УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хоёр асуудлыг шуурхайлан хэлэлцсэний эхнийх нь Гадаад улсад суух зарим элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас гадаадын зарим оронд суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим хүнийг Элчин сайдаар томилуулахаар санал болгосныг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг тус тус томилуулахаар санал болгожээ.
Энэхүү саналтай холбогдуулж асуулт тавих, үг хэлэх гишүүн байгаагүй тул Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэх асуудлаар нэр дэвшигч бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувь дэмжлээ.
Дээрх таван нэр дэвшигчийн томилгоотой зэрэгцүүлэн тухайн орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Гансүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Батбаатар, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Долгоржав нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэв. Ингээд хүн тус бүрээр нь бус, хамтад нь санал хураахад хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул Монгол Улсаас гадаадын зарим оронд суух Элчин сайд, Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг дэмжих тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр болов.
Байнгын хорооны хуралдаанаар мөн “Гамшаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, уг төсөл дэх “Комиссар” гэдэг үгийг хасах найруулгын чанартай засвар оруулахаар болж “Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн Х.Жекей гишүүний горимын саналыг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.