logo
АТГ-аас хөрөнгөө нуусан С.Ганбаатарын 29 аж ахуй нэгжийн мөрөөр хуулийнхан оржээ

АТГ-аас хөрөнгөө нуусан С.Ганбаатарын 29 аж ахуй нэгжийн мөрөөр хуулийнхан оржээ

2021/05/14
УИХ-ын С.Ганбаатар АТГ-аас хөрөнгөө нууж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Түүнийг хуулийн байгууллагаас шалгаж болзошгүй байна.

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог. Гэтэл тэрбээр харагдаж буй шигээ энгийн нэгэн эгэл ард биш эгэлгүй баян үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, сүйхээтэй наймаачин, их хэмжээний хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй ноцтой баримтуудын  мөрөөр  эрэн сурвалжилах сэтгүүлчид оржээ. 

УИХ-ын гишүүн байхдаа буюу 2008-2012 онд АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч тийм ойлголт төрүүлдэг. Гэтэл С.Ганбаатар нь эхнэрийнхээ нэр дээр маш олон тооны аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудтай боловч тэдгээрийг хөрөнгө орлогодоо огт тусгадаггүй байсныг дараах баримтууд баталж байна.

С.ГАНБААТАРЫН ХАСХОМ БУЮУ НУУСАН КОМПАНИ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД

Баримт 1.  Улсын бүртгэлийн мэдээллийг хөөн үзвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон эхнэр С.Тунгалагийн нэр дээр нийт 29 аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Гэвч тэрбээр 2019 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гэр бүлийн орлогыг 31,8 сая, 1 орон сууцтай, 3 ширхэг тээврийн хэрэгсэлтэйгээс Ланд-100 маркийн 2 тээврийн хэрэгсэл нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй атлаа хүнийх гэж тайлбар бичсэн бол  “Цэцэн буурьхан” ХХК, “Баршим”  гэх хоёр компанийг эхнэр Б.Тунгалаг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Амьдарч буй орон сууцыг харахад 30 метр квадрат талбайтай 1 өрөө байранд амьдардаг аж.

С.Ганбаатар 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа 4 удаа, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ 1 удаа, гишүүнээр сонгогдсоныхоо дараа 1 нийт 6 удаа хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Үүнийг нь харьцуулан судлахад  эхнэр 3 охины хамт амьдардаг, 2012-2016 онд өөрийн цалингийн орлого 12,5-32,3 сая төгрөг, үйл ажиллагаа, хөрөнгө , бусад гэсэн нэмэлт орлогоор 2,5-10 сая төгрөг олдог гэж  мэдүүлсэн бол 2015 онд эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй байгууллагын хөнгөлөлтөөр авсан гэх тайлбартай 2 орон сууц эзэмшдэг гэж байжээ. Мөн  RAV-4 маркийн 1 тээврийн хэрэгсэлтэй, 3,5 сая төгрөгийн өвлөж авсан нэг ширхэг хөөрөгтэй, үхэр , хонь, адуу нийлсэн 80-89 толгой малтай, 2013 онд Хас банкнаас 41,7 сая төгрөгийг 15 жилээр авсан, 2014 онд Ариг банкнаас 60 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай авсан гэж мэдүүлж байжээ.

Гэтэл үүнийг нь Улсын бүртгэл болон бусад эх сурвалжуудаас тодруулж эрэн сурвалжилвал С.Ганбаатар болон түүний эхнэр Б.Тунгалаг нарын нэр дээр дараах аж ахуй нэгж, ТББ-ууд бүртгэлтэй байгааг дараах баримтаас харж болно.

Дээрх баримтуудаас харахад С.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ гаргасан ХОМ-тээ 8 компани, 9 төрийн бус байгууллагыг огт мэдүүлээгүй байна. Магадгүй уг аж ахуй нэгжүүдийн хөрөнгө, орлогыг нуун далдалсан байж болзошгүй тул холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах биз. 

Мөн компаниудыг хаягийн бүртгэлээр нь хөөн үзэхэд нэлээд хэд нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Юнион бюлдинг” А-304 дүгээр тоотод байрлалтай гэжээ. Гэтэл энэхүү  “Юнион бюлдинг”-ийн газар нь өмнө нь МҮЭХ-ын эзэмшилд байсан. Ганц энэ обьект ч биш Үйлдвэрчний эвлэлийн ажилчдын байр буюу “Үйлдвэрчин” хотхон, “Альфа” зочид буудлуудын газар нь 2012 он хүртэл  МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн эзэмшилд  байсныг хүмүүс мартаагүй. Гэвч энэ газар  С.Ганбаатарыг  МҮЭХ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2012 оны хавар  “МДТОФ” ХХК-ийн мэдэлд шилжсэнийг дараах баримтаар өгүүлье.

С.ГАНБААТАР МҮЭХ-Г НЭР ДЭЭРЭЭ БҮРТГҮҮЛЖ, АВТО БААЗЫН ГАЗРЫГ ЗАРСАН НЬ

Баримт 2. С.Ганбаатар нь 2010.02.01-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.  Одоо тус холбооны Ерөнхийлөгчөөр тухайн үед С.Ганбаатарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хаянхярваагийн Амгаланбаатар ажилладаг.

С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “МДТОФ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулжээ. Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13,5 га талбай бүхий газрыг МДТОФ ХХК-нд шилжүүлсний төлбөр болгон Үйлдвэрчин хорооллын барилгыг шинээр барьж, байгуулах мөн 12 давхар бүхий 1-3 давхартаа үйлдвэрлэл сургалт, үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай орчин үеийн загвар хийц бүхий барилгыг бариулахаар гэрээг байгуулжээ. МДТОФ ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 м.кв хэмжээтэй үйлдвэрлэл үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулжээ. Мөн  “Үйлдвэрчин” гэх нэртэй 2 корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн байна. Харин үлдсэн газарт нь “UNION BUILDING”-г байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГАЗРЫГ ХУВИЙН КОМПАНИД ЗУУЧИЛСАН  Л.ЦОГБАДРАХ ГЭЖ ХЭН БЭ?

МДТОФ ХХК-тай гэрээ байгуулах ажлыг Л.Цогбадрах гэдэг хүн гардан зохион байгуулжээ.  Л.Цогбадрах нь 2007-2014 оны хооронд МҮЭХ Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн бөгөөд  С.Ганбаатартай ойр дотно холбоотой аж. Одоо ч түүний хүү Ц.Ууганбадрах нь  С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай  “Дархан ургах наран зүг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэд энэ компанийг 2010 онд үүсгэн байгуулжээ.

“АЛЬФА” ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН С.ГАНБААТАРТАЙ ЯМАР ХАМААРАЛТАЙ ВЭ?

Үйлдвэрчний эвлэлийн газар дээр баригдсан 12 давхар зочид буудал нь одоо UNION BUILDING-гийн баруун талд байрладаг.  2017.07.03-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зочид буудлын захирлаар нь Нэргүйн Энхманлай ажилладаг. Түүнийг С.Ганбаатарын итгэлт хүн хэмээн ярьдаг. Н.Энхманлай ганц С.Ганбаатартай ч УИХ гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаарлын хүнтэй “ГЭГА” ХХК-г үүсгэн байгуулж хамтран хувьцаа эзэмшдэг юм байна.

Ийм л түүхтэй, баримттай UNION BUILDING барилгын “A” корпусын 304 тоотын 136 м.кв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг түрээсэлж “Адвант трейд” ХХК-ийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Гэвч энэ компани нь эрхэм гишүүн С.Ганбаатарын ХАСХОМ-д байдаггүй. Мөн энэ талбайг түрээсэлдэг гэх атлаа түрээсийн төлбөр төлдөггүй. Энэ нь С.Ганбаатар нар Үйлдвэрчний эвлэлийнхээ эзэмшилд байсан газраар наймаа хийж энэ мэт “түрээс” нэрээр дээрх обьектуудаас тодорхой хэмжээний талбайг хувьдаа завшсан байж болзошгүй юм.

Мөн С.Ганбаатар нь “Альфа” зочид буудлын захирал Н.Энхманлайгаар дамжуулан буудлын орлогоос тодорхой хувийг өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээр дамжуулан татвараас зайлсхийж, мөнгө угааж, хувьдаа завшдаг байхыг ч үгүйсэх аргагүй байна. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг авлига хээл хахуулын замаар хөрөнгөжсөн гэж үзэн хуулийн байгууллагаас шалгахаар болсон гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш