logo
Ален Делон дарсны цуглуулгаа дуудлагаар худалджээ

Ален Делон дарсны цуглуулгаа дуудлагаар худалджээ

2011/11/29
Өнгөрөгч бямба гарагт Францын нийслэл Парис хотноо алдарт жүжигчин Ален Делоны цуглуулсан дарсны цуглуулгыг үнэ хаялцуулжээ. Дуудлага худалдаа дуусах үед түүний цуглуулга анх тооцоолж байснаас 2,5 дахин өндөр үнэд хүрч, 250,4 мянган еврогоор зарагдсан байна. Дарсны талаар нарийн мэдлэгтэй Делон хэдэн арван жилийн турш дарс цуглуулжээ.
Дуудлага худалдаа Елисейн талбайд оршдог нэр хүнд бүхий «Фукетс» гэдэг зоогийн газарт болсон ба 209 эд зүйлс буюу 1000 орчим шил дарс тавьсан байна. Дарснууд дээр Ален Делоны цуглуулга гэж тусгайлан бичсэн шошго тавьсан учраас зарим дарс энгийн үеийнхээс өндөр үнэд хүрсэн гэж дуудлага худалдааг явуулсан «Корнетт де Сен Сир» ордны шинжээч хэлжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид дарсны шилэн дээр зөвхөн үйлдвэрлэсэн газрыг төдийгүй Делоны цуглуулгын дарс гэж бичсэн тусгай шошго наасан байв. Дарснуудаас худалдан авахаар нэгэн саятан Хятадаас зориуд хүрэлцэн иржээ. Тэрбээр хамгийн үнэтэй хэд хэдэн дарсыг худалдан авсан бөгөөд Делон түүний урилгыг хүлээн авч гэрт нь зочлон очно гэдэгт найдаж байгаа гэнэ.
Харин жүжигчин энэ үеэр Францад байгаагүй учраас дуудлага худалдаанд оролцоогүй байна.
Үнэ хаялцуулах үеэр хамгийн үнэтэй зарагдсан дарс гэвэл 20 сая еврогоор худалдан авсан 1947 оны ургацын зургаан шил «Шеваль блан» дарс, 1250 еврогоор зарагдсан 1840 онд үйлдвэрлэсэн «Бискюи- Дюбуше» коньяк болон тус бүр нь 1375 еврогоор зарагдсан 1982 оны зургаан шил «Коте Шато Латур»дарс юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш