logo
Ходоодны архаг үрэвсэлтэй бол....

Ходоодны архаг үрэвсэлтэй бол....

2011/12/08
Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Дотрын хоёрдугаар тасгийн сувилагч С.Отгонзаяа, Г.Сарантуяа, П.Лхагвасүрэн, Х.Өлзийсайхан, Г.Энхжаргал нар зөвлөж байна.
Ходоодны салст бүрхэвч гэмтэн, эсийн нөхөн төлжилтийн алдагдал, булчирхайн эсүүдийн хатингаршил үүсч, ходоодны шүүрэл ялгарал болон хөдөлгөөний үйл ажиллага а алдагддаг аажим явцтай эмгэгийг ходоодны архаг үрэвсэл гэнэ. Ходоодны эмгэгийн 85 хувь нь ходоодны архаг үрэвсэл байдаг. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй мөртөө ердөө л 10-15 хувь нь л эмчид үзүүлж зөвлөгөө авдаг байна.
Ходоодны архаг үрэвсэл үүсгэх гурван шалтгааныг байдаг.
1.Нянгийн гаралтай хелико¬бактери
2.Нянгийн бус гаралтай (эм, цөсний хүчил, химийн бодис)
3.Шалтгаан тодорхойгүй
Хеликобактер нь
•Аяга халбага, сав
•Шүлс, шүдний өнгөр, шүдний сойз
•Ариун цэврийн хэрэгсэл
•Бохир гар, хаалганы бариул
•Бохирлогдсон хүнсээр халдвар­ладаг.
Ходоодны үрэвсэл Архи, Тамхи, Хүнсний харшил, Буруу хооллолтоос хамаарч хүндэрдэг.
Архи нь хүний ходоодны дотор талын салст бүрхүүлийн хучигч эпителийн эсүүдийг гэмтээж, тэнд байдаг олон мэдрэлийн эсүүдийн төгсгөлүүдийг хордуулан цочроож шүүсийг үе үе ихээр ялгаруулан гаргасаар сүүлдээ ходоодны шүүсийн ялгаран гарах ажиллагааг багасгах буюу үгүй болгож ходоодны архаг үрэвслийг үүсгэдэг.
Тамхины никотин шүлсний хамт залгигдан ходоодонд орж ходоодны салст бүрхүүлийг цочроох, цусанд шимэгдэж орсон хэсэг нь вегетатив мэдрэлийн системд үйлчилж ходоодны шүүрэл ялгаралтыг ихэсгэснээр ходоодны архаг үрэвслийг үүсгэнэ. Ходоодны архаг үрэвсэл хэвлийн дээд хэсгээр өвдөх, өвдөлт нь хоол идэхтэй холбоотой ихсэнэ. Хоолны шингээлт муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг.
Ходоодны архаг үрэвслийг улаан хоолой, ходоод, дээд гэдэс дурандуулах (эмчийн зөвлөгөө, заалтаар), хеликобактерийн халдварыг илрүүлэх (дурангийн шинжилгээ+уреаза сорил, цусны шинжилгээ, амьсгалын сорил) оношлодог.
Ходоодны бүх хэлбэрийн архаг үрэвслийг эмчлэх үндсэн арга бол хоол ундны дэглэмийг нарийн сахих юм. Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, унтахаас 4-5 цагийн өмнө хооллох, боломжтой бол гэрийн нөхцөлд шинэ боловсруулсан хоол хэрэглэх, эрүүл ахуйн дэглэмийг сахих, хоол хүнсийг аюулгүй бэлдэх 5 түлхүүр зарчмыг баримтлах чухал.
Ходоодыг цочроодоггүй хөнгөн хоол бага багаар олон удаа идэх. Хоолыг өлсөж байгаад хэт ихээр идэх биш харин бага багаар 4-5 цагийн зайтай буюу хоногт 5-6 удаа хоолловол хамгийн тохиромжтой. Хэт халуун, хэт хүйтэн, аргуун хатуу хоол, шарсан хуурсан, лаазалсан, даршилсан хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодогийг санах хэрэгтэй. Хеликобактерийг эмчийн заалтаар 3-4 эмийг хавсруулан хэрэглэж төгс эмчилдэг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш