logo
Баяны чинхүү хүслээ гэж...

Баяны чинхүү хүслээ гэж...

2011/12/09
Нийгмийн нийт баялгийн  99 хувийг хүн амийнх нь 1 хувь эзэмшиж, харин хүн амийн 99 хувь нийгмийн баялагийн 1 хувь дээр амь зуудаг. Хамгийн сонирхолтой нь, ядуусын армиас баяны армид шилжих магадлал 7 саяны нэг гэдэг. Тодруулан хэлбэл, 7 сая ядуугаас зөвхөн нэг нь л баян болж баячуудын армид орно гэсэн үг л дээ.  Иймд баян нь баяжсаар л, ядуу нь ядарсаар л.  Энэ бол хүний нийгмийн гашуун ч,  бас үнэн нь юм.  Ядууд гашуун энэ үнэнд баяны хүсэл бас үл ханана.
Ядуугийн амьдрах хэрэгцээ, хүсэл, тэмүүлэл баяныг улам баяжуулахын эх үндэс, бодит нөхцөл болдог. Үнэндээ, ядуу үгүй бол баян үгүй. Ийм учраас баячуудын хувьд зөвхөн үйлдвэрийн хэрэгслэлийг эзэмшигч төдий баян байх нь хангалттай бус, харин ядуусийг мөнхөд ядуу байлгах бодлого, шийдвэр, эрх мэдлийн мөнхийн эзэн байх нь тэдний чинхүү хүсэл болдог. Баяны энэхүү чинхүү хүслээс чухамдаа засаглалын нэгэн хэлбэр болох плитокраси (Plutocracy) буюу мөнгөчилөл төрнө.
Мөнгөчлөл (плитокраси)-ийн мөн чанар нь, энгийнээр хэлбэл, “эрх мэдэл ч мөнгө; мөнгө ч эрх мэдэл” гэж үзэж, бүхэл эрх мэдлийг мөнгө, хөрөнгөөр олж эзэмших, ингэснээр нийгмийн хөрөнгөлөг анги, бүлэг засгийн эрхийг мөнгөөр авах, барих явдал юм. Мөнгөчилөл бодит биелэлээ олох түгээмэл  нэгэн арга, хэлбэр нь эрх мэдэлтэн, хөрөнгөтөн хоёр нэгдэх явдал. Ингэж баячуудын чинхүү хүслийг хангахаар эрх мэдэл, мөнгө хоёр нэгдэхийг чухамдаа олигархи гэдэг. Мөнгөчлөл (плитокраси) ба олигархи  нэг зоосны хоёр тал лугаа адил ижилсэн, зэрэгцсэн оршихын учир чухамдаа энэ бөлгөө.
Аливаа төр, засаг олигархи буюу плитократик (мөнгөчилсөн)  эсэхийг таньж мэдэх маш энгийн арга бий. Энэ бол төр засгаас гарч буй бодлого, шийдвэр  “Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулах”-д чиглэж үү гэдгийг л үл хууртах ухаан буюу  “угаалгаагүй” тархиар задлан шинжлэх явдал аж. Төр, засгаас гарч буй бодлого, шийдвэрт ингэж задлан шинжлэл хийснээр тухайн төр, засаг пликократик, олигархи эсэхийг тогтоож болохын хамт ер нь тухайн засаг  хүүхэд, оюутан, эмч, багш, хөгшид өтгөс, бизнес эрхлэгч, цэрэг зэрэг нийгмийн аль давхарга, бүлгийн эрх ашиг, сонирхолыг илүү хамгаалаад байгааг нь, өөрөөр хэлбэл, “Хэний” засаг болохыг мэдчихдэг болдог.Ийм задлан шинжлэлийн нэгэн жишээ болгож монголын төр засгаас  зон олонд хувьцаа олгох талаар гаргасан саяхны нэгэн түүхэн шийдвэрийг доор шинжин үзье.
Монголын төр засгаас саяхан “Таван толгойн хувьцаанаас нэрлэсэн үнээрээ нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувийг  иргэдэд өгөх”-өөр шийдвэрлэв.  Энэ хувьцаа “цаас” биш, харин хөрөнгийн зах зээл дээр амь орсны дараа  ( IPO–хийсний дараа гэж ярьдаг)  ихэд үнэ орж мэдэх тул тэр хүртэл хүлээвэл ашигтай аж. Харин ингэж хүлээх санхүүгийн чадваргүй ядуус нь түүнийгээ засгийн газарт өгч, оронд нь 1 сая төгрөг бэлнээр авч болно. Ингэж цугларсан хувьцааг Засгийн газар үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр зарах ажээ.
Ийм бодлого гарч буй энэ цаг дор сар бүр төр засгаас өгч буй 21 мянган төгрөгөө  хүлээж ядан, гадаа чичрэн зогсох ядуу ардын нөхцлийг энд нэг эргэн саная. Эдгээр ядуу ардын осгочихгүй байхын төлөөх оршихуйн өнөөгийн амин тэмцлийг бодиттой нэг ажиглавал тэд “Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” гэсэн ухаанаар биш, харин “Амьд явахад арга нь олдоно” гэдэг хясалд хөтлөгдсөн тарчигхан бодол,  “Ер нь маргааш бид байгаа ч билүү” гэсэн итгэл үгүй байдлаар энэ хувьцаанд хандах магадлал өндөр байгаа нь мэдэгдэнэ. Ингэж хандаж болохыг нь ч төр засаг эл шийдвэрээрээ урьдчилан сайн зохицуулж өгчээ.  Энэ л зохицуулалтаар, ядуус  “Олгосон хувьцааг  нь засгийн газарт нь бушуухан л буцаан өгөөд 1 сая төгрөгөөр авах”  нь  тэдний хувьд амь зуух,  онд ороход нь илүү амин чухал, прагматик хэрэг болох биз. Ингэж л ядуусаас цугларсан хувьцаа Засгийн газраар зохицуулагдаж үндэсний нэгж ахуйн нэгж, тодруулан хэлбэл, нийт хүн амын нэг хувь болох баян чинээлэг  2700 орчим хүнд нэрлэсэн үнээр зарагдах юм. Ингэхийг ч бас энэ шийдвэрээр урьдчилан сайн зохицуулж өгчээ.  Ядуугийн хяслан баяныг улам баяжуулдагын нэгэн тод жишээ энэ буй зээ.
Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулна. Энэ бол аливаа мөнгөчилсөн (плитократик) засаглалд байдаг нийтлэг шинж, магадгүй, түүний суурь зарчим юм. Сар бүрд өгөх 21 мянган төгрөгний төлөө гадаа чичрэн зогсох ядуусад  хувьцаа олговол  тэд  хурданхан буцааж өгөөд 1 сая төгрөг авах нь мэдээж.  Уух цай, идэх хоолгүй хүйтэн гэрт босож, сургуульдаа даарч, ядарч ирэх багачууд “үдийн цайн”-д өгсөн бүхний эргэлзээгүй идэх нь мэдээж. Сөхөрч унатлаа насаараа ажилласан атлаа хураасан өмчгүй тэтгэвэрт гарч, нийгмийн харилцааны гадна талд хоцорсон өтгөс, хөгшид  “Тэтгэврийг нь нэг төгрөгөөр нэмэхээр шийдснийг сонсоод уулаг алдан баярлаж, тэр засгаа магтан дуулах” нь бас мэдээж. Ардчилал чинхүү хөгжсөн улс оронд  жагсаал, цуглаан хийх, хэрүүл амь өдөөх магадлал өндөр гэгддэг оюутан залуусыг мөнгөчилсөн засаглалын үед нийтийн тээврээр үнэгүй зорчих, нийтэд нь тэтгэлэг-бэлэг өгөх зэргээр сургуулийн сурагчаас  илүүтэйгээр халамжлах нь мөн л мэдээж. Түмэнд заяасан төрмөл баялагаа ашиглах гээд өөрийн улсаа гадаадын өрөнд унагачихдаг зэрэг сонсоход сонин содон; гаж  хачин гэрээ, шийдвэр ийм цагт гарах нь гайхахын хэрэггүй мэдээж. “Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулдаг” мөнгөчилөл (плитократик)-ийн үед иймэрхүү  мэдээжийн сонин содон, гаж хачин бодлого, шийдвэр нийгмээр дүүрдэг нь бас л мэдээж аж.
Ядуу үгүй бол баян үгүй. Иймд ядууг ядуу л байлгаж гэмээн баян орших нээ. Баяны чинхүү хүслээ гэж...

Ц.Лувсандорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш