logo
Д.Чулуунбаатарыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Д.Чулуунбаатарыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

2011/05/26
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага ‘’Улаанбаатар таймс’’ сонины эрхлэгч Д.Чулуунбаатарын асуудлаар УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид хандсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотойгоор тус сонины эрхлэгч Д.Чулуунбаатарыг хоёр сарын турш ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих төвд хориод байгаа юм.     Тэрхүү албан бичгийн хариуг өгчээ. Уг хариунд “аливаа маргааныг гагцхүү хуулийн хүрээнд, хуулийг удирдлага болгон шийдвэрлэх бөгөөд тэдгээрийг шалгаж шийдвэрлэхэд хууль, шүүхийн байгууллага хараат бусаар ажиллаж, улс төрөөс ангид байх зарчимтай билээ. Гэтэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэдэгдэлд, Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг шийдэхдээ улс төрийн хүчний захиалгаар ажиллаж, улс төрийн золиос болгож байгаа тухай дурдсаныг анхаарахгүй байж болохгүй юм.  Иймд Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг хуулийн хүрээнд гагцхүү хуулийг удирдлага болгон хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Д.Чулуунбаатарын бие муу байгаа тул батлан даалтад гаргах хүсэлтийг түүний өмгөөлөгч  удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл нааштай хариу өгөөгүй бөгөөд харин ч хорих хугацааг 30 хоногоор сунгасан тухай мэдэгдлийг  хүлээн авсан байна. Ийнхүү дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон тул Ерөнхийлөгчид хандахаас өөр арга зам үлдээгүй гэнэ.
Г.Жаргал www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш