logo
Төр удирдах бөх барилдахаас өөр шүү, Ерөнхийлөгч өө

Төр удирдах бөх барилдахаас өөр шүү, Ерөнхийлөгч өө

2021/04/27

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнээр дөрвөн жил ажиллахдаа монгол төрийг бөх барилдахаас өөр гэдгийг  ялгаж салгаж чадсангүй. 

Монгол Улс парламентын засаглалтай, Үндсэн хуультай орон. Хэн ч байсан Монгол Улсын  хууль дүрмэнд захирагддаг. Монгол Улсын  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, эрх баригч нам, иргэд хэн ч бай Монгол Улсын хуулиа дагаж мөрдөнө. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч улсынхаа эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой.

 Түүнээс биш төрийн тэргүүн өөрөө хууль зөрчдөг, хувь эрх ашгийнхаа  төлөө уур нь хүрэхээрээ  нэг намыг тараадаг, Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтоохыг оролдох нь яавч байж боломгүй ноцтой үйлдэл юм.

Төрийн тэргүүн байна  гэдэг   бөх барилдахаас тэс өөр. Улс орон удирдахад ухаан хэрэгтэй. Хувийн эрх ашиг бол хорьдугаар асуудал. Тэгж чадаж байж олон нийтийн итгэлийг хүлээх учиртай. Биднийг төлөөлдөг, бидний олонхийн саналыг авсан бол хувийн эрх ашиг биш улсын эрх ашиг, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд  тавих учиртай юмаа, Ерөнхийлөгчөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга Та Ерөнхийлөгчийн албан тушаалыг ашиглан Дээд шүүх болон Үндсэн хуульд халдсан хууль бус захирамж гаргачихлаа.

Та Зэвсэгт хүчний жанжин штаб руу гүйж очиж уулзан олон нийтийг бослого хөдөлгөөнд уриалж байгаа тань Монгол Улсын хуулиар Танд болон Таны албан тушаалд олгогдоогүй эрх юм.

Өрсөлдөгчөө ялан дийлэх, өөрийнхөө өчүүхэн эрх ашгийг эхэнд тавьж, түүнийгээ гүйцэлдүүлэхийн  тулд эцсийн мөч хүртлээ юуг ч хамаагүй золиослон зүтгэх чинь улс төр биш, улс орон удирдах арга биш юмаа.  Спортод өрсөлдөгчөө буулгаж авахын тулд цаг дуустал, сүүлийн секунд хүртэл, шүгэл дуугартал түмэн мэх хийж, зүтгэдэг байх. Улс орон удирдах бөх барилдахаас өөр гэж дээр хэлсэн. Монгол Улс бол таны барилддаг жудогийн татами биш шүү.

Х.Баттулга Та ардчиллыг авчирсан Ардчилсан намаа хагалж тарамдуулсан, дараа нь МАН-ыг тараах тухай мэдэгдлээ.  Одоо улс орон

Монголын ард түмний эрх ашиг руу халдах гэж байгаа бол үүнийг монголчууд зөвшөөрөхгүй.

Сүүлийн өдрүүдийн байдлаас харахад таныг дэмжигч, хэт үндсэрхэг үзэлтнүүд   олон нийтийн сүлжээгээр хувьсгал, бослого тэмцэлд, цус үзэхэд бэлэн хэмээн цөс нь хөөрч, бурууд  уриалан “ура” хашгирч байна.

 Ардчилсан орон хэрнээ ардчиллаа уландаа гишгэж, ард түмнээ цустай хольж байгаа жишээнүүд дэлхийгээр нэг байна. Оготны хамраас цус гаргалгүй ирсэн ардчилалтай гэж дэлхийд гайхуулдаг бус уу, бид.

Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй болсон Х.Баттулгад импичмент үзүүлж, хугацаанаас нь өмнө огцруулах нь зүйтэй гэж үзэхэд хүрч байна.  

Дахин хэлье. Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан  улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш.

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлаа гээд Монгол Улс хохирохгүй. Хэн нэгэн улсаа гэх сэтгэлтэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг, улсынхаа эв нэгдлийг хангагч, шударга ёсыг сахин биелүүлэгч тийм Ерөнхийлөгчийг монголчууд сонгочихож дөнгөнө.

Үеийн үед эх оронч аавын хөвгүүд төрсөөр байдаг. Монгол Улс мандан бадраг. 

М.НАРАНТУЯА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш