховордсон ан амьтдыг, бүтээгдэхүүнийг экспортлох тухай хуулийг өөрчиллөө шүү дээ. Ховордсон амьтдыг хил гаалиар гаргаад байгаа учраас хуулиар  хориглох  арга хэмжээ авч байгаа юм. Ер нь  ан амьтанд арай өөр бодлого барихгүй бол болохгүй байгаа . Одоо байгаа ан амьтнаа хамгаалах гэж ярьдаг хэрнээ бодит байдалд  агнаад л байгаа. Бид нар нэг талаас нь  хууль гаргадаг  нөгөө талаас нь хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавьдаг зарчим байхгүй болсон учраас л тэр. Ховор ан амьтад байгальдаа болж байгаа нь байж байг, устаад үгүй болдог нь устаж л байг гэсэн зарчим л буруу байхгүй юу.  Ховор ан амьтдыг өсгөж үржүүлдэг, түүнд нь урамшуулал үзүүлдэг тогтолцоо байдаг. Энэ чиглэлээр бид ховордсон ан амьтдаа өсгөж үржүүлэхэд нь төр засаг дэмждэг, тусалдаг ийм чиглэл рүү орох ёстой юм байна. Нөгөө талаар зэрлэг ан амьтдыг гэрийн тэжээмэл амьтантай адилхан хамгаалж байх нөхцлийг бий болгох  хэрэгтэй. Байгалийн эрсдэлтэй цаг үед устаж үгүй болж байна. Одоо малчдад өчнөөн тонн өвс тэжээл олгодогтой адил бас нэг бодлого гаргаад цаг агаар хүндэрсэн үед ховордсон ан амьтдаа ямар нэгэн байдлаар тэжээдэг, өвс өгдөг эртний уламжлалт олон аргууд бий. Түүнийг дахин сэргээх цаг болсон гэж үздэг.  Тийм бодлогыг бид давхар хийх ёстой. Нөгөө талаар байгаль, ан амьтан, ой модыг хамгаалдаг систем нь өөрөө зөв зохистой байж чадвал сая маш сайн хамгаалалт болдог. Жишээ нь бид ан амьтнаа агнахыг хориглож байгаа нь энэ гээд  тэр амьтныг хөгшрүүлээд ямар ч үр ашиггүй насных нь жамаар үхүүлэх  явдал биш юм.  Харин зөв зохистой хамгаалалт гэдэг бол сүргийн нөхөн сэргээлт болон эрүүлжүүлэх процесст хамгийн сайн нөлөө үзүүлж байдаг. Аргаль ,угалзийг агнахгүй гэхээр ууланд яваа аргаль угалз зүгээр л хөгшрөөд үхдэг. Дархан цаазтай агнаж болохгүй гэсэн бодлого байгаа болохоос биш зохистой агналт хийж, эрүүлжүүлдэг залуужуулдаг тийм бодлого байхгүй байна. Ой модны асуудал яг адил. Ой модны 50 хувь нь хөгширчихөөд байна. Нөхөн сэргээлт сийрэгжилт хийдэггүй ийм учраас хөгшрөөд, өтөнд идэгдээд дуусч байна. Яаж ашиглах вэ? гэдэг төрийн бодлого байхгүй байна.
-Та Чингис хаанаа шүтдэг үү?
-Мэдээж шүтнэ.
-Хиад боржигоны буюу Чингис хааны сүлд нь юу байв?
-Эдлэг шонхор.
-Эдлэг шонхорыг зарж байгаа явдлыг Монгол Улсын тулгуур төрийн сүлдийг зарж амьдрах арай ч болоогүй дээ Монголчууд гэж ойлгодог хүмүүс олон байдаг.  Шонхор шувууг гаргадаг нь зөв үү буруу юу?
-Шонхор шувууг төрийнхөө  сүлдэнд оруулах асуудал яригдаж байсан. Чингис хааныхаа сүлдийг харийнханд гаргаж байгаа гэдэг талаас нь биш арай өөр өнцгөөс нь  яримаар байна.  Энэтхэгт үхрээ алж иддэггүй гэдэгтэй адилхан Монголчууд морийг шүтээнээ болгосноос биш одоохондоо шонхорыг шүтээнээ болгоогүй байна. Шонхорыг шүтээнээ болгоод сүлдэндээ оруулсан бол гадаадад гаргадаг асуудал ард түмний зан заншлаар аяндаа л цаазлагдаад байхгүй болно. Тэгээгүй тохиолдолд монголчууд шонхор шувууг энгийн л шувуу гэж ойлгож байгаа.
- Гоц анхаарал татсан зүйл бол архи байна.  Нэг хүнд  24 литр архи ногдоно гэдэг  арай хэтэрсэн асуудал байхаа. Сүүлийн үеийн статисктик мэдээгээр  600 гаруй хүүхэд автомашины осолд өртөж, тахир дутуу болсон жилд 190 гаруй хүн бусдын гарт  санаатайгаар алагдсан байна. Архинаас л болоод байгаа гэдэгт эргэлзэх юм алга.   Энэ асуудалд ямар бодлого барьж байна. Төрийн бодлого байна уу ?
-Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл л дээ. Сумын төвд, багийн төвд Улаанбаатарт ч байсан хамгийн сэтгэл эмзэглүүлсэн, яаж шийдэх вэ гэж толгойгоо гашилгасан асуудал. Архийг шийдвэрлэх гэж янз бүрээр үзсэн. Архитай нь тэмцэх биш архичинтай нь тэмц, архичинтай нь биш архитай нь тэмц гэсэн зөрчилтэй  хэл ам гарч байсан. Яаж зохицуулах вэ, хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ гэдгийг бодож байсан улс орон цөөнгүй.  Миний хувьд  энэ асуудалд  шийдлээ олж чадаагүй л гэж боддог. Уламжлалт ёс заншлаараа хориглосон улс орон байдаг. Жишээ нь Арабын орнуудад архи уухыг хориглодог зарахыг ч хориглодог. Тэр нь уламжлалт сэтгэхүйтэй холбоотой. Манайд бас тийм  уламжлалт ёс заншил бий. Нөгөө л коммунист үзэл суртал, социализмын үед орос ах нараас хатуулгатай архийг стаканаар нь уучихдаг юм руу манайхан орчихсон. Дэлхийн  II   дайны  үе ч байсан байх. Эх захгүй архиддаг явдлаас  гарахын тулд уламжлалт ёс заншлыг өргөн дэлгэрүүлэх хэрэгтэй. Монгол хүн бол монгол ёс заншлаараа байх ёстой. Архи үйлдвэрлэгчид, борлуулалтын цэгүүдийг тодорхой хэмжээгээр хатуу стандарт тогтоож цөөлөх нь зөв. Гарцаагүй цөөлөх хэрэгтэй. Одоо булан тойроод л архиа аваад уудаг ийм л орчин байгаа учраас давруулж байгаа хэрэг. Би хотын удирдлагуудыг их шүүмжилдэг. Том том, сайхан сайхан юм ярьдаг. Архиныхаа асуудлыг шийдвэрлэж чадаагүй удирдлагыг ажил хийж байна гэж үзэх юм уу үгүй юм уу. Хариуцлага ярих л шаардлагатай гэж үздэг.  Архи монголчуудыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгааг алдагдуудах хэмжээнд хүрсэн байна.
-Дарга нарын өөрсдийнх нь орлого  архиар орж ирдэг учраас архийг  яалаа гэж  багасгах билээ?
-Магадгүй. Архийг цэгцлэхээр өөрсдийнх нь орлого багасдаг байх гэж  би ч  бас тэгж хардаж байна. Төсвийн мөнгөнөөс мөнгө гаргаж хийж байгаа ажлаа өөрөөсөө гаргаж байгаа юм шиг орой болгон телевизээр рекламдаж байдгаа болиод амьдрал дээр, хөрсөн дээр бууж ажилламаар байх юм аа.
-Улаанбаатар хотдоо бие засах газаргүй орчингүй  байгаагаас 600 гаруй хүүхэд  шарласан байна.Танай Байнгын хороо үндэсний хэмжээний бодлого гаргадаг уу, бүсчилсэн бодлого барьдаг уу. 
-Нийслэл гэхээр нийслэлийн хүн амын аюулгүй байдал, архи дарс согтууруулах ундаа хэрэглэж байгаа агаарын бохирдол, өвчлөл, хөрсний бохирдол гэх мэт элементүүд ороод ирсэн байдаг. Бүсчилж бодлого барина гэж байхгүй. Байгаль орчин, ХАА-н асуудал хөдөө ч байгаа. Тиймээс тус байнгын  хороо Монгол Улсынхаа хэмжээнд бодлогоо явуулна. Тийм ч учраас нийслэлд агаарын бохирдлыг бууруулах бодлого батлах, гаргах дагалдаж гарсан Их хурлын тогтоол хэрэгжилтэнд хяналт тавих асуудал дээр маш эрчимтэй ажиллаж байгаа. Манай Байнгын хороо агаарын бохирдолтой холбоотой, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Яам, Тамгын газрынхны хэрэгжилтийг нь шалгаад явдаг.
-Ойрын үед ямар бодлого чиглэл гарах вэ?
-Ойрын үед газрын тухай багц хуулийн асуудал Байнгын хорооны энэ чуулганы хамгийн том асуудал болоод байна. Газрын харилцаа гэдэг бол маш чухал асуудал. Газрын харилцааны асуудал дээр маш сайн шинэчлэл хийхгүй бол урьд өмнө гарсан олон хуулиуд өнөөгийн нөхцөл байдалтай тохирохоо больчихжээ. Тийм учраас газрын тухай хуулийг Байнгын хороо нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхээ шийдсэн, нэлээн том ажлын хэсэг байгуулагдсан нухацтай ажиллаж байна. Нөгөө талаар бид малын цөм сүргийн асуудал дээр анхаарч байна. Одоо яамны холбогдох газруудын мэдэгдлийг бид сонсоно. Ер нь мал аж ахуйн үүлдэр угсааг, чанарыг сайжруулах тал дээр ямар ажил хийж байгаа юм бэ? Би сүүлийн үед их анхаарал хандуулж, хүмүүстэй уулзаж, мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг сонсоод үзэхэд манайд махны чиглэлийн үхэр байхгүй. Ашиг шим авдаг 20 үхэр байлаа гэхэд тэр 20 үхрээс авсан ашиг шимтэй дүйх хэмжээний 10 үхэртэй байх гэсэн ийм бодлогыг бид явуулмаар байна. Гэтэл манайхны хувьд цөм сүрэг гээд нэлээн олон сүрэг социализмын үед бий болж байсан. Нарийн судлаад үзэхээр бүгд эрлийзжээд устаж, өгдөх махных нь жин  хэмжээ нь багасч байгаа учраас цөм сүрэг гэж хэлэхэд хэцүү. Дахиад ийм хэмжээний цөм сүргийг гаргаж авах шинжилгээний ажил хийвэл асар их цаг хугацаа шаардлагатай. Тийм учраас гадаадаас Монголын нөхцөл, цаг уурт илүү таарч болох, нутагшуулж ч болох өндөр ашиг шимтэй малыг олноор оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ  нэгдсэн журмаар тараагаад өгч болохгүй. Тэгэхээр саармагжаад Монголдоо өөр малтай  эрлийзжээд яг үндсэн ашиг шимээ алдах болно. Нэг том сүрэг, асар том болгож, тэнд нь их хэмжээгээр өсгөж, дагнаж үржүүлж байгаад сум сумаар нь, аймаг аймгаар нь сайжруулах ажлыг хийх ёстой. Уул уурхайгаас олж байгаа орлогыг зүгээр тарааж болохгүй ээ. Ирээдүйд Монгол Улсынхаа хөгжил болох салбарт зарцуулах хэрэгтэй. Уул уурхайгаас олж байгаа орлогыг нэгдүгээрт боловсролд, хоёрдугаарт эрүүл мэндэд, гуравдугаарт Монгол Улсыг цааш нь хөгжүүлэх эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйд зарцуулах хэрэгтэй байна. Гэтэл бид нарын төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөний 150 тэрбум төгрөгийг контор  барих гээд байна. Үүгээр яах юм бэ? Гэтэл контор  барина гэж 150 тэрбум төгрөг тавьсан мөртлөө ашиг шимтэй малыг үржүүлье гээд 10 тэрбум төгрөг гээд тавихаар хассан байна. Ийм бодлого байж болох уу?
-Монгол үндэсний үзэл баримтлалд улаан буудай, мах хоёр  Монгол үндэсний стратегийн бүтээгдэхүүн байдаг. Мах улаан буудайн нөөц алдагдсан гэж үзэж болох уу?
-Улаан буудай бол авч байгаа тоо хэмжээ, хангаж байгаа далайцаараа болж байна гэж бодож байгаа. Гэтэл улаан буудайг дотооддоо хангаад гадаадад экспортлох хэмжээний чанартай тариаг бид тарьж чадаж байна уу гэдэг дээр анхаарах ёстой. Үрийнх нь чанарыг сайжруулах асуудал туйлын чухал. Мах бол алдагдсан. Малаа өсгөж үржүүлээд махаа экспортлоод ч ашиг олж чадахгүй. Яагаад гэхээр манай гурван үхэр гадаадад сайн бордогдож байгаа нэг үхэртэй тэнцэнэ. Энэ хэмжээнд яаж хүрэх вэ гэхээр экологийн цэвэр бүтээгдэхүүнийг яг Монголын хөрсөнд ургасан 16-17 төрлийн үр ургамлыг бэлчээрээр явж идэж байгаа Монголын малаас гарах тэр мах, махан бүтээгдэхүүн нь жинхэнэ цэвэр экологийн брэнд    болгохын тулд миний дээр хэлсэн бодлого дутагдаад байна.
-Байгалийн унаган төрөхөөрөө байгаа жинхэнэ цэвэр экологийн мах,махан  бүтээгдэхүүн өгч байгаа малаа гадаадад нэрд гараад байгаа фермерийн аж ахуйн төслөөр өсч байгаа талтай хольж хутгахгүй  тусад нь явъя гэсэн бодлого барьж байгаа хэрэг үү? 
-Хольж болохгүй. Яваандаа тийм үхрийг олноор нь өсгөж үржүүлэх хэрэгтэй. 100 үхэр тэжээж махаа идэж байснаас 100 үхэртэй тэнцэх 10 үхрийг тэжээж ашиг шим олдог ийм чиглэлээр явуулах бодлого барьж байна.  Монголын малын бүтээгдэхүүн нь тусдаа явна.
-Францаас сарлагийг судлах групп ирж аймгуудаар явсан. Сарлагийг мах, чанар, сүү, бүтээгдэхүүний хувьд дэлхийд хосгүй гэж үзсэн. Сарлагийг шим тэжээлтэй эмийн ургамлуудыг иддэг гэж үзсэн. Ямар нэгэн бохирдолгүй, химийн бодисгүй бүтээгдэхүүн гэж тогтоогоод сарлагийн сүү сүүн бүтээгдэхүүн ноосыг авах гээд дэлхий даяар хошуурч байна.  Энэ чиглэлээр үржүүлбэл манайд тэжээврийн малаас илүү ашиг өгөх юм биш үү?
-Манайд гадаадынхан ирээд сарлагийг судлаад ямар амьтан болохыг нь тогтоож байгаа нь буруу. Тэртээ тэргүй манайхан тогтоочихсон. Сарлагийн өрөм гэж хуруу зузаан, 500 гр монгол үхрийн сүүгээр сүлсэн 10 л усыг, 100 гр сарлагийн сүүгээр сүлсэн 10 л устай харьцуулахад ялгаагүй сайхан болдог. Үүнийг манай монголчууд эртнээсээ л мэднэ. Өөрсдийнхөө уламжлалт мал маллагааны ашиг шим, бүтээлээ нийтэд  гаргаж чадахгүй байгаатай холбоотой.  Мал аж ахуйд хандаж байгаа бодлого нь сул байгаатай бас холбоотой. Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд  хувьд өмчлөх газар байхгүй. Миний хувьд Төв аймгийг Улаанбаатар хотын дүүрэг болгоод Төв аймгийнхилийн бүсийг өөрчилж, Нийслэлийн бүсийн харилцаанд нь оруулаад ирвэл Нийслэлийн бүх иргэд 0.7 га газраа авна.
-Улаанбаатар хотыниргэд 2013 он гэхэд  0.7 га газраа авч чадахгүй    бас баахан үймээн дэгдэх юм биш үү?
-Газрын хуулиар үүнийг зохицуулна гэж байхгүй. Үүнийг зохицуулах үндсэн арга бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад засаг захиргаа нутаг дэвсгэрийн хууль гэж байна энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй.
Яагаад гэхээр манай Монгол Улс шиг хотгүй улс байхгүй. 4000 хүнтэй баг, 2000 хүнтэй сум байх жишээтэй. Энэ бол жинхэнэ дампуу бодлого. Нийслэлийн асуудалд Улаанбаатар хотыг гоё болгох тухай, хот зохион байгуулалтанд оруулах тухай ярих дургүй. Түгжрэл, агаарын бохирдол, хот зохион байгуулалтыг шийдье гэвэл нийслэлийг нүүлгэхээс өөр арга байхгүй. Дэлхийн улс орнуудын жишиг байна. Аж үйлдвэрийн төв, засаг захиргаа нийгэм соёлын төв гэж байдаг. Улаанбаатар хот аж үйлдвэрийн раойн.  Нийгэм соёл нь төвлөрдөг нийслэл болсон газраа байгальд ээлтэй, ногоон байгууламж бүхий хот байх ёстой. Үйлдвэрлэлийн хот, нийслэл нь тусдаа байдаг зохион байгуулалтаар хийхгүй бол Улаанбаатар хотыг гоё болгох тухай яриа бол мөрөөдөл. 
Эх Сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш