logo
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов

72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов

2021/02/16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав  хүртэлх  хувь нь  ажилдаа явж, замын  хөдөлгөөнд  нийтийн тээвэр болон  хувийн унаагаар  оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройны ид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон.

Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд  оролцож эхэлсэн иргэдээс  72  цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол  төрүүлж,  ажилтан,  албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж,  холбогдох албаныханд  үүрэг чиглэл  өглөө.  

Тэрбээр “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна” гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд  байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй” гэлээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн” гэсэн тайлбар өгөв.  

Д.Сумъяабазар: Улаанбаатарыг эрүүл бүс болно гэсэн итгэл иргэдэд байна, бид ч тийм зорилготой ажиллаж байна 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийгэм тэр чигээрээ хүлээлтийн байдалтай байна. Өвчин, зовлонгоос салахын тулд төр, иргэн, хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар  хатуу хөл хориог давахын төлөө зүтгэж байна. Иргэд “Улаанбаатар хот аюулгүй бүс болох юм байна” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Бид  ч гэсэн тийм зорилготой ажиллаж байна” гээд  мэргэжлийн  байгууллагын хариуцлагатай албан тушаалтнууд бодлогоо нэгтгээд,  эцсийн нэг  л  мэдээллийг  иргэдэд  өгөхийг үүрэг  болголоо.  

Засаг дарга Д.Сумъяабазар “Бид 412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй. Тиймээс ялгаа заагаа ойлгох хэрэгтэй байна. Өчигдөр  би  яг ийм ойлголт,  мэдээллийн зөрүүгээс  болж өглөө нийтийн тээвэр,  замын хөдөлгөөн дээр  асуудал үүсэхвий гэж хэлж хэлж гаргасан. Тиймээс энэ мэт зохион байгуулалт, ойлголтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү” гэлээ.  

Мөн Нийслэлийн онцгой комиссын  1800-1200  дугаар дээр  ирж буй дуудлагын  хамгийн их  нь  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний байршлын талаар байгаа юм. Мөн зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд зөвхөн  62 дугаар сургууль дээр бус бусад явуулын болон суурин  цэг дээр шинжилгээ өгч болохыг Засаг дарга Д.Сумъяабазар дахин санууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш