logo
Мотоциклийн хөдөлгөөний хориглолоо

Мотоциклийн хөдөлгөөний хориглолоо

2011/11/29
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Дорнод аймгийн Онцгой комисс хуралдлаа. Эрт цас орсноос аймгийн хэмжээнд нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрч болзошгүй болсон учир зарим яаралтай арга хэмжээ авах шийдвэрийг тус хуралдаанаас гаргав. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж сумд өвсний нөөцөө бүрэн базаасан гэж байгаа ч эрт орсон цас өдөртөө хайлмагтаж, шөнө мөстөж байгаа нь малын бэлчээрт сөргөөр нөлөөлж байна. Аймгийн хэмжээнд энэ онд 1,3 сая мал өвөлжиж, хаваржина. Тиймээс эхний ээлжинд аймагт байгаа өвс тэжээлийг иргэд худалдан авч нөөцлөх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал хурлын үеэр гарч байв. Мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаагаас гадна хот доторхи болон сумд руу чиглэсэн зам харгуйн асуудал ч хүндхэн байгаа юм. Халтиргаа гулгаа ихтэй энэ үед мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга саяхан гаргалаа. Сүүлийн үед энэ төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчид осол гэмтэлд өртөх нь их байна. Такси тээврийн жолооч нар ямар ч бэлтгэлгүй хөдөө замд гарч цасанд боогдон сууж, хаа хаанаа хүндрэл учруулдаг тухай ч хурал дээр яригдсан. Энэ төрлийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцоход болохгүй гэх газаргүй гэдгийг аймгийн Засаг дарга хэлээд авна лээ.
Ийн энэ удаагийн хуралдаанаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, халдварт шар өвчний дэгдэлтийг хэрхэн бууруулах, траншейд амьдардаг хүмүүсийн тоог гаргах, ундны усны хомсдолтой байгаа “Буйр” хорооллын асуудлыг мэргэжлийн байгууллага анхааралдаа авах, хот доторхи замын цэвэрлэгээг хэрхэн хийх гэхчлэн цаг үеийн чухал асуудлаар санал солилцож, гагцхүү түүнийг ажил хэрэг болгохыг аймгийн удирдлага холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Б.Туяа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш