logo
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын нэрийн өмнөөс гэрээ хийсэн нь нотлогдож эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын нэрийн өмнөөс гэрээ хийсэн нь нотлогдож эхэллээ

2021/04/27
АН-ынхан АНУ-ын хар пиар-ын компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн нь тодорхой болсон. Тэгвэл “цахим” АН-аас энэ сарын 23-нд “АН-ын зүгээс гаднын ямар ч лобби компанитай гэрээ хийгээгүй, намын нэрийг барьсан зарим этгээдийн хийсэн үйлдэл байж болох тул хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэл гаргасан бол “цаасан” АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр “АН гаднын лобби, пи-ар компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ямар нэг гэрээ хийж мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү хоёр хуваагдсан АН-аас дээрх гэрээнд оролцоогүйгээ илэрхийлснээр жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болох нь гарцаагүй болов. Тухайлбал, уг гэрээтэй холбоотой мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүд олон нийтэд мэдээлсний дараа livetv.mn сайт “АНУ-ын лобби компанитай гэрээ хийж, захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ” гэх гарчиг бүхий нийтлэлийг цацсан юм. Тус нийтлэлд дурдсанаар DCI группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил болсон байдаг. Эдгээр мэдээлэл нь АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгаа бодит баримт юм. Үүний нэг баталгаа нь DCI гэх лобби компанитай АН-ын байгуулсан гэрээнд нэр дурдагдсан гурван хүний нэг болох Райн Грилло нь “Вашингтон пост” сонинд сурвалжлага бэлтгэдэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээхдээ “Чамайг Украйн, Навальныйгийн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мейлээ эхлүүлж сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол Улсын сонгуулийн талаар ярьсан байна.


Америкт төвтэй DCI гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мейлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхэт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна зэргээр мушгин гуйвуулсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхэт байдал онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба нь өөрөө мэдээллийг мушгин гуйвуулж, олон улсад худал мэдээлэл бэлтгэн түгээдэг газар болсон нь ард түмний өгсөн итгэлийг уландаа гишгэсэн хэрэг. Түүнчлэн ардчилал, бүрэн эрхэт байдал ауюлд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг ардчиллын “загалмайлсан эцэг” мэтээр хөөргөдөн сайшаажээ. Үүнээс үзвэл уг гэрээний талаар О.Цогтгэрэл, М.Тулгат нар мэдэхгүй байх нь аргагүй буюу өмнөөс нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сэдсэн ажил байсан нь эндээс харагдаж байна. Гэрээ байгуулж мөнгө төлөөд, тархи угаалтын захиалга өгөөд бичүүлж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг нь ийнхүү баримтаар нотлогдож эхэллээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш