logo
Т.Сайнжаргал: Цуглаан зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа хардлага ор үндэсгүй

Т.Сайнжаргал: Цуглаан зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа хардлага ор үндэсгүй

2011/12/06
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн шадар туслахаар нь ажиллаж байсан Б.Тулгыг сэжигтнээр татан саатуулсан явдал сүүлийн үед нэлээн дуулиан тариад байгаа. Түүнийг баричилсныг эсэргүүцсэн хүмүүс Улсын мөрдөн байцаах газрыг гороолох болж, “Хууль зөрчиж Б.Тулгыг цагдан хорьсон тул сулла”, “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж огцор”, “УМБГ-ын дарга Ө.Энхтөр огцор” гэсэн лоозон барин гүйлдэх болжээ. Тэд ганц дээрх газар биш ХЗДХЯ, АТГ, УЕПГ, Нийслэлийн прокурор, ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангийн үүдэнд жагсаар байгаа. Харин Б.Тулгыг баривчилсан явдалд хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал хэллээ.  Тэрбээр,
--Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна. Б.Тулгыг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хэргийг АТГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг хуулийн дагуу шалгаж байгааг хэлэх байна. Эрүүгийн хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж байгаа.
-Мөрдөн байцаагч Р.Отгонжаргалыг өөрчил гэж жагсагчид шаардаж байгаа?
-Мөрдөн байцаагчийг татгалзах үндэслэлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой заасан байдаг. Хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагчийг өөрчлөх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаагч Р.Отгонжаргал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. 
-Б.Тулгад холбогдох хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд нөлөөлж байгаа гэдэг хардлагыг цуглаан зохион байгуулагчид гаргаж байна?
-Эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа мөрдөн байцаагчид дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар “Мөрдөн байцаагч нь байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхээ аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг хангаж ажилладаг. Тиймээс цуглаан зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа хардлага ор үндэсгүй зүйл гэдгийг хэлмээр байна.
-Улсын мөрдөн байцаах газрын даргыг огцрохыг цуглаан зохион байгуулагчдын зүгээс шаардах болсон. Цуглаан зохион байгуулагчдын шаардаж байгаагаар Ө.Энхтөр даргыг огцруулсанаар асуудал шийдвэрлэгдэх боломжтой юу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Мөрдөн байцаах албаны даргын эрх үүргийг тодорхой заасан байдаг. Мөрдөн байцаах албаны дарга нь мөрдөн байцаалтын ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй. Мөрдөн байцаах албаны даргыг огцруулах тухай цуглаан зохион байгуулагчдын тавьж байгаа шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш