logo
Багш ядуурвал нийгэм л ядарна даа

Багш ядуурвал нийгэм л ядарна даа

2011/11/27
Сургууль нийгмийн тархи, боловсрол, харин, түүний оюун нь юм. Сургууль, боловсролоор дамжуулан нийгмийн тархи, оюуны бүтээгч нь гагцхүү багш билээ. Ийм ч учраас дайн дажины хөлд нэрвэгдсэн улс орон ч хүртэл эхлээд багшийг ядууруулахгүй байх, харин ч бүр өнгөлөх бодлого баримталж байсан түүх олон ажээ. Түүхэн ийм сургамжийг таньж мэдснээр социализмийн үед багшийг өнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд нь нийгэм ихээхэн сэхээрч соёлжив. Эл сургамжгүй харин үл тоож, либерализм хөглөгдсөн ардчилалын өнгөрсөн 20 жилд багш ядуурч, үр дүнд нь нийгэм ихэд ядаржээ.
Нийгэмд шинэ шаардлага, хувь хүний амьдралд шинэ хэрэгцээ, сонирхолыг буй болгосон “ардчилсан” гэсэн тодотголтой хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа, үндсэн зарчмын дагуу боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын өмнө тавигдсан. Энэхүү шинэчлэлийг хийсэн өнгөрсөн он жилүүдэд олсон ололт цөөнгүй, бас алдсан алдаа багагүй. Олсон ололт нь  сэхээрэл, оюунлаг байдал, бүтээлч чадвар, хүнлэг сэтгэл, их зүтгэлийн үр, хамтач хөдөлмөрийн эерэг үр дүн. Харин алдсан алдаа нь, харин, судалгааг үл тоох нийгмийн хандлага,  судлаачийг үл хүндэтгэх нийгмийн араншин, увайгүй сэтгэл, залхуурах, бэлэнчлэх, хялбарчлах, хуулбарлах сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судалгааны үндэслэл муутай бодлого, шийдвэр, түүний бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн байдлыг бус, харин тухайн бүлгийн ашиг, сонирхолд хэт хөтлөгдсөн оноогүй, бас зохиогүй томилгооны олиггүй үр дагавраас улбаатай. Ийм олиггүй үр дагаврын нэг бол багш ядуурах үзэгдэл мөн.
Социализмийн 70 жилд багшийг өнгөлсний дүнд нийгэм бүхэлдээ соёлжин сэхээрсэн. Энэ үеийн ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байлаа. Тэр цагт төлөг 10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг сарын цалин  65 төлөг, 542 талхны үнэтэй жишихүйц ханштай байжээ. Цалинг хониор өгдөг байсан гэвэл социализмийн үед шинэ багш сард 65 тоо толгой  бүхий сүрэг хониор цалинждаг байх нь л дээ. Социализмийн үед багшийг ийнхүү сард 65 тоо толгой бүхий хонин сүргээр,  өдөр 2-3 хониор цалинжуулах бодлогыг хэрэгжүүлсний дүнд багш тэнхээжин, ажилдаа хичээнгүйлэн зүтгэж, сэтгэл гаргаж  ажиллаж байсны дүнд энэ үндэстэн ихэд сэхээрч, соёлжижээ. Тэр цагт энэ улсын хүн ам  бүхэлдээ бичиг үсэгт тайлагдаж, энэ хэрээр тэд ном үзэж, хүмүн төрөлхтний тэр цагийн иргэншлийн утгаар, юуг хийж болох, юуг эс хийх ёстойг бүр өсөх наснаас ухаарч өсдөг байв. Үүний үр дүнд хүмүүс хөлс дуслуулахгүй орлого олохыг цээрлэж, одоогийн хэллэгээр бол авилгалыг цээрлэж, харин ариун цагаан хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэдэг байжээ. Багш ч ингэж амьдрахыг зөвхөн номлогч төдий бус харин үлгэрлэгч, манлайлагч байв. Багшийг өнгөлөх социализмийн үеийн энэ бодлогын дүнд нийгэм их л ухаажин, ийнхүү соёлжсон бөлгөө.
Ардчиллыг өрнүүлсэн өнгөрсөн 20 жилд багш ч их ядуурч, үр дүнд нь нийгэм ч их ядрав. 2011 оны байдлаар шинэ багш сард 190 000 хэтрэхгүй төгрөгний цалин авч, багшийн сарын дундаж цалин 320 000 орчим төгрөг байгаа юм.  Одоо зах зээл дээр  хонины “цаасан” ханш 150 000-200 000 төгрөг байгааг санаад, хялбархаан тооцоо хийвэл, ардчилалын үеийн багш сард сүрэг хониор бус харин зөвхөн нэг хониор л цалинжиж байгаа нь, мөн багш дундажаар сард 1 эр хонины үнэ хүрэхгүй цалинтай байгаа нь харагдлаа.  “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал ардчилал өрнөсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурчээ.  Нийгмийн тархи, оюун, ухамсарыг  бүтээх их үйлсэд зүтгэгч багш ийнхүү ядуусын давхаргад аажмаар шилжив.
"Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог” гэдэг. Ядуурсан багш ядуу л авирлаж, үр дүнд нь нийгэм л ядарч байна. Ажилдаа зүтгэсээр л өдрөөс өдөр ядуурч байгаа багш дотоод ч, гадаад ч байдлаараа их л гундуухан. Цалин нь хувцас худалдаж авах бүү хэл, хоногийн хоолондоо хүрэхгүй тул тэд хувцас муутайхан л гэлдэрнэ. Ядуувтар хувцалсан байдлаар нь сурагчид  тэднээр ил далд тохуурхан нь энүүхэнд. “Ус хамарт нь хүрэхэд нохой усч” гэгчээр ядуу багш нар мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэн байж,  хууль бусаар орлого олохыг ихэд оролдож буй  нь  өрөвдмөөр, бас ичмээр. Мэргэжлийн хүний нүдээр харвал “сурах бичиг, гарын авлага”  гэж огт хэлж болохооргүй, түмэн алдаа тээсэн “сургалтын материал” нэртэй номонцоруудыг шахаж, бөөн хэл амыг өдөөнө, тэд. За тэгээд, бараг хүн бүрийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг мөнгөөр зохион байгуулна.Алдарт олимпиадын үед багшийн гаргаж буй авир, олж буй  орлого нь, товчхондоо хэлбэл, хурдан морины уралдааныг санагдуулдаг. Хурдны морины уралдаанд хүүхэд л томчуудын мөнгө, нэр төр олохын  золиос болоод үлддэг шүү дээ.  Ядуурал багшийг  ингэтэл нь гундааж байна.
Ядуугийн  гай ч гэмээр юм уу даа, энэ цагийн багш нарын дунд  мэргэжил, мэдлэг, чадвараараа бус харин төрийн шагнал, одон тэмдгээрээ л уралдах, гайхуулах сэтгэлгээний нэгэн  гажиг газар авч байна. Ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгээр ороод гарахад л “Энэ сургуулийн багш нар бараг л бүгдээрээ л боловсролын тэргүүний ажилтнаас эхлээд л элдэв гавьяа, цолтой юм байна даа” гэсэн сэтгэгдэл төрөхийн хамт ийм гавьяатай байж яасан ч тарчигхан чадвар, сэтгэлгээтэй юм бэ гэсэн бодол бас зэрэгцэнэ. Жишээ болгон хичээлийн жилийн нээлт буюу 9 дүгээр сарын 1-ний баярыг нэг эргэн дүрсэлье. Хүүхэд бүр  “хичээлийн анхны өдөр” гэсэн өөдрөг сайхан сэтгэлээр энэ өдөр сургуульдаа ирдэг дээ. Гэвч тэдний урдаас сургууль ямар өнгө, төрх, ааш авирыг үзүүлдэг гээч. Индэр дээр энгэртээ элдэв одон зүүсэн этгээдүүд эгнэн зогсож, ээлжлэн эцэст төгсгөлгүй, утга учиргүй урт яриа өрнүүлж гайхуулаад зогчихно. “Тэдний энэ үг, яриа хүүхдэд ямар хүртээлтэй юм бол оо” гэдгээ ч ухаарч чаддаггүй мэт яриад л байна. Энэ хооронд багачууд нь даарч хөрч уйлна, томхон нь уйдаад буцаад гэр лүүгээ яваад өгөх нь олонтой. Эцэст, нэг цаг дор цуглуулсан хүүхдүүдийг сургуулийнхаа хаалгаараа олигтой зохион байгуулж оруулчихаж чаддаггүй, зүгээр орхичихдог.  Үүнээс болоод өөдрөг сэтгэл тээсэн хүүхэд уйлаад буцахад ч эндүүхэнд л байдаг даа. Ядуу багшийн ядуу сэтгэлгээнээс болоод “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа” гэсэн социализмийн үеийн энэ хэллэг  хүртэл өөрчлөгдөж, “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр биш” гэсэн шинэ цагийн шинэ хэллэг хүртэл энэ нийгэмд буй болж байх юм даа.  Энгэрт гялалзах одон медаль нь ядуу багшийг ядуурлаас гаргах нь юу бол. Одонгоо гялалзуулан индэр дээр эгнэн зогсохоос илүүтэйгээр нэг цагийн ажлын хөлсний хэмжээг малчны ухаанаар нэмэгдүүлэхийн төлөө нэгдэн нийлэх нь, наандаж, ядуурсан багшийг ядуурлаас гаргахад тань нь, цаанадаж, манантаж сааралтсан нийгмээ сэхээрүүлэн гэрэлтүүлэхэд ч  ач тустай байж  юун  магад.
Ядуу багш нар нийгмийн урд бус, харин нийгмийн ард хоцрогчдод, ер нь “ард” болчих гээд байна.  Тэд мэргэжил, боловсролоо дээшлүүлэх талаар санаа зовдоггүй. Эрүүгээ хөштөл илүү цаг заасаар л өдрийг өнгөрөх нь ядуу багшийн түгээмэл төрх. Өдрийг ийнхүү өнгөрөөх тул тэдэнд ном унших, юм судлах, арга зүйгээ дээшлүүлэх, нийтийн боловсролын талаар төрөөс барьж буй бодлогын буруу, зөвийг эргэлцүүлэх тийм цаг бага, цаг байлаа ч сэдэл, тэмүүлэл үгүй. Хууль бус хамтарсан засгийн газраас хэрэгжүүлж буй нийтийн боловсролыг Англичлах бодлогын хор нөлөөг урьдчилан сануулж, энэ талаар үндэсний түвшний хэлэлцүүлэг хийхийг уриалсан “Боловсролыг Кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу” гэсэн нийтлэл бичиж, олон сонинд нийтүүлж нийтийн хүртээл болгосны  дараахан энэ цагийн багш нар өдөр тутмын сонин ч олж  хардаггүй болтлоо хоцорсон, ядарсанг олж мэдээд, ихэд гайхаж билээ. “Ийм байж, тэд ирэх зууны иргэдэд яаж хичээл явуулдаг юм бол оо. Дандаа өнгөрснийг  л яриад байдаг юм болов уу. Энэ цагийн хүүхэд яагаад сургууль дургүй болчихов оо,  Энэ багш нар амьдралынх талбар болсон боловсролын салбарынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яагаад санаа зовдоггүй юм бол оо” хэмээн бодож, тэдний талаар гундуухан сэтгэгдэл тээж байж билээ. Ядуу багш нар маань энэ цагийн хүүхдэд өнгө үзэмжэээрээ ч, мэдлэг боловсролоороо ч, мэдээллээрээ ч, хамгийн гол нь ёс зүй, ёс суртахууны хувьд ч гологдоод байх вий дээ.

Ардчилалыг өрнүүлсэн он жилүүдэд багш л их ядууржээ.  Социализмийн үед багш сард 65 тоо толгой бүхий сүрэг хониор цалинждаг байсан бол одоо нэг л хониор цалинжиж байна. “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал өнгөрсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурсан байна. Энэ нь угтаа өнөөгийн багш социализмийн үеийнхээс 65 дахин тарчиг, ядуу амьдарч байна гэсэн үг.  Ингэж ядуурсан багш ядуу авирлаж, улмаар нийгэмд боловсрол, соёлын ядуу үр түгээж, үр дүнд нь нийгэм л их ядарч байна. Иймд нийгмийн тархи, оюуны бүтээгч багшийг ядуурлаас ангид байлгая, тэдний цалинг өнөөгийн 65 хонины ханшид ядаж дүйцүүлж нэмье. Учир нь, багш ядуурвал эцэстээ нийгэм л ядарна шүү дээ.

Ц.Лувсандорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш