logo
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа

2021/05/28

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцаж, уг дүгнэлтийг цэцийн гишүүн Г.Баясгалан цахимаар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8 дахь хэсэгт “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” гэж заасан.

Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр Үндсэн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш