logo
Элчин сайдуудыг томилох саналыг УИХ дэмжлээ

Элчин сайдуудыг томилох саналыг УИХ дэмжлээ

2011/12/02
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад улсад суух зарим элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг тус тус томилуулахаар санал болгожээ. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн З.Алтай, олон газар ЭСЯ байна, бас шинээр нээж байна. Куба манайтай улс төр эдийн засгийн онцын харилцаа байхгүй. Жолооч ч үгүй, элчин нь өөрөө машинаа унаад явж байдаг юм байна лээ. Үүний оронд манайтай ойролцоо Чили гэх мэт газар ЭСЯ-аа нээж болдоггүй юм уу. Лаос Улс бас байна. Авдаг, өгдөг ч юм байхгүй. Ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг хэдэн хүн ЭСЯ-нд байдаг. Ардчилсан солонгос, Болгарт ЭСЯ байх шаардлагатай юу хэмээн асуусан. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын тайлбарласнаар яамнаас энэ талаар судалгаа хийж байжээ. Эдгээр улсуудад ЭСЯ байснаараа улстөрийн тодорхой ач холбогдол бий гэнэ. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ дэмжиж ажиллаж байдаг ажээ. Хоёр улсад аль аль талд нь ЭСЯ-тай, ЭСЯ-даа харилцан байр, газраар хангадаг юм байна. Ингэхээр гарах өртөг зардал нь ч харилцан балансалдаг ажээ. Сайд харилцааны ач холбогдолгүй гэж болохгүй гэж хэлсэн. Лаос Улсад өндөр дээд хэмжээний айлчлалуудыг хийж байснаас гадна цагаан будаа тариалах гэх мэт хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгаа юм байна. УИХ-ын гишүүдийн суун хуралдаж байгаа улаан модон ширээ л гэхэд Лаосоос бэлгэнд өгсөн тавилга гэж сайд Г.Занданшатар хэлсэн юм. Зөвхөн эдгээр ширээний өртөг л гэхэд тэнд үйл ажиллагаа явуулж буй ЭСЯ-ны үйл ажиллагааны зардлаас ч өндөр өртөгтэй ажээ. Үр өгөөж энь энэ мэтчилэн зүйлээр гардаг гэж сайд хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Сүүлийн жилүүдэд монголын хамгийн эрүүл, залуу хүмүүсийг гадагш нь экспортолж байна. Тэд харьд боолын хөдөлмөр хийж байна. Элчингүүд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар илүү анхаармаар байна гэж хэллээ. Элчингийн ажилтнууд дарга сайд нар очихоор үйлчлэх ёстой юм шиг байдаг. Иргэдэд үйлчлэх тал дээр илүү анхаараарай хэмээн захилаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Элчин сайдуудыг дэмжиж байна. Таван Элчин сайдын нэг нь эмэгтэй байгаад талархаж байна. Үүнийг уламжлал болгоосой. Мэдлэг боловсролтой эмэгтэйчүүд олон байгаа. Тэд эрчүүдийн адил хариуцлага үүрээд явах чадалтай хүмүүс. Гадаад оронд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг гэр бүлээр нь явуулах тал дээр онцгой анхаараасай гэж хүсч байна гэж хэлсэн юм.
Элчин сайдуудыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Дээрх таван нэр дэвшигчийн томилгоотой зэрэгцүүлэн тухайн орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Гансүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Батбаатар, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Долгоржав нарыг эгүүлэн татах саналыг ч мөн дэмжлээ.
Үүний дараа Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Мөн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авах дээрх хууль, тогтоолын төслийг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш