logo
Эль Барадей Египетийн ерөнхий сайд болоход бэлэн

Эль Барадей Египетийн ерөнхий сайд болоход бэлэн

2011/11/29
Египетийн эрх баригч Зэвсэгт хүчний дээд зөвлөлөөс Засгийн газрыг тэргүүлэх санал тавибал ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзахад бэлэн байна гэж тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Мохамед эль-Барадей мэдэгдэв.
«Улс үндэстнээ аврах засгийн газар байгуулахыг уриалж байгаа улс төрийн хүчнүүд, тэрчлэн хувьсгалд оролцож байгаа залуучуудын шаардлагад хариу өгөхөд бэлэн байна» гэж эль-Барадей мэдэгджээ.
Одоо шилжилтийн Засгийн газрыг Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн үед Ерөнхий сайд асан Камаль Ганзури тэргүүлж байна. Түүнийг Египетийн Цэргийн дээд зөвлөлөөс энэ албан тушаалд өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт томилжээ. Тус улсын шинэ ерөнхий сайд болж магадгүй нэр дэвшигчдийн тоонд эль-Барадейн нэр орсон байна.
Үүний сацуу Каирын төвд олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа ажээ. Эсэргүүцэгчид бүх эрх мэдлийг цэргийнхнээс шилжилтийн засгийн газарт өгөхийг шаардаж байгаа юм. Жагсагчдын зарим нь шилжилтийн засгийн газрын тэргүүнээр эль-Барадейг сонгохыг дэмжиж байгаа ажээ.
Мохаммед эль-Барадей нь Нобелийн шагналтан бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагийг тэргүүлж байв. Жагсагчдын шахалтаас болж Хосни Мубарак аргагүйн эрхэнд огцорсноос хойш бараг нэг сарын дараа тэрбээр Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо 2011 оны гуравдугаар сард зарласан юм.
Египетийн цэргийн эрх баригчид 11 дүгээр сарын 28-ны дотор шинэ засгийн газар эмхлэн байгуулах бодолтой буйгаа мэдэгдсэн билээ. Энэ үеэр прламентын сонгуулийн эхний шат болох ёстой юм. Харин ерөнхийлөгчийн сонгуулийг 2012 оны долдугаар сард явуулахаар товложээ.
Тус улсын Цэргийн дээд зөвлөл бүх нийтийн санал хураалт явуулах замаар бүх эрх мэдлээсээ татгалзахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Гэхдээ санал хураалтын тов тодорхойгүй байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш