logo
16 настнууд андгай өргөж, Монгол улсын иргэн болсноо баталгаажууллаа

16 настнууд андгай өргөж, Монгол улсын иргэн болсноо баталгаажууллаа

2011/11/27
“ Залуус та бүхний минь өв тэгш хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадвар Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч шүү” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон хүүхэд залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо.
Туурга тусгаар Монгол улсын иргэн болохоо баталгаажуулж, андгай өргөх ёслол уламжлал болсоор эдүгээ есөн жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд “Иргэний  андгай өргөх ёслол” Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, мөн орон даяар зэрэг явж байгаагаараа онцлог болж байна. Олон тэгш ойнууд давхцсанаараа энэ жилийн хувьд бас өнгө нэмж байгаа “ Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагчид иргэний үнэмлэхээ гардан авахаар хүрэлцэн иржээ.
Ёслолын ажиллагааны хүндэт зочноор Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг  нар оролцлоо. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эхний алхам болдог “ Иргэний андгай өргөх ёслол”-д Засгийн газрын тэргүүн ирээдүйн залуусд хандан үг хэлсэн юм. Ерөнхий сайдын гэхээсээ илүү ах хүний хувьд хандан хэлсэн түүний үгийг 16 настангууд маань чих тавин сонслоо. “ Эх орныхоо бүрэн эрхт иргэн болж байгаа дүү нартай баярын мэнд хүргэе.
Энэ жилийн хувьд тэгш ойнууд давхцаж , дэлхий дахинд нэрээ дансалсан НҮБ-ын 50 жилийн ойн жил та бүхэн иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөж байна. Энэ ч утгаараа та бүхэн эх орноороо, Монгол улсаараа бахархах учиртай. Эх орныхоо ирээдүй болсон залуучууд та бүхэн өнөөдөр өөрийн амьдралд нэгэн шинэ хуудсыг нээж, нэгэн шинэ үеийг эхлүүлж байна.
Энэ мөч та бүхний амьдралд мартагдашгүйгээр хадгалагдан үлдэж, залуучууд та бүхэн эрдэм боловсрол эзэмшиж эх орныхоо нэр хүндтэй иргэн хөгжлийн бүтээгч нь болно гэдэгт Засгийн газрын тэргүүний хувьд би бүрэн итгэж байна. Залуус та бүхний өмнө хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Эх орон маань хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирлээ. Тиймээс та бүхэн энэ улсын эзэн нь болж, манлайлан ажиллах эрхэм үүрэгтэйгээ ухамсарлах ёстой.
Монголын хүн амын олонхи болсон хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилсээр байх болно. ” хэмээгээд ёслолын ажиллагаанд оролцсон хүүхэд багачуудад хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон оролцогчид дараа нь төрийн дууллаа хамтран дуулснаар ёслолын ажиллагаа өндөрлөлөө.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш