logo
“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

2021/05/03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МСНЭ-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уламжлалт “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хараат бус сэтгүүл зүй“ форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Хараат бус хэвлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүнд хэцүү цаг үед мэргэжлийн үүргээсээ няцахгүй ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд баяр талархлаа илэрхийлсэн юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Цар тахлын цаг үе ба сэтгүүл зүй” үндсэн илтгэлийг танилцуулж, цар тахлын дараах сэтгүүл зүйд бий болсон өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх, эрх чөлөөнд учирч буй эрсдэлүүдийн талаар хөндлөө.

Цар тахлын эсрэг хуулиар хэвлэл мэдээллийн салбар УОК болон эрх бүхий байгууллагуудын шуурхай мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй, саадгүй, баттай эх сурвалжаас дамжуулах үүрэг хүлээсний зэрэгцээ сошиал олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээх тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт дор ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллагуудаас авсан мэдээллээр бол сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах зөрчил, гомдол энэ хугацаанд огт бүртгэгдээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох хуулийг мөрдөн цар тахлын үед тасралтгүй ажиллаж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн хямралд орж эхэлсэн. “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байгаа энэ өдрөөр ЮНЕСКО-гоос гаргасан уриалгад хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх алхмууд чухал байгааг дурдаад буй. Мөн сэтгүүл зүй нийтийн сайн сайхны төлөөх үйлс юм гэдгийг ухааран үнэлэх, хамгаалах, шаардахыг уриалсан байна. Энэ дэлхийн бүх улс орнуудад хамаарах, хойшлуулшгүй уриа дуудлага гэж үзэж байгаа юм.  Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар дутагдаж, ижил төстэй мэдээлэлтэй болж байгаа, тэр дунд албаны мэдээ голлох болсон зэрэг асуудлыг З.Боргилмаа илтгэлдээ хөндөн ярилаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар МСНЭ-ээс хийж буй ажил, байр суурийн талаар сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.

Сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цар тахлын үед шийдвэр гаргаж ажиллаж буй эрх бүхий байгуулллагууд иргэдийн дуу хоолойг сонсох замаар төлөвлөлт, менежмент хийх нь чухал болохыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлан ярилаа. Төр ба иргэдийн харилцан нэгнээ сонсох, хүлээн зөвшөөрөх, харилцан итгэлцэх, хамтран ажиллах үйл явцад хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь хэвлэл мэдээлэл байдаг. Төр, иргэн, хэвлэл мэдээлэл гэсэн энэхүү гурван талт харилцааг эрсдэлийн удирдлагын үед хэрхэн яаж нийтийн эрх ашгийн төлөө  оновчтой ажиллуулах вэ гэдгийг хөндсөн юм.

Мөн энэ үеэр МСНЭ-ээс хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Ikon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав, zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Лхагвадорж, ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга сэтгүүлч Д.Чанцалдулам, Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэл, yazguur.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Төгсбаяр нарыг  "ГАН ҮЗЭГТЭН" цол тэмдгээр, АНУ дахь Монгол телевизийн зураглаач-продюсер Д.Анхбаяр, тус телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Бямбасүрэн, зөв.мн сайтын маркетингийн менежер Ш.Анхтуяа нарыг "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнав. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш