logo
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Сү.Батболдод зохиомол хэрэг үүсгэн гүтгэлэг явуулсан нь ил болжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Сү.Батболдод зохиомол хэрэг үүсгэн гүтгэлэг явуулсан нь ил болжээ

2021/06/17

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Сү.Батболдод зохиомол хэрэг үүсгэн гүтгэлэг явуулсан нь ил болжээ

Өнгөрсөн намраас хойш УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр хүндэд халдсан, үнэнд нийцэхгүй, улс төрийн зорилго бүхий гүтгэлэгийг төрийн тэргүүнээсээ эхлээд нэр бүхий улс төрчид, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөл гэх хэсэг бусаг нөхдүүд удаа дараа гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэхийг зорьж, дотоод гадаадын хууль, шүүхийн байгууллагаар далайлган ялд унагахыг оролдож, хөрөнгийг нь дээрэмдэхийг уриалж ирлээ.   

Энэ бүхэнд УИХ-ын гишүүн Сү.Батболд баримт түшиглэн удаа дараа тайлбар хийж, холбогдох хууль шүүхийн байгууллага болон төрийн байгууллагуудын албан ёсны дүгнэлт тайлбарыг гаргуулан олон нийтэд мэдээлсээр байгаа билээ. Америк, Английн шүүхүүдээс Сү.Батболдын холбогдсон гэх хэргүүдийг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийг манай талд ирүүлсээр байх атал хэсэг нөхөд улайм цайм дайрч давшлан, гүтгэн доромжилсоор байгаагийн цаад зорилго нь тодорхой юм.  

Эхэн үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд Сү.Батболдыг нэр дэвшиж болзошгүй гэж айсандаа Х.Баттулга гүтгэлэгийн кампанит ажил эхлүүлчихээд үнэнд гүйцэгдээд ирэхээрээ “Ичсэн хүн хүн ална” гэгчээр “Сү.Батболдыг гүтгэсээр байгаад дуусъя” гэж шийдсэн бололтой.

Энэ гүжир гүтгэлэг тараагч өөрийн гар бологчоор дамжуулан хэрээс хэтэрч, хүний санаанд оромгүй, зохиомол, худал хуурмаг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин тараах боллоо. Үүний нэг жишээ нь, өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ч.Мөнхбаяр, Х.Оюунцэцэг, Б.Хандсүрэн нар “Монгол Ньюс” хэвлэлийн төвд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ УИХ-ын гишүүн Сү.Батболдыг “1 дүгээр сард болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан. Монгол Улсыг үхлийн аюулд оруулахаар цөмийн хаягдлын талбар болгохоор ажилласан, үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчин, олон улсын гэмт хэрэгтэн” гэх зэргээр байж боломгүйгээр гүтгэн доромжилжээ.

Энэ нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд орхигдсондоо шаралхаж, өөрсдийнх нь улс төрийн бохир тоглолт, хууль зөрчсөн үйлдлүүд нь олон түмэнд ил болж, гадны шүүх дээр хүртэл ялагдан үнэн нүүр царай нь ил болоод ирэхээр өнөөх хэдээрээ эрүүл хүний санаанд оромгүйгээр гүтгэлэг доромжлол тараалгаж, гутарсан сэтгэлээ тайтгаруулж байгаа бололтой.  

Үнэн хэзээд хүчтэй. Аливаа худал хуурмаг бүхэн бодит баримт, цаг хугацаанд гүйцэгдэх учиртай. Харин гүтгэгчид үнэнийг сонсохыг огт хүсэхгүй, харин чихээ дараад чанга хашгирч, өөрсдийнхөө гүтгэлэг доромжлолыг сонсохыг бусдаас уриалж байгаа нь харамсалтай. 

Иймд улс төрийн зорилгоор гүтгэлэг явуулан бусдын нэр төрд санаатайгаар халдаж буй бодит бус мэдээллийн үнэн худлын хужрийг тунгаан эргэцүүлж, бодит мэдээллээр хандах хэрэгтэй болжээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш