logo
Ц.Цолмонбаатар: Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдрэмж

Ц.Цолмонбаатар: Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдрэмж

2021/02/08

"Залуусын цахим хэрэглээ - Шинэ эриний бүтээгчид" онлайн форумаас 23 дугаар сургуулийн үйл ажиллагааг өндөр түвшинд үнэлжээ

Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль нь 1957-1958 онд анхны хичээлийн жилээ 19 бүлэг бүхий 560 гаруй сурагчид, 20 гаруй багштайгаар нээж байжээ. Харин өнөөдөр тус сургууль 3500 гаруй сурагч, 170 шахам багш ажилчинтай, 63 дахь жилтэйгээ золгож байна. Орос, англи, япон, хятад, солонгос, герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн захирал Ц.Цолмонбаатартай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 23 дугаар сургуулийнхан нэгэн гайхалтай  систем сургуульдаа нэвтрүүлсэн талаар сонссон юм байна. Зөвхөн танай сургууль дээр хэрэгжиж байгаа MOODLE системийн талаар манай уншигчдад тодорхой ойлголт өгөөч?

-23 дугаар сургууль боловсролын салбарынхаа үр дүнг нийгэмдээ таниулахад ихээхэн үүргийг гүйцэтгэж ирсэн түүхтэй сургууль. 63 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай сургуулийг Монголчууд “Орос 23” гэдгээр нь андахгүй. 1989 оноос гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болж орос, япон, англи, солонгос, хятад хэлүүдийг гүнзгийрүүлэн судалж, 2016 оноос Герман хэлийг шинээр оруулж ирэн өргөжүүлсэн. Үндсэндээ зургаан хэлийг гүнзгийрүүлэн судалж, хоёрдагч хэлээрээ англи хэлийг судалж, хос хэлтэй төгсгөж байгаа цорын ганц сургууль. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ийн гишүүн Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Ч.Ундрам, гишүүн асан Б.Жаргалсайхан, С.Оюун, Ши.Батбаяр, Ша.Батбаяр, Б.Дэлгэрмаа, Санжаасүрэнгийн Зориг агсан, Төрийн соёрхолт, академич Х.Намсрай, Төрийн хошой шагналт, УГЗ Б.Мөнхдорж, Зууны манлай дуучин Б.Сарантуяа гээд улс төр, соёл урлаг, бизнес эдийн засгийн бүхий л салбарын шилдэгүүд манай сургуулиас төрөн гарсан байдаг. Мөн ГХЯ-нд ажиллаж байсан сайдууд, 23 дугаар сургуулийн төгсөгчид, яаманд ажиллаж байгаа ажилчдынх нь 20 орчим хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа нь сургуулийн үнэ цэнэ, том үнэлгээ юм. Миний хувьд боловсролын байгууллагад 32 жил ажилласнаас 23 дугаар сургуульдаа 2005 оноос хойш ажиллаж байна. Энэ сургуульдаа бага боловсролын, дунд ангийн, ахлах ангийн сургалтын менежер хийж байсан. Захирлаар сонгогдон дөрөв дахь жилдээ ажиллаж байна. Үндсэндээ бол боловсролын салбарын Мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа хүн гэж өөрийгөө бодож явдаг. Салбар дотроо, тэр дундаа багшаар ажиллаж байсан хүний хувьд багын багш нарт ямар онцлог шаардагддаг болон хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагаа, цаашилвал дундаас ахлах руу ороход шилжилт яаж явагддаг, боловсролын залгамж холбоонууд гээд үе шаттай ажилласан учраас удирдах ажил хийхэд бэрхшээл бараг байсангүй.

Мэдээлэл технологийн дэвшил дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед хүүхдийн хэрэглээ, сонирхол өөр түвшинд очсон байна. Ухаалаг гар утас, таблет, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй нийгэмд амьдарч байгаа хүүхдүүдэд уламжлалт аргаар сургалт зохион байгуулах юм бол хүлээж авахгүй болсон. Хүүхдийн орон зайд тохирсон, тэдний хэрэгцээ сонирхолд тулгуурласан байдлаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг сургуулийн удирдлагууд, багш нараас шаардаж байгаа.

2015 онд сургуулийн дотоод Дата системээрээ дамжуулан багш нараа хөгжүүлэх, тэднийгээ хүүхдүүд, эцэг эхтэй хамтран ажиллах, мэдээлэл судалгааны үйл ажиллагаагаа цэгцлэх, цаашлавал багшийн мэдээлэл технологийн чадварыг сайжруулах зэрэг олон зүйлийг багтаасан ажлуудыг анхлан эхэлж байлаа.

Ай Си Ти групп СЭЗДС дээр дэлхийн хэмжээний Moodle системийг анх туршиж, нэвтрүүлснийхээ дараа дунд сургуульд эхлүүлэх боломж байгаа шүү гэдэг саналыг 23 дугаар сургуульд тавьсан. Түүх ингэж эхэлсэн. Энэ саналыг аваад сургуулийнхаа мэдээлэл технологийн багш нар болон IT  мэргэжилтэн, манай сургуулийн зөвлөх Квон У Сог багшдаа санал болгоод, санаачлагыг цааш нь түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн үнэ цэнээ гаргаад, монголын дунд сургуульд дэлхийн түвшний томоохон туршилтыг хамтдаа хийе гэж санал тавьсанаар эхэлсэн. Ингээд бид дэлхийн 241 орны дунд сургуульд хэрэгжиж байгаа энэ системийг гардан эхлүүлсэн.  Moodle системийг монголын дунд сургуульд оруулж ирснээс хойш нэрийг нь SOLS 23 /School online Learning system/ гэж өөрчлөн ХЗДХЯ, Оюуны өмчийн газраас албан ёсоор патентаа авсан.

Энэ систем олон давуу талтай. Түүний нэг нь багш нарын бичиг цаасны ачааллыг багасгасан. Хуучин шалгалт авахдаа багш нар тойрч сууж байгаад сэдвээ боловсруулж, анги ангид нь хуваарлина. Авсан шалгалтаа засаад, анализ дүгнэлтээ хийж, шалгалтын үр дүнгээ хамтарч ярилцах зэргээр механикаар үүнд 8 цагийг зарцуулдаг байж. "Moodle" системийг ашигласнаар энэ бүх ажлыг цагийн дотор л хийдэг болсон. Бэлэн програмчилсан энэ системд хөтөлбөр, төлөвлөгөө, хичээл дээр нэмэлтээр өгөх даалгаврууд, хүүхдийн үйл ажиллагааг дүгнэх боломжтой бүх хувилбарыг багш нар бэлтгэж оруулсан байгаа. Нэг удаад 1700 болон түүнээс дээш хүүхдээс онлайнаар шалгалтыг авдаг. Шалгалтын үр дүн чиглэл чиглэлийн мэргэжлийн багш нар луу шууд очно. Хариу үр дүн нь шууд гарна. Ингээд бидний өдөржин суудаг ажлыг ганцхан цагт багтаагаад өгөхөөр багш нарын маань ачаалал багасаж, сул гарсан цаг дээрээ ээлжит хичээлээ илүү сонирхолтойгоор заах бэлтгэлээ хангадаг болсон.

-Яг танай дээр хэрэгжиж байгаа энэ систем бусад өөр сургуулиуд дээр хэрэгжих боломжтой юу?
-УИХ-д Инноваци цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан явдалд бид бүхэн маш их баяртай байгаа. Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал болон салбар яамны Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэнүүдийг урьж хийсэн ажлаа танилцуулсан. “Энэ бол хүүхдүүд, багш нар, эцэг эх, сургуулийн удирдлагын менежментийн талаасаа ч тэр бүх зүйлийг бүрэн төгс шингээж хийсэн, гарцаагүй дунд сургуульд хэрэгжүүлэх боломжтой систем болсон байна. Үүнийг цааш нь түгээх ажлуудыг хийнэ” гээд шууд хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн оны 10-р сарын 01-нээс БШУЯ-ны  сайдын тушаал гараад, Мэдээлэл технологийн зургаан компанийг сонгон авч, туршилтын үйл ажиллагаа эхлүүлсэн. Нэг сургууль дээр 15 сургууль нийтдээ 90 сургууль дээр гурван сарын хугацаанд хийгдсэн.

Нийслэлийн 8 сургууль, Архангай, Эрдэнэт, Хэнтийн 7 сургууль манайхаас туршлага судалсан. Энэ 15 сургуулийн үр дүн маш сайн болсон. Бүх сургуулиуд иж бүрэн эхнийхээ суурийг тавьсан гэж ойлгож болно. Одоогоор 48300 гаруй хэрэглэгчид манай системийг хэрэглээд явж байна. Гуч гаруй сургууль манай сургуулийн системийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзээд арваад сургууль эхэлчихсэн явж байгаа. Бодит үр дүн иймэрхүү түвшинд явж байна.

-Гарын 10 хуруунд багатах сайн сургалттай, улсын чанартай ЕБС-иудын нэг бол яахын аргагүй танайх. Бусдыгаа манлайлан цахим систем нэвтрүүлж, үлгэрлэж, зааж сургаж байгаад баяр хүргэе. Хүүхдүүд маань системдээ хэр дасан зохицож байна вэ?

-Баярлалаа. Ямар ч байсан 3-12 дугаар ангийн хүүхдүүд бүгдээрээ нэвтрээд сурчихсан. 1-3 дугаар ангийнхан ч бас өөрсдийнхөө хэмжээнд нэвтэрч байна. Энэ туршилтыг тэр оронд тэгэж туршигдсан байна гэж бараг багшийнхаа урдаас юм ярих хэмжээний, мэдээллийн асар өндөр хурдацтай эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүдтэй бид ажиллаж байна. Тийм учраас бид хүүхдүүдээсээ давсан мэдлэгтэй байж, багш нар маань хичээлийн бэлтгэлийг маш сайн хангаж заадаг болсон. Сурах бичгээ гаргаад, он сар өдрөө тавиад, номноосоо хуулаад, үлдсэнийг нь гэртээ, нэмээд тэддүгээр хуудсанд байгааг хийгээрэй гэж хичээл заадаг байсан үе байхгүй болсон. 23 дугаар сургуулийн бүх ангиуд интернэтэд холбогдсон учраас багшийн хувьд 40 минутын ээлжит хичээлийг өндөр түвшинд бэлддэг болсон. Тухайн хичээлийг сонирхолтой болгохын тулд интернэтээс хэрэгтэй мэдээ мэдээллийг татаж, хүүхдүүдэд үзүүлснээр тэдний сонирхолыг татаж, сэдлийг нь өдүүлж, хичээл сургалтыг үр дүнтэй явуулснаар хүүхдэд мэдлэг илүү бат сууж өгч байгаа. Цар тахлын хорио цээрийн үед манай систем өндөр үр дүн өгсөн. Систем дээр теле хичээлүүдийг тавьж өгснөөр теле хичээл гарах үед ямар нэгэн ажилтай, ар гэрийн гачигдалтай байсан зэргээс болж үзэж амжаагүй хүүхэд дараа нь нөхөж үзэн, хичээлээ хийх боломжтой болсон. Системийн хувьд тухайн хичээлүүд болон нэмэлт даалгавруудыг хүүхдүүд  нэвтэрч орж үзсэн байна уу, танилцсан байна уу, эргээд багш руугаа харьцсан эсэхийг шууд хянаж байгаа. 50 хүүхэдтэй анги байлаа гэхэд тэр ангийн 50 хүүхдийн бүгдийнх нь мэдээллийг гаргаж ирнэ. Хүүхэд болгон хүссэн хүсээгүй өөрийнхөө хэмжээнд заавал оролцоно.

Бид ирээдүйн том эрдэмтдийг бэлтгээгүй. Хамгийн гол нь зөв хандлага, зөв төлөвшилтэй, хариуцлагатай, өөрөө өөрсдийгөө аваад явж чадах хүүхдүүдийг бэлтгэхийн төлөө ажиллаж байгаа. Багш болгоныг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр, сонирхолтой нэмэлт материалыг систем дээрээ тавьж  уу гүй юу, номноос хуулаад, screen shot хийгээд тавьсан байна уу, үнэхээр бүтээлч, хүүхдүүд багшийнхаа бэлтгэсэн даалгаврыг үзэх гэж систем рүү догдлон орж уу гээд багш болгоныг систем бүрэн хянаж байгаа. Багш сурагчийн оролцоог хянахын зэрэгцээ, эцэг эхийн оролцоог хянана. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоотойгоор хүүхэд авах ёстой мэдлэг чадвар, төлөвшлийг авч байгаа. Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаа, бодлого шийдвэр, төлөвлөлт, хүүхдэд нь хичээл орж байгаа багш нарын хандлага, өгч байгаа даалгавар нь хүүхдэд тохирч байна уу гүй юу, хичээл хэр сонирхолтой байна гээд бүх зүйлийг хянах боломжоор хангаж, эргэх холбоотой болгосон.

-Цар тахлын улмаас 2020 оны II-р улирлын хичээл огт ороогүй. 2021 оны хичээлийн жилийн I-р улирлын хичээл хагас дутуу ороод хөл хорио болсон. Өнгөрсөн хаврын ЭЕШ-ийн 12-р анги төгсөгчидөөс 23-р сургуулийн сурагчид гайхалтай амжилт үзүүлсэн гэж сонссон. Тэгэхээр танай дээр хэрэгжиж байгаа систем үнэхээр үр дүнтэй юм байна?

-2020 оны хаврын шалгалтаар манайхаас 14 хүүхэд 800 оноо авсан. Энэ нь Moodle систем болон миний хамт олны маань ажлын үр дүн.

Өнгөрсөн намар монголын багш нарын баяраар 2020 оны Чингэлтэй дүүргийн шилдэг цахим сургууль, Шилдэг ногоон байгууламжтой сургууль, Шилдэг цахим контенттой багш, Хүүхдэд ээлтэй сургууль,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тэргүүний шилдэг сургууль болсон.

Үүний дараа олон улсын эко хөтөлбөртэй шилдэг сургуулиудад олгодог “Мөнгөн гэрэгэ” шагналын эзэн боллоо. Нийслэлээс ганцхан 23 дугаар сургууль, бусад нь орон нутгийн сургуулиуд байгаа. 

Бидний дараагийн хийсэн том ажил бол дэлхийн номын сангийн КОХА системийг анх удаа монголын дунд сургуульд туршаад явж байна. Энэ хавар, 2021 оны 4-5 сараас төр захиргааны байгууллагуудыг урьж, системийн танилцуулгаа хийхээр төлөвлөсөн. Энэ системийг Moodle буюу SOLS 23 системтэйгээ холбоод хүүхдүүдийг номонд сонирхолтой болгож байна. Орос хэлний ангийн хүүхдүүд ОХУ-ын Үндэсний номын сан руу шууд нэвтрэх боломжтой. Хятад хэлний ангийнхан хятадын Үндэсний номын сан руу шууд нэвтэрч байгаа. Өөрт тохирсон танин мэдэхүйн болон ярианы, сонсголын нэмэлт материалуудыг хүүхдүүд шууд авч байна. Цаашлаад Монголын үндэсний номын сан, хүүхдийн номын өргөөтэй гэрээ байгуулж, хамтран ажиллахаар уулзалтууд хийгээд явж байгаа. Ингэснээр хүүхдүүд сургууль болон гэрээсээ номын сан руу нэвтэрч, онлайнаар ном уншдаг болсон. Систем ямар ном эрэлт хэрэгцээтэй байгааг, орчин цагийн хүүхдүүд ямар ном илүү уншиж байгааг судлаад гаргаж ирнэ. Хараа болон эрүүл мэндийн асуудлаас сэргийлж нарийвчилсан хайлтыг нэвтрүүлсэн.  Тухайлбал мэндлэх хүндлэх ёс заншилтай холбоотой мэдээ хайхад хайлтын систем яг тэр хэсгийг л гаргаж ирнэ. Бидний цаашдын зорилго бол түрүүний хэлсэн танилцуулгаа хийсний дараа хөдөө орон нутгийн сургуулиудын хүүхдүүд нэвтрэх эрх аван систем рүү нэвтрэн, номын фондоос дуртай номоо үзэх бүрэн боломжтой болно. Бас бид Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 19 оронд үйл ажиллагаа явуулж байгаа 63 монгол сургуультай хамтран ажиллахаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Унаган багаасаа тэнд өссөн төрсөн монгол хүүхдүүд монгол өв соёл, уламжлал, зан заншлаас хоцрогдож байна. Гадаадад байгаа монгол хүүхдүүд 23 дугаар сургуулийн ситем рүү өөрийнхөө кодоор нэвтэрч ороод давхар суралцах боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлвэл Германд сурч байгаа 9-р ангийн хүүхэд 23 дугаар сургуулийн 9-р ангийн хичээлийг давхар сураад, шалгалтаа онлайнаар өгөөд суурь боловсролын гэрчилгээгээ эндээс дүйцсэн байдлаар авч болох арга замыг судалж, ярианы түвшинд явж байна.

Саяхан Халимагийн их сургуулиас зохион байгуулсан "Залуусын цахим хэрэглээ-Шинэ эриний бүтээгчид" нэртэй онлайн форумд 15 орны 152 сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулсан томоохон онлайн форум боллоо. Зорилго нь гэвэл орчин үеийн зах зээлд өрсөлдөх мэргэжлийн шинэ боловсон хүчинг бэлтгэх, өндөр зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн шинэ шийдэл санааг боловсруулах байлаа. Монголоос 23 дугаар сургууль, СЭЗДС-ийг урилгаар оролцуулсан. 23 дугаар сургуулийн цахим системийн талаархи мэдээллийг ихэд сонирхож, мэдээллээ өгөөч гээд би дунд сургуудиудыг төлөөлж илтгэл тавьсан. Форумаар 23 дугаар сургуулийн үйл ажиллагааг нэлээд өндөр түвшинд үнэллээ.

-Одоогоор 23 дугаар сургуульд хичнээн сурагч сурч байна вэ. Гадаад хэлний сургалттай сургууль харьцангуй цөөн учраас эцэг эхчүүд яаж ийж байгаад хүүхдээ 23 дугаар сургуульд оруулчих юмсан гэж ярьдаг?

-Одоо манай сургуульд 3500 гаруй хүүхэд сурч байна. Гадаад хэлний статустай сургууль үнэхээр байх ёстой юм бол төр бодлогын түвшинд хүрээг нь тэлэх тал дээр анхаарах ёстой. Дүүрэг бүрт нэг нэг гадаад хэлний сургууль байгуулаад , тэр сургууль нь 23 дугаар сургууль шиг хөтөлбөр, агуулга, багшлах боловсон хүчний чадвар хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл бүх юм нь хангагдчихсан түвшинд байж гэмээнэ үр дүн гарна. Нийгмийн эрэлт хэрэгцээ асар их байна. Хүн бүр л хүүхдээ багаас нь сайн сургуульд өгөөд, сайн багшаар сууриа тавиад, сайн хүн болгочихьё гэдэг хүсэл хүн бүрт  л байдаг. Би анги дүүргэлт 69 хүүхэдтэй сургуулийг авсан. Өнгөрсөн жилээс 40-45 дотор анги дүүргэлтийг барьж чадсан. Гадаад хэлний сургуулийн под группийн стандарт 20 хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур ч хүүхдүүд нь чадвартай, хүсэлт тавьсан ганц нэг хүүхдийг сургуульдаа авдаг. “Би өөрөө ийм ч миний хүүхэд эрүүл саруул. Хүүхдээ гайгүй боловсролтой болгох гэсэн юм” гээд хүүхдийнхээ төлөө гэсэн ээж аавын сэтгэлийг, урам зоригийг дэмжиж нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйд туслахыг зорьдог.

-Багш ажилчид тань танд их ам сайтай юм билээ. Дотроо хагарал ихтэй, нэг нэгнийгээ муулсан, захирлаа дээш нь матсан сургуулиуд зөндөө байдаг?

-Бидний хамгийн чухал зүйл бол байгууллагын дотоод эв нэгдэл. Би багш ажилчдаа байнга сонсдог. Багшлах боловсон хүчин, ажилтан албан хаагчдаа сонсоно гэдэг бол хамгийн чухал зүйл. Тухайн заах аргын нэгдэл сургалтын ажлыг зохион байгуулахад бэрхшээлтэй бөгөөд хэрэгцээтэй зүйл юу байгаа юм бэ, ном сурах бичиг хэрэглэгдэхүүн, хүүхдээс, эцэг эхээс шатгаалж байна уу, багш нар сургалтын үйл ажиллагаа явуулахад сургуулийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэх зэргээр сонсдог. Цаашлаад сургууль дээр хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэл дээр ямар ажил зохион байгуулвал болмоор байна гэдэг саналуудыг нь аваад нэгтгэдэг. Хүүхдүүд маань цахим дээрэлхэлт, цахим гадуурхалтанд өртөж байна. Сошиал ертөнц хүмүүсийг ажил үйлчилгээ, мэдээ мэдээлээр хангах тал дээр зөв ашиглавал давуу тал асар ихтэй. Харамсалтай нь сөрөг мэдээлэл их байна. Ийм цаг үед хүүхдүүдийг мэдээллийн зөв зохистойг нь өөртөө шингээн, хортой хөнөөлтэйгээс нь  ангижрах, урьдчилан сэргийлэх ажлуудыг сургууль дээр хийхийг багш нартаа зөвлөдөг. Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа, дугуйлан секц гэх мэтчилэн хүүхдийн сонирхол хэрэгцээн дээр нь тулгуурласан ажлуудыг нэлээд хийж байна. Анги дүүргэлтийг 40-45 хүүхдэд барьж өгснөөрөө үдээс хойш үндсэн сургуульд 10 бүлэг орж, 30 гаруй анги сул болж өгсөн нь хичээлээс гадуурх сонгон, секц дугуйлангуудаа хуваарийн дагуу хийгээд, үндсэндээ ажлын 5 өдөр хүүхэд өөрийнхөө сонирхсон чиглэлээр сурах боломжоор хангаж өгч байгаа юм. Ингэснээрээ амралтын өдрүүдээр багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүд бүгдээрээ сайхан амрах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Өмнө нь ажлын өдөр, амралтын өдөр нь ялгарахаа байж, хагас бүтэн сайнд эцэг эх нь хүүхдээ сонгон секцэнд зөөгөөд хүүхэд ч амрахгүй, эцэг эх, багш нь ч амарч чадахгүй байсан.

Эцэг эх гэснээс энд нэг зүйлийг зориуд онцлон хэлмээр байна. Эцэг эхчүүд их залуужсанаас хүүхэдтэйгээ ажиллах арга зүй, гэр бүл, үр хүүхэддээ цагаа зориулах, хүүхдээ сонсдог, хүндэтгэдэг, харилцаа хандлагын хувьд хамтарч ажиллах тал дээр мэдлэг дутуу байна. Өнгөрсөн намар бид 1-12 дугаар ангийн бүх эцэг эхчүүдтэй уулзсан. 3000 гаруй эцэг эхчүүдтэй уулзаж, хүүхэдтэйгээ яаж ажиллах, сургуулийн дүрэм журмыг яаж биелүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоо болон Moodle системийн ойлголтуудыг өгсөн.

-Багш нар цалин бага учраас нийгмийн асуудал ихтэй байдаг. Ялангуяа бага ангийн багш нар маш хүнд нөхцөлд ажилладаг. Анги дүүргэлт 50-60 хүүхэдтэй. 23 дугаар сургуулийн хувьд багш нартаа нийгмийн асуудал талд нь яаж анхаарч байна вэ?

-Багшийг ажлын байран дээр хөгжүүлэх ажил сургууль бүр дээр харилцан адилгүй явагддаг. Бодит байдал дээр багш нар маань ажлын байран дээрээ хөгжих боломж байна уу? Үгүй шүү дээ. Үдээс өмнө хуваарийнхаа дагуу хичээлээ заана, үндсэн багшийн үүрэг даалгавар, судалгаа шинжилгээ, дээрээс өгч байгаа бичиг цаасны ард гарах гээд тэр багш хөгжиж чадахгүй байна. Сургууль сургуулийн онцлогоос шалтгаалаад заах аргын нэгдэл, секцийн хуваариуд хийх, тэрүүгээрээ дамжуулж хөтөлбөрийн шинэчлэл болон цаг үеийн багшийн хөгжилтэй холбоотой юмнууд нь явагдаж байгаа боловч нийтэд хамарсан цаг нь маш бага байгаа. Бид Moodle системээрээ багш яаж хөгжих, хаанаас юуг судлах, бие биеэсээ яаж суралцах, өгөгдсөн үүрэг даалгавар дээр бусад багш нар дээр ямар баяжилт хийснийг харах боломжтой. Манай багш нарын 80 орчим хувь нь залуу боловсон хүчнүүд байна. Залуу багш нар маань мэдээлэл технологи болон гадаад хэлний түвшин мундаг байгаа боловчиг арга зүйн хувьд, хүүхэд эцэг эхтэй хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай байгаа учраас тэднийг хөгжүүлэхийн тулд систем дээрээ тусгай контентуудыг үүсгэсэн. Үүгээр дамжуулан бусдаасаа суралцаж байна. Манай багш нар ажлын 8 цаг энэ сургууль дээрээ байх шаардлагагүй. Үдээс өмнө хичээлээ заасан бол бусад цагт нь сонгосон хүүхдүүддээ дугуйлан секц хичээллүүлэх, эсвэл гэрээсээ болон интернэттэй орчноос ажлаа хийж болно. Өнөөдөр миний өгсөн мэдлэгийг хүүхдүүд ямар байдалтай хүлээж авч вэ гэдгийг чөлөөт цагаараа хараад, дүгнэлтээ хийгээд, шинэчлэн сайжруулан, баяжуулж чадаж байвал багш хөгжиж байна гэсэн үг. Лекц тавиад, сонсгол сонсоод, том хуралд сууснаар багш хөгжөөд байдаггүй.

-Ингэхэд та яг ямар мэргэжлийн багш вэ. Хэдэн онд хаана сургууль төгсөв?

-Би Архангайн багшийн сургуулийг бага ангийн багшаар төгссөн, одоо 32 дахь жилдээ боловсролын байгууллагад ажиллаж байна. 1995 онд хөрвөхөөр МУБИС-ийн багшийн коллежийг математикийн багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан суманд багшилж байгаад, 1996 онд Улаанбаатарт шилжин ирээд “Ирээдүй цогцолбор” буюу 80 дугаар сургуульд орж байлаа. Намайг жинхэнэ багш болгож, их зүйлийг зааж зөвлөсөн хүн бол “Ирээдүй цогцолбор” 80 дугаар сургуулийн захирал байсан Монгол улсын гавьяат багш Б.Сурмаажав гэж хүн бий. Одоо гавьяаныхаа амралтанд сууж байгаа.

"Ирээдүй цогцолбор"-т байхдаа би дүүрэг цогцолбор сургуулиудын болон нийслэлийн багш нарын ур чадварын уралдаануудын аварга болж байсан сайхан түүх бий.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Би өөрөө багын багш учраас яагаад ч юм бэ хүүхдэд маш их хайртай. Хүүхэд гэдэг аугаа ертөнц. Буруу юм хийсэн байсан ч хүүхдийг яаж зөв өнцгөөс нь харж ойлгуулах вэ л гэж боддог. Ёстой л хүүхдийн цовоо цолгин дуунд ядарсанаа мартах юм. Хүүхэд бол амьд ертөнц. Цэцэг шиг хайрлах ёстой. Цэцэг ямар гоё өнгө алаглан ургаж, гайхалтай мэдрэмж,баяр баяслыг өгдөг билээ дээ. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, гэнэн томоогүй зан, шинээр сэтгэж санаа хэлж байгаа эд нар үнэхээр агуу. Ийм л орчинд байгаа учраас сэтгэл санаа тайван, хийж бүтээхийн оргилуун хүсэл үргэлж намайг хурцалж, шинэ бүхэнтэй учруулж байдаг юм даа. Ийм гоё ертөнцөд ажиллаж байгаа азтай хүн гэж өөрийгөө боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш