logo
Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа

Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа

2021/07/20
Азийн Парламентын Ассамблейгаас зохион байгуулдаг ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 14-ний өдөр  цахимаар болж, энэ удаа тус Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа.

Цахим хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын парламентын гишүүн, тус байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам даргалж, гишүүн орнуудаас 20 улсын парламентын 60 гаруй төлөөлөгч оролцов.

Уг хуралд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцлоо. Цахим хурлын нээлтэд байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам, Азийн Парламентын Ассамблей (АПА)-г даргалагч орон болох Бүгд Найрамдах Турк Улсын парламентын гишүүн Асуман Эрдоган болон АПА-н Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Реза Мажиди нар тус тус үг хэлж, илтгэл тавив. 

Хуралдааны эхэнд Ази дахь эмэгтэй парламентчдын нөхцөл байдал, статусын талаар оролцогчид илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв. АПА-н өмнөх тогтоолоор Нийгэм, соёлын байнгын хорооны харьяанд Эмэгтэй парламентчдын тусгай хороо байгуулах шийдвэр гаргасан юм.



Хурлаар Ази дахь соёлын олон янз байдлыг дэмжих, соёлын өвийг хамгаалах, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан Азийн интеграцчиллыг урагшлуулах, эрүүл мэндийн тэгш байдлыг хангах, соёлын эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх эрхзүйн орчин, хамтын ажиллагааг сайжруулах, мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг тэмцэхэд үр дүнтэй хамтран ажиллах, хүний хөгжил, тэр дундаа хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, насжилт зэрэг байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд тогтоолын төслүүд хэлэлцэж, парламентуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог хангах асуудлыг хөндлөө.

Дашрамд тэмдэглэхэд, 2006 онд үүсгэн байгуулагдсан АПА нь 44 гишүүн, 14 ажиглагч орныг эгнээндээ нэгтгэсэн. Азийн орнууд хоорондоо нягт холбоо тогтоон олон салбарт хамтын ажиллагаа явуулах, бүс нутагт энх тайван, аюулгүй байдал тогтоох, Азийн орнуудын статусыг олон улсын талбарт тогтворжуулах, ардчиллыг дэмжих, дэлхийд болж буй үйл явцад Азийн парламентуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Азийн эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлж, худалдааг хөгжүүлэх, ядуурал, авлига, хүний эрхийн зөрчил, хүний наймаа, терроризмын эсрэг тэмцэх зэрэг чиглэлээр Азийн улс орнуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АПА нь чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар юм. АПА-н хурал чуулганд Монгол Улсын Их Хурлаас төлөөлөгчид идэвхтэй оролцсоор ирсэн. 

Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан тус Ассамблейн Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монголын парламентыг төлөөлж, оролцсон гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш