logo
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжив

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжив

2021/05/28

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон гишүүд санаачлан боловсруулж, энэ сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Нийслэлээс энэ удаагийн Улсын Их Хуралд нийт 23 гишүүн сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр санаа нэгдсэн байна.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр, Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 169 хороотой бөгөөд хүн амын тоо 1 597 290 болж, манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь нийслэл хотод төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа тухай баримт дурдав.

Эдгээр тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа хэдий ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг УИХ-ын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг харгалзан уг тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Харин уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш