logo
Хятадад гахайн махны хэргээр зуу гаруй хүнд ял шийтгэв

Хятадад гахайн махны хэргээр зуу гаруй хүнд ял шийтгэв

2011/11/29
Гахайг химийн аюултай хорт бодисоор тэжээсэн хэргээр Хятадын шүүх тус улсын түшмэд, бизнес болон аж ахуй эрхлэгчдийг бүх насаар нь хорих хүртэл ялаар шийтгэсэн байна.
Хятадын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байсан гахайн махнаас энэ амьтны булчингийн массыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг кленбутерон гэдэг бодис илэрсэн нь энэ оны гуравдугаар сард томоохон дуулиан дэгдээсэн билээ. Малын тэжээлд хориотой бодис холих үзэгдэл Хятадын гахайн аж ахуй эрхэлдэг гол бүс нутаг болох Хэнань болон бусад нутагт түгээмэл болсон нь энэ хэргийг шалгах явцад тодорхой болжээ.
Хэргийг мөрдөн шалгасны дараа 113 хүний, тэдний эрх барих албан ёсны байгууллагуудын 70 гаруй төлөөлөгч ял шийтгүүлсэн байна.
Шүүхээс хамгийн чанга шийтгэлийг кленбутерон үйлдвэрлэдэг газрын эзэн Люй Сян авчээ. Тэрбээр цаазын ялаар шийтгүүлсэн бөгөөд хэрвээ хоёр жилийн хугацаанд шоронд сахилга сайтай байваас ялыг нь бүх насаар хорих болгон өөрчлөх аж.
Мөрдөн шалгалтын явцад тогтоосноор 2007 онд химийн жижиг үйлдвэр байгуулсан цагаас хойш Люй Сян 6,4 сая юань буюу 1,015 сая долларын орлого олсон байна.
Тэгэхдээ үйлдвэрлэлдээ 16 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байжээ. Люй Си Жунзе гэгч бүх насаараа хорих ял шийтгүүлсэн байна.
Энэ хэрэгт мужийн түвшний төрийн байгууллагуудын олон төлөөлөгч ял шийтгүүлсэн нь Хятадын түшмэд авлигад гүнзгий автсаныг дахин нотоллоо. Хүнсний бүтээгдэхүүний чанар шалгадаг төрийн хэдэн арван албан хаагч томоохон зөрчлүүдийг нуун дарагдуулсныхаа төлөө шагнуулж байсныг хууль хамгаалах байгууллагууд тогтоожээ. Энэ хэргээр 77 түшмэл 3-9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Харин гахайн аж ахуй эрхлэгчид хөнгөн ялаар шийтгүүлж, жил хүрэхгүй хугацаанд хоригдох болжээ.
Кленбутерон нь булчинг үлэмж хэмжээгээр өсгөж, өөхийг тэр хэмжээгээр багасгах үйлчлэлтэй аж. Тамирчид тэмцээнд бэлтгэх явцдаа хүч тамир оруулдаг энэ бэлдмэлийг хэрэглэдэг байна. Гэхдээ Хятадын эмч нарын тогтоосноор, энэ бэлдмэлийг хэрэглэсэн малын махыг идсэн хүний дотор муухайрч, толгой нь өвдөн, хөл гар нь салганах шинж тэмдэг илрэхээс гадна хорт хавдар ч үүсгэж болзошгүй аж.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш