logo
Юанийн ноёрхлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч эхэллээ

Юанийн ноёрхлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч эхэллээ

2011/12/08
Хятадын валют болох юанийн ноёрхол бодит зүйл болоход ойрхон байгааг дэлхий дахин хүлээн зөв­шөөрч эхэлжээ. Ялангуяа Хятадын гол өрсөлдөгч АНУ-ын өндөр албаныхан энэ тал дээр тун их санаа зовж буйгаа илэрхийлсэн нь анхаарал татаж байна. АНУ-ын Конгрессын анхааруулснаар Хятадын юань долларын ноёрхолд ноцтой аюул учруулж, олон улсын нөөцийн валют болж болзошгүй гэнэ. Хамгийн сонирхолтой нь АНУ-ын холбогдох албаныхнаас юанийн нөлөө болон түний ноёрхлын талаар ямар нэг мэдэгдэл хийж байгаагүй. Тиймээс АНУ-ын Конгрессын дээрх анхааруулга юанийн нөлөө хэт өндөр түвшинд гарсныг илтгэж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Нөгөө талаар энэ нь юаниа олон улсын нөөцийн валют болгох зорилготой хятадуудын ажил үр дүн сайтай байгааг илтгэв.
Гол нь Хятадын эдийн засгийн өсөлт бусад тэргүүлэгч гүрнүүд, тэр тусмаа АНУ, Япон болон Европын орнуудаас харьцангуй өндөр байна. Үүнтэй холбоотойгоор дэл­хийн өнцөг булан бүрт хийх хятадуудын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ нь гүйл­гээгээ юаниар голчлон хийх замаар валютынхаа ноёрх­лыг тогтоох боломжийг хята­дуу­дад олгож байгаа юм.
Үүн дээр нэмэгдээд Хятадын эрх баригчид эдийн засаг нь хүнд байдалд ороод байгаа Европын орнуудын бондыг худалдан авч буй нь тухайн улсад байр сууриа бэхжүүлэх боломжийг олгож байна.
Энэ мэтээр хятадууд дэлхийн олон улс оронд хөрөнгө оруулалт хийх замаар юанийнхаа нөлөөг бэхжүүлж байгаа аж.
АНУ-ын Конгрессын цааш мэдэгдсэнээр Хятадын валют ирэх 5-10 жилд нөөцийн валют болохын төлөө америк доллартай ширүүн өрсөлдөх төлөвтэй гэнэ. Гэхдээ энэхүү өрсөл­дөөн хэрхэн төгсөх нь төдийлөн тодорхой бус байгааг тэд онцолжээ.
Дашрамд дурдахад одоогоор доллар ноёрхсон санхүүгийн зах зээл дэлхий дахинд голчилж байна. Энэ нь байр сууриа хадгалах том давуу талыг долларт олгож, юанийн хүчийг сааруулж буйг эдийн засагчид онцлов.
Нэг зүйлийг онцлоход сүүлийн үед Европын эдийн засаг муудаж, хөрөнгө оруулагчдын еврод итгэх итгэл буурч байгаа. Энэ нь юанийн байр суурь тэлэхэд онцгой үүрэгтэй гэж байна гэж шинжээчид үзжээ. Лондон хотын валютын шин­жээч Роберто Эддис “Эдийн засаг хэт таагүй байгаатай холбоотойгоор еврогийн хувь заяа бүрхэг болж байгаа нь үнэн. Хамгийн гол нь үүнээс хятадууд ашиг хүртэж, АНУ, Европынхон хохирол амсаж байна. АНУ-ын эдийн засаг ойрын хугацаанд дээрдэхгүй бол юанийн ноёрхол хүчээ авах нь гарцаагүй” гэв.
Эцэст нь хэлэхэд юанийн ноёрхол хүчээ авч байгаа нь Хятадын эдийн засаг хүрээгээ тэлж, хүчирхэгжиж буйн нотолгоо юм. Гэхдээ дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын эрх баригчид энэ бүхнийг хараад зүгээр суугаагүй. Тухайлбал тэд Хятадаас бусад Азийн оронтой эдийн засаг, худалдааны салбарын түнш­лэлээ сайжруулан, дол­ларын байр суурийг бат бөх хэвээр хадгалах тал дээр анхаарч байна.
"Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш