logo
Японы компани цацраг идэвхит бодис илэрсэн сүүг худалдаанаас татан авлаа

Японы компани цацраг идэвхит бодис илэрсэн сүүг худалдаанаас татан авлаа

2011/12/10
Японы сүү үйлдвэрлэгчид цацраг идэвхит бодис илэрсэн гэдэг шалтгаанаар 400 мянган лааз хүүхдийн сүүг худалдаанаас эргүүлэн татаж байна. Сүү үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг болох Мейжи Холдингсын удирдлагууд сүүн бүтээгдэхүүнээс цацраг идэвхит цези илэрсэн гэж мэдээлжээ. Бүтээгдэхүүнээс илэрсэн цезигийн хэмжээ засгийн газрын тогтоосон хязгаарыг даваагүй ч энэ компани сайн дурын үндсэн дээр бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлсэн байна. Бүтээгдэхүүнээ зөвхөн Японд борлуулдаг Межи Холдингс компани ийм арга хэмжээ авч байгаад эцэг эхчүүд баяртай байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас Японд цөмийн хямрал нүүрлэсэн. Үүний дараа хүнсний аюулгүй байдлын асуудал энэ улсын ард иргэдийн санааг зовоосон томоохон асуудал болсон юм.
Фукушима Дайчи атомын цахилгаан станцаас алдагдсан цацраг идэвхит бодис Японы хойд болон зүүн хэсгийн газар нутгийн томоохон хэсэгт тархжээ. Мейжи компанийхан ямар учраас хуурай сүүнээс цези илэрснийг мэдэхгүй байна. Гэхдээ тэд үүний шалтгаан нь Фукушимагийн осолтой холбоотой гэж таамаглаж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш