logo
 Хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах боломжийг нээж өгсөн гэлээ

Хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах боломжийг нээж өгсөн гэлээ

2011/12/01
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс өмнө хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулан яригдсан асуудлуудаас Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгохоор төлөвлөсөн тухай асуудал нэлээд анхааралд өртсөн юм. Тус сангаас иргэдэд хуваарилах 1.5 сая төгрөгийн нэг саяыг нь хувьцаа хэлбэрээр олгоно гэснийг тухайн хүн хэрэв өөрөө хүсэх юм бол мөнгөн хэлбэрээр авч болох боломжийг гаргаж өгч байгаа юм байна. 
Иргэд нэг сая төгрөгийн хувьцаагаа нэг сая төгрөгөөр авах боломжтой бөгөөд үүний тулд хувьцааг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргах аж. Уг хүсэлтийг Засгийн газраас үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалах юм байна. Ингэснээр мөнөөх хувьцаа эзэнтэй болох гэнэ. Үүний ач холбогдол нь хүмүүс хоорондоо хувьцаагаа дур зоргоороо наймаалцаж, үнэ өртгийг унагахаас сэргийлсэн арга хэмжээ болно хэмээн үзэж байгаа аж. 
УИХ-ын гишүүн Д.Загджав энэ үеэр хэлэхдээ, Ардчилсан нам сонгуулийн амлалтаа биелүүлж, иргэн бүрт 1 сая төгрөгийн хувьцаа өгнө гэсэн амлалтдаа хүрчихлээ. Харин МАН тэгвэл 1.5 сая төгрөг өгөх амлалтаа хэзээ биелүүлэх вэ. Ер нь хоёр хөршийнхөө аль нэгээс 10 тэрбум төгрөгийн урьдчилгаа аваад иргэддээ 1.5 саяыг бэлнээр өгье гэсэн утгатай үг хэллээ. 
УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа 1.5 сая төгрөгийнхөө 500 мянган төгрөгийг нь бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ ёсоор ч мөнгө олгоод явж байгаа. Харин иргэд 500 мянган төгрөгөө бэлнээр нь авна гэж ойлгосон байгаа. Гэтэл үлдсэн нэг сая төгрөгийг мөнгөжүүлж болно гэж С.Баярцогт сайд хэлсэн учраас үүнийг протоколд оруулах, эсвэл байнгын хорооны тогтоол гаргая гэж байлаа. 
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хамтарсан Засгийн газар иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь олгоно гэж гэрээндээ хийсэн байгаа. Энэ хүрээнд л ажил явж байгаа. Ашигт малтмал бол ард түмний өмч, тэгээд ч үүнийг аль нэг нам, эвсэл өөртөө наах хэрэггүй гэж байсан. 
Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг Сангийн сайд хэлж, дэмжигдлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Загджав цөөнх боллоо, энэ асуудал дээр гэж байв. Хуулийн дагуу бол түүний хувьд амаар санал гаргасан тул цөөнх болох боломжгүй юм байна. 
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, уг тогтоолын дагуу бол мөнгөтэй цөөн баячууд ард иргэдээс хувьцааг нь худалдан аваад байх юм байна л даа. Үнэндээ, Д.Загджав гишүүний зөв гэсэн утгатай үг хэлсэн. 
Ингээд дараагийн асуудал болох Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Иймд шууд санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахаар тогтсон. 
Байнгын хорооны хуралдаанаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийсэн. 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргаж байв. Тэрээр, тендэр зохион байгуулахтай холбоотой агентлаг байгуулагдах юм. Агентлаг байгуулж ажиллах болон бэлтгэл хангах хугацааг 2012 оны аравдугаар сарын 1 гэж зааж өгье. Хууль хэрэгжих хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгоё гэсэн горимын саналыг гаргалаа. Үүнийг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Уг хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд мөн дэмжсэн юм. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш