logo
Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн саналаа уламжиллаа

Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн саналаа уламжиллаа

2011/12/05
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр “Нийслэлийн нутгийн зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн Улаанбаатараа утаагүй болгох хамгийн зөв арга бол хийн хэрэглээг хэвшүүлэх явдал гэж үзэж байгаа юм байна. Ингээд Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн нийслэлийн иргэдийн саналыг цуглуулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан юм. 10 мянга гаруй иргэдийнхээ санал хүсэлтийг агуулсан энэхүү захидлыг ОХУ, БНХАУ-ын удирдлагуудад уламжилж өгөхийг тэд хүслээ.
“Улаанбаатарын утаа, замын бөглөрөл, автомашины зогсоол зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдэх бодит гарцыг хайж, Улаанбаатараа брэнд хот болгохын төлөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд та идэвхитэй ажиллаж байгаа нь залуучууд бидэнд урам зориг өгч эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллан, гар бие оролцохыг хүсч байна“ гэж Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн уулзалтын үеэр хэллээ. 
Эдгээр залуучууд Улаанбаатарын тулгамдсан асуудалд анхаарч, хамгийн гол нь 10 мянга гаруй хүний дэмжлэгийг баталгаажуулсан гарын үсэг цуглуулж бодит ажил хийж буйд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд энэ хүрээнд нийслэлийн оршин суугчдыг хийн түлшээр хангах нь хамгийн чухал. Лондон, Бээжин, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд хийн түлш хэрэглэж утаанаас ангижирсан туршлага байгаа. Энэ асуудлыг дэмжиж төрд хүч, иргэдийн дуу хоолой нэмж байгааг нь сайшаалаа. Мөн нийслэлчүүдийн амьдрах орчныг эрүүл, таатай байлгах зэрэг асуудалд залуучуудын дуу хоолой чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш