logo
Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

2021/04/10

Хуульч Д.Одхүүтэй Оюутолгойн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын иргэн бүрт өгч байгаа 300 мянган төгрөгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа юм бэ. Хуулийн байгууллагууд Оюутолгой ХХК-д дарамт шахалт үзүүлж байгаад олоод ирсэн гэж бараг Ерөнхийлөгч чуулган дээр хэлэх шиг болсон. Тийм зүйл байх уу?

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэн бүрт 300.000 төгрөг олгох шийдвэрийг энэ долоо хоногт гаргахдаа Рио Тинто компанийн татварын өрийн урьдчилсан төлбөрөөр санхүүжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ татварын өр яаж үүссэн юм бэ гэвэл 2012 онд Засгийн газраас зарим улстай 1990-ээд онд байгуулсан байсан давхар татварын гэрээг цуцлах санал анх гаргаж УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн. УИХ-д анх өргөн мэдүүлсэн Засгийн газар нь МАН-ын Засгийн газар байсан бөгөөд Ерөнхий сайд нь Сү.Батболд байсан. Харин шийдсэн УИХ-д АН-ын олонх байсан. Тэгэхээр энэ бол аль аль нам нь улс орныхоо төлөө гэж санаачилж шийдсэн учраас улстөржсөн асуудал биш гэж ойлгож болно. Давхар татварын гэрээг цуцалсан учраас Оюутолгой ХХК нь суутгах татварыг огт төлдөггүй байж байгаад 20 хувийг төлөх ёстой болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг Оюутолгой ХХК хүлээн зөвшөөрөөгүй учраас татварын маргаан үүссэн. Гэхдээ Засгийн газрын татварын цоорхойг хаасан тус санаачилга нь өнөөдөр Оюутолгой ХХК-аас урьдчилсан төлбөр авах боломжийг бүрдүүлсэн, улмаар 300.000 төгрөгийг иргэн бүрт олгож буй хөрөнгийг төвлөрүүлэх хууль эрхзүйн үндэс болсон гэдгийг зориуд сануулах шаардлагатай.

-Аль 2012 оноос хойш үүссэн асуудал юм бол яагаад одоо дөнгөж мөнгө орж ирж байгаа юм бол?

-2012-2016 онд байсан АН-ын Засгийн газрын үед Оюутолгой ХХК-тай үүссэн татварын маргааныг шүүх арбитраар эцэслэн шийдвэрлүүлэхийн оронд эвлэрэлд хүрч татварын өрийг нь тодорхой хэмжээгээр хөнгөлсөн байдаг. Нөгөө Дубайн тохиролцооны нэг хэсэг нь байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын зүгээс татварын энэ маргааны талаар хатуу тууштай байр суурь баримталж ирсний үр дүнд 1 их наяд гаруй төгрөг төрийн санд төвлөрч иргэдэд 300.000 төгрөг болж гарт нь очиж байна. Үүнийг өөр ямар нэгэн байдлаар тайлбарлаж улстөржүүлэх шаардлагагүй. Энэ бол зүгээр л татварын өрийн урьдчилсан төлбөр. Оюутолгой ХХК угаасаа төсөвт байршуулах ёстой. Хэн нэгэнд Рио Тинто авилга хахууль өгөөд тэр нь илрээд сандарсандаа бараг энэ мөнгийг өгч байна гэж Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хэлсэн байна лээ. Угаасаа тийм зүйл зарчмын хувьд байх боломжгүй.

-Яагаад?

-Нэгд, авилга хээл хахуулийн асуудал байсан уу гэдгийг Монгол Улсын хуулийн байгууллага тогтоож, Монгол Улсын шүүх шийдсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн албан ёсны шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар цаашлаад арга хэмжээ авна уу гэхээс биш хэн нэгэн гадны хуулийн компани, хөлс төлбөрөөр ажилладаг хувийн тагнуулын байгууллагын захиалгаар Монгол Улсын Засгийн газар хөдлөх ёсгүй. Угаасаа хууль дүрэм нь тийм. Тийм учраас Монгол Улсын шүүхийн шийдвэр байгаа юу гэдэг нь зарчмын асуудал. Байхгүй бол энэ бол зүгээр л хардалт, таамаг, гүтгэлэг ч байж болно.

-Тийм асуудал үүслээ гэж бодвол яах уу?

-Хоёрт, тийм асуудал байсан гээд Монгол Улсын шүүхийн шийдвэр гарсан байлаа гэж бодоход энэ бол зүгээр нэг татварын маргааны асуудлыг шийдэх наймааны хэрэгсэл огт биш шүү дээ. Хууль зөрчсөн байлаа гэхэд тэр асуудлаар нь наймалцаад оронд нь мөнгө аваад сууж байдаг засаг төр гэж байх уу? “Хууль зөрчсөн учраас барьцаа ахиулаад гэрээгээ сайжруулна” гээд хуулийг наймалцаад суух болж байна уу? Хууль зөрчсөн асуудлыг Монгол Улсын хуулиар шийддэг болохоос наймааны хэрэгсэл болгодог зүйл биш. “Чи хууль зөрчсөн байна, тийм учраас надаа банкаа өгөөд асуудлаа шийдье” эсвэл “чи хууль зөрчсөн байна тийм учраас би чиний энэ бизнесийг авлаа” гээд яриад байгаатай л адил шүү дээ. Энэ бол зүгээр дэрээмчин сэтгэлгээ. Төрийн ажлыг ийм байдлаар хийж болохгүй. Дэндүү хууль эрх зүйн боловсрол муутай, мэдлэг муутай яриа. Хуулийн дагуу бүх зүйл шийдэгдэх ёстой тэгэхгүй бол хуулиар наймаа хийсэн хүн нь өөрөө бас хууль зөрчсөн асуудал үүснэ.

-Гадны шүүхээр тогтоодсон учраас гадны арбитрын байгууллагад хандах ёстой гээд байгаа юм биш үү?

-Тэр яриад байгаа 6 улсын шүүх дээр огт авилга хээл хахуулийн асуудал шийдэгдээгүй гэдэг нь тодорхой байна лээ. Зүгээр өөр нэг гадаад хүний байр сав, компанийг царцаах асуудлыг тавиад харин ч эсрэгээрээ цэвэр ялагдах газраа ялагдаад, нэхэмжлэлээ татаж авах газраа аваад, бусад шүүх дээр асуудал нь түтгэлзэж зогссон л байгаа болохоос нотлогдоод тодорхой болсон зүйл огт байхгүй юм байна лээ. Монгол Улсын шүүх, гадны аль ч шүүхээр тогтоогдоогүй асуудлыг зүгээр нэг арилжааны асуудал шийддэг арбитрт өгнө гэдэг угаасаа их эргэлзээтэй зүйл. Ер нь тэгээд Манай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Арбитрт хандаад авилга хээл хахуулийн асуудлыг шийдээд өгөөч ээ л гэж байгаатай адилхан шүү дээ. Ер нь өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн ийм зүйл төрийн түвшинд ил тодоор ярьж байгаад татварын маргаанаа Лондонгийн арбитр дээрээ алдаад ёстой энэ иргэдэд тараагаад байгаа 300 мянган төгрөгийн эх үүсвэр болсон урьдчилсан төлбөрөө буцааж өгөх байдалд орох вий дээ гэдэг болгоомжлол бол байгаа шүү.

-Юу гэсэн үг вэ? Оюутолгой ХХК-д буцааж энэ төлсөн мөнгийг өгнө гэсэн үг үү?

-Төрийн санд байршуулсан мөнгө бол хуулийн дагуу төлсөн урьдчилсан төлбөр. Татварын маргаан үүсээд хэрэв шүүхэд хандах юм бол тэр мөнгөө эхлээд төрийн дансанд байршуулж байж шүүхэд ханддаг хууль 2019 оноос хэрэгжээд эхэлсэн. Оюутолгой ХХК гэлтгүй Монголын аль ч аж ахуйн нэгж татварын маргаанаа шүүхээр шийдэхэд тэгэх ёстой болно. Харин арбитрын шийдвэр хэрэв Оюутолгой ХХК-ийн талд гарах юм бол төрийн санд байршуулсан энэ төлбөрийг буцаагаад Оюутолгой ХХК-д Засгийн газар өгөх ёстой болно. Тийм учраас энэ арбитрын маргааныг Засгийн газар ялах нь асар чухал. Гэтэл Засгийн газрын газрын байр суурийнхаа эсрэг манай зарим албаны хүмүүс, нөгөө зөвлөгөө өгч байгаа хуулийн компани нь өөрөө яриад байгаа нь нөгөө талдаа ашиглагдаад эсрэг шийдвэр гарах магадлалтай болж байна. Энэ маш их сэтгэл зовоож байна. Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, арбитрт ялагдуулах байдал руу оруулж байна шүү дээ.

-Яагаад хуулийн зөвлөгөө үзүүлж байгаа компани Засгийн газрын байр суурийн эсрэг юм яриад байдаг билээ? Тэгж болдог юм уу?          

-Өөр нэг маргаан дээр яг энэ хуулийн компанийг нөгөө нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хөлсөлсөн юм байна лээ. Тэгээд тэр маргаан дээр нь болохоор татвар авах болсон Засгийн газрын шийдвэр нь Рио Тинтод ашигтай байсан, засагт биш Рио Тинтод давуу тал олгосон гээд маргаад байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ татвараа авах ёсгүй гэсэн байр суурийг Ц.Насанбат баримталж байгаа гэсэн үг. Яг тэр байр суурийг нь тэгээд Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлээд байгаа юм байна гэдэг нь УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс нь тодорхой болсон. Нэгэнт л Засгийн газрын татвар авах шийдвэрээ анхнаас нь буруу байсан, нөгөө талд давуу тал олгосон байсан гээд төрийн өндөр албан тушаалтнууд нь яриад байхаар Лондонгийн арбитрт шууд эсрэгээр ашиглагдах нь тодорхой. Улс төржиж байгаад улсаа хохироогоод байна даа. Хэрэв Лондонгийн арбитрын шүүхийн шийдвэр эсрэг гарвал энэ хүмүүс төлөхгүй нь тодорхой, улс л хохирно шүү дээ.

  1. Харин 2012 оны Засгийн гарын энэхүү шийдвэрийг хөрөнгө оруулагч талд ашигтай давуу тал олгосон үйлдэл байсан мэтээр мушгин гүйвуулах гэж зарим хэвлэл мэдээллээр оролдлого хийж байгаа нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртсон энэ үед цэвэр улстөрийн зорилготой юм. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын Лондонгийн арбитрын шүүх дээрх байр суурийг сулруулах гэсэн Монгол Улсын эрх ашгийн эсрэг үйлдэл юм. Хэрээс хэтэрсэн улстөр нь Монголын хилээс хальж эх орныхоо эрх ашгийг хохироож байгаа гэдгийг тэд ухамсарлах цаг нь болсон.
  2. Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс хэн нэгэн улстөрчид авилга хээл хахууль аливаа нэг хэлбэрээр өгсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол энэ нь өөрөө 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг шууд цуцлах үндэслэл болох учиртай юм. Энэ нь татварын маргааныг шийдвэрлүүлэх арга хэрэгсэл, хөшүүрэг мэтээр ойлгож байгаа нь хууль эрхзүйн хувьд маш том алдаа юм.
  3. Авилга, хээл хахууль нь Монгол Улсын хуулийн дагуу шалгаж тогтоодог, хуулийн хариуцлага хүлээлгэдэг үл тэвчих гэмт хэрэг бөгөөд аль нэг асуудлыг шийдэхэд наймаалцах арга хэрэгсэл огт биш юм. Хэрэв тийм зүйл хуулийн байгууллагын зүгээс тогтоож шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Засгийн газрын зүгээс тус гэрээг хүчингүй болгох, холбогдох дотоод гадаадын этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бүхий л арга хэмжээ авах ёстой бөгөөд тэгэх ч болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
  4. Харин ийм нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь мэдэгдсээр байтал зориуд арбитрын маргаантай энэ асуудлыг хольж хутгах нь Монгол Улсын байр суурийг эрхзүйн хувьд сулруулсан, цаашид бүр үгүйсгэсэн алхам болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш