logo
Японд тэжээвэр амьтдад зориулсан спорт клуб ажиллаж байна

Японд тэжээвэр амьтдад зориулсан спорт клуб ажиллаж байна

2011/12/01
Япончуудын амьдралын хэв маягаас шалтгаалаад тэжээвэр амьтад ч хүртэл хөдөлгөөний дутагдал орж байгаа аж. Тиймээс Токио хотод нохойнд зориулсан спорт клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үргэлж амьтан тэжээгээд байх боломжгүй хүмүүст тэжээвэр амьтдыг түр хугацаагаар түрээслүүлдэг үйлчилгээ хүртэл байдаг гэнэ. 
Япон өөрчлөлт шинэчлэлтийн орон гэдгээрээ хэзээд алдартай байсан. Техник технологи өндөр хөгжсөн Наран улсад сонин содон зүйлс олон. Дэлхийн бусад том хотуудын адилаар Токиогийн өдөр тутмын амьдрал хүмүүсийг стресст оруулах нь элбэг. Токиогийн төвд орших нэгэн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт байдаг нэгэн клубт та нохойгоо авчраад усанд сэлүүлж болно. Өөрөөр хэлбэл тэжээвэр амьтнаа усаар чийрэгжүүлэх боломжтой. Клубын захирал Кацүюки Хиби хэлэхдээ "Ер нь манайх нохойнд зориулсан спорт клуб, манайх дөрвөн хөлт найзууд тань зориулсан усан сан, гүйлтийн замтай, энэ бол нохойны дасгал хөдөлгөөн хийх газар" гэжээ. Энэ клуб олон төрлийн үйлчилгээг санал болгодог байна. Энд нохойнуудыг усанд санд сэлүүлж, доороо урсдаг замтай шилэн хоргон дотор гүйлгэх зэргээр чийрэгжүүлдэг ажээ. Хүн гэлтгүй нохойнд хүртэл хөдөлгөөн дутагддаг юм болов уу?
Клубын захирал Кацүюки тайлбарлахдаа "Гэрийн тэжээвэр амьтад маш сайн нөхцөлд амьдарч байна, хүмүүсийн амьдардаг орон байранд амьдарч байна, сайн хоол унд идэж байна, гэхдээ  тэд хүмүүстэй л адил стрестт өртөж мөн өвчилдөг, бас хөдөлгөөний дутагдалд ордог, тиймээс тэжээвэр амьтдад хүний авдагтай адил үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй, нохой урт насалж байна, тийм учраас хөгширсөн нохойнуудад ч мөн хүнд тавьдаг шиг анхаарал халамж хэрэгтэй, бид нохойг урт удаан наслуулж эрүүл байлгах арга замуудыг бодож олох хэрэгтэй " гэжээ.
Нохой бүрт гарах өөрчлөлт ахиц дэвшлийг клубын ажилтнууд нарийн хянадаг байна. Энэ газрын үйлчилгээний хөлс ч хямд төсөр биш. Сарын төлбөр 60 орчим доллараас эхэлдэг. Гэхдээ клубыг байгуулсан хүний хэлж байгаагаар нохойгоо өглөө салхилуулах, орой бага зэрэг зугаалах зэрэг нь хангалтгүй юм байна.

Наран улсад мууранд зориулсан кафе ажиллаж байна
 
Мэдээж зөвхөн нохой ч гэлтгүй муурнууд Токиочуудын хайртай амьтдын нэг юм. Токиод байдаг мууранд зориулсан кафе хоёр салбартай аж. Кафег муураа өөрөө төдийлөн арчлаад байх завгүй хүмүүст төдийгүй гэртээ муур байлгах боломжгүй хүмүүст  зориулан байгуулжээ. Менежер Такафуми Фукуй хэлэхдээ "Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь гэртээ муур байлгах боломжгүй байдаг" гэсэн байна. Харин нэгэн үйлчлүүлэгч ярихдаа "Хотод гэртээ амьтан тэжээнэ гэдэг үнэхээр хэцүү, зарим байрнуудад гэртээ амьтан тэжээхийг хориглодог, харин энд бага зэрэг амарч, санаа зовоосон зүйлүүдийг мартдаг" гэжээ.

Японд тэжээвэр амьтдыг "түрээслэх" үйлчилгээ байдаг байна

 
Тэгвэл Япончуудад өөр нэг сонголт байна. Хэрэв та тэжээвэр амьтангүй, гэхдээ нохой хөтлөөд салхинд зугаалмаар байвал мөнгө төлөөд хайртай амьтнаа нэг өдрийн турш "түрээсэлж" болно. Иочи Хонма нохой түрээсэлдэг дэлгүүрийг 34 жил ажиллуулжээ. Тэрээр хэлэхдээ "Японд олон байран орон сууцанд тэжээвэр амьтан байлгахыг хориглодог, зарим хүмүүс баярын үеэр эсвэл амралтаараа ч юм уу түр хугацаанд тэжээвэр амьтантай байхыг хүсдэг, залуу хосууд, нялх хүүхэдтэй гэр бүлүүд манайхаар голцуу үйлчлүүлдэг" гэсэн байна.
Хүмүүс  Иочи Хонмагийн дэлгүүр дэх нохойнуудаас хүссэнээ сонгож болно. Энэ үйлчилгээ нь хүмүүст амьтан тэжээх ямар байдгийг мэдрүүлэх, мөн хөл хөдөлгөөн ихтэй хотын амьдралын  стрессээс салахад тэдэнд туслах арга замуудын нэг юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш